"Он гарсаар 33 хүн галд өртөж нас барсны 6 нь хүүхэд"

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

"Он гарсаар 33 хүн галд өртөж нас барсны 6 нь хүүхэд"

"Он гарсаар 33 хүн галд өртөж нас барсны 6 нь хүүхэд"

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж амь насаа алдсан харуусалт хэрэг ердөө тавхан хоногийн өмнө гарав. Үүнээс хэд хоногийн дараа мөн л тус дүүрэгт 17-20 насны гурван хүн гал түймэрт зуурдаар амь насаа алдлаа. Энэ мэтчилэн галлагааны улиралд сэрэмж алдах төдийд гал алдсан ахуйн дуудлага эрс нэмэгджээ. Ахуйн гал түймрийн ослын шалтгаан нөхцлийн талаар НОБГ-ын  Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайханаас тодрууллаа.


-Хүйтний улиралд гал алдсаны улмаас гэр хорооллын айл өрхүүд эд хөрөнгө, эрүүл мэнд улмаар амь насаараа хохирсон тохиолдол цөөнгүй. Он гарснаас хойш хэчнээн хүн гал түймэрт амь насаа алдаад байна?

-Гал түймрийн дуудлага улирлаас шалтгаалан харилцан адилгүй. Хавар, намрын улиралд ой хээрийн түймэр голлодог бол хүйтний улиралд ахуйн гал түймэр голлодог. Нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэгдэж буй гал түймрийн дуудлагын 80 гаруй хувийг галын дуудлага эзэлж байна. Он гарснаас хойш 1800 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 1700 нь гал түймрийн дуудлага. Нийт таван удаагийн ой хээрийн түймрээс бусад нь объектод гал алдсан. Аравдугаар сар гарснаас хойш ахуйн гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна.

Гэхдээ энэ жил галын дуудлага өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан ч харамсалтай нь гал түймэрт өртөж амь насаа алдсан хүний тоо нэмэгдсэн. Он гарснаас хойш 33 хүн гал түймэрт  өртөж нас барсны зургаа нь хүүхэд.

Хамгийн сүүлд гэхэд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын дөрвөн хүүхэд галд өртөж амь насаа алдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарлаа. Мөн гурван хүн гал түймэрт өртөж нас барсан. Товчхондоо, долоо хүрэхгүй хоногийн хугацаанд долоон хүн гал түймэрт өртөж амь насаа алдлаа. Ийм харамсалтай хэргүүд ойрхон гарсан нь иргэд сургамж авахгүй, анхаарал болгоомжгүй хайхрамжгүй байна.

-Гал түймэрт нэг айлын дөрвөн хүүхэд, 17-20 насны гурван иргэн амь насаа алдсан. Гал алдах нийтлэг шалтгаан нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Хүйтний улиралд ахуйн гал түймрийн дуудлага голлодог. Галлагааны улиралд ахуйн гал түймрийн дуудлага нэмэгддэг нь ил гал, цахилгааны аюулгүй байдалтай шууд холбоотой. Гэр хорооллын айл өрхүүд пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүй, ил гал /чүдэнз, тамхи, лаа, үнс нурам, цог/-аас болдог. Мөн цахилгаан холболтын аюулгүй байдал алдагдсан зэрэг нь гал алдах голлох шалтгаан болж байна. Энэ бүхний цаана хүний буруутай үйлдэл, санамсар болгоомжгүй зан шууд холбоотой.

Саяхан хоёр ч удаа ноцтой гал түймэр гарч нэг айлын дөрвөн хүүхэд амь насаа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Хэргийн газарт урьдчилсан үзлэгээр бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон төдийгүй цоожтой байсан гэх мэдээлэл байна. Гал гарах үед гарах гарцыг нь хааснаас болж хүүхдүүд амьд гарч чадаагүй. Ер нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос үүдэн гал алдах нь хамгийн ноцтой шалтгаан.

Ялангуяа гэрт нь цоожтой үлдээх нь гал алдсан үед  амьд гарах бүх боломжийг нь хааж, амь насаа алдахад хүргэж байна. Онцгой байдлын алба хаагчид секундээр хэмжигдэж буй хүний амь насыг авран хамгаалахаар цаг нар, нойр хоолгүй ар гэрээ умартан ажилладагийг энд тодотгоё. Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын алба хаагчид нийт 1700 хүний амь насыг аварч, 78.9 тэрбумын өмч хөрөнгө авран хамгаалсан.

-Нийслэлээс иргэдийг угаарын хийд хордох, гал алдахаас сэрэмжлүүлсээр байтал галын дуудлага нэмэгдэж байгаа нь урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй байна уу. Галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлд Нийслэлийн онцгой байдлын газраас хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бид хангалттай сурталчилж бас мэдээлж байна. "Тавантолгой түлш" компани гэхэд л гэр хорооллын айл өрхүүдээр “Яндангаа хөөлье” аяны хүрээнд яндан зуухны аюулгүй байдлыг нь шалгаж, янданг нь хөөлж өгч байна. Иргэдэд “цахилгааны аюулгүй байдлаа ханга, шаардлага хангахгүй цахилгааны утас аюултай, ил гал бүү гарга, хүүхдээ гэрт нь битгий цоожло, анхаарал болгоомжтой бай” гэж сэрэмжлүүлсээр байхад иргэд гал алдаж эд хөрөнгө, эрүүл мэнд амь насаараа хохирч байгаа нь санамсар болгоомжгүй бас хэнэггүй зантай холбоотой.

Галлагааны улирал эхэлсэн тул нийслэлийн онцгой байдлын алба хаагчид гэр хорооллын айл өрхүүдэд хяналт тавьж, галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, аюулгүй байдлыг нь хангуулах ажлыг эхлүүлнэ.

Эхний ээлжид нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийг сонгосон. Ирэх Даваа гаригаас тус дүүрэгт гэр хорооллын 80 мянга орчим өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх ажлыг эхлүүлнэ.

-Хуурамч, дуудлага мэдээлэл хэр их бүртгэгддэг вэ. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ, хуулийн хариуцлага тооцдог вэ?

-Сүүлийн үед худал дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Албаны мэдээлэл авдаг хариуцлагатай утсаар гал түймэр гарлаа гэх, худал хаяг өгөх тохиолдол цөөнгүй гарч байна. Үүний хор уршиг нь хүний амь насыг аварч, эд хөрөнгө авран хамгаалж чадахгүйд хүрнэ гэсэн үг. Худал дуудлагын гороор нэг хүн аврагдах ёстой байтал тусламж авч чадалгүй амь насаа алдахыг үгүйсгэхгүй. Нэн ялангуяа эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар хүүхдүүдэд албаны утсаар худал мэдээлэл өгч болохгүй гэдгийг маш сайн ойлгуулах хэрэгтэй. Хэрэв хуурамч дуудлага өгч, албаныхны ажлыг цалгардуулсан тохиолдолд эцэг эхэд нь хариуцлага тооцно.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж