2021 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-ын байнгын хороод хийсэн. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор 2021 оны төсвийн төслийг тэвчиж болох зардлуудаа танаж, эдийн засгаа тэлсэн, орлого нэмэгдүүлсэн, зардлаа бууруулсан, төсвийн сахилга байттай байх ёстой гэж эдийн засагчид үзэж буй. Учир нь дэлхий нийтээрээ цар тахлаас үүдэж, эдийн засгийн хүнд нөхцөлтэй байгаа учраас бид ч гэсэн төсвийн сахилга баттай байж, орлого нэмэгдүүлж, эдийн засгаа өсгөх бодлого баримтлах ёстой юм.
Ирэх жилийн төсөвт аль аймаг хамгийн өндөр төсөвтэй, аль аймаг хамгийн бага төсөвтэй, хөрөнгө оруулалтуудыг хэрхэн тусгасан талаар мэдээлэл хүргэж байна.
ХЭНТИЙ, ДУНДГОВЬ АЙМГУУД ХАМГИЙН ӨНДӨР ТӨСӨВТЭЙ
Өнгөрсөн онд Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарыг Хэнтий аймагт өндөр төсөв суулгасан хэмээн шүүмжилж байсан. Тэгвэл энэ удаад ч мөн Хэнтий аймагт хамгийн их хөрөнгө оруулалтуудыг суулгажээ. Тухайлбал, Хэнтий аймаг 60,2 тэрбум төгрөгийн төсөв тусгуулснаас 38 шинэ ажлыг/ хөрөнгө оруулалт/ 29,5 тэрбум төгрөг хийж хэрэгжүүлэхээр ирэх оны төсөвт тусгажээ.
Өөрөөр хэлбэл, бусад аймгуудаас зургаа дахин их төсөв тусгуулсан байгаа нь мөн л шүүмжлэл дагуулж байна. Эдгээр ажлуудаас дурдвал иргэдэд үйлчлэх төв дөрвөн суманд, олон суманд соёлын төв, гурван суманд тус бүр хоёр тэрбумын соёлын төв. Нэг соёлын төвийн засвар 600 сая төгрөг. Гэтэл бусад аймгийн соёлын төвийн засвар дээр дунджаар 200 сая төгрөг тусгасан байгаа юм.
Хамгийн өндөр хөрөнгө оруулалттай аймгаар Дундговь аймаг удаалж байна. Тус аймагт ирэх жил 57.3 тэрбум үүнээс энэ жил 40.80 тэрбумыг нь 2021 ондоо багтааж авна. Хөрөнгө оруулалтын ажилд дулааны станц, хоёр сургууль байгуулахаар төсөвлөж, 2021 ондоо төсвөө бүтэн авахаар тусгажээ.
Гэтэл бусад аймгуудын төсөв дунджаар 4-5 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын тоо дунджаар 10 орчим байгаа юм. Мөн хамгийн бага төсвийг Өмнөговь, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгуудад тавьжээ.
Тайлбар: Шинээр хийгдэх бүтээн байгуулалтын төсвийг аймаг, дүүргээр хамгийн ихээс нь бага руу жагсаав
№ | Аймаг, дүүрэг | Шинээр хийх бүтээн байгуулалтууд | Дүн | 2021 онд санхүүжих дүн |
1 | Хэнтий аймаг | 38 | 60,2 тэрбум | 29.5 тэрбум |
Дундговь аймаг | 15 | 57.5 тэрбум | 40 тэрбум | |
Баянзүрх дүүрэг | 26 | 53.5 тэрбум | 13 тэрбум | |
Чингэлтэй дүүрэг | 13 | 30.6 тэрбум | 16.4 тэрбум | |
Архангай аймаг | 18 | 28.3 тэрбум | 6 тэрбум | |
СХДүүрэг | 11 | 27.8 тэрбум | 8 тэрбум | |
Сүхбаатар дүүрэг | 15 | 26,5 тэрбум | 9,6 тэрбум | |
Хөвсгөл | 29 | 24,2 тэрбум | 6,7 тэрбум | |
Хан-Уул дүүрэг | 15 | 23,2 тэрбум | 6,5 тэрбум | |
Баянхонгор | 4 | 23 тэрбум | 8 тэрбум | |
Ховд аймаг | 11 | 22,3 тэрбум | 6,3 тэрбум | |
Дархан-Уул аймаг | 8 | 22,2 тэрбум | 4,8 тэрбум | |
Увс аймаг | 24 | 21,8 тэрбум | 6 тэрбум | |
Төв аймаг | 12 | 21,3 тэрбум | 6,2 тэрбум | |
Өвөрхангай аймаг | 20 | 19,7 тэрбум | 6 тэрбум | |
Орхон аймаг | 7 | 19,3 тэрбум | 5,4 тэрбум | |
Дорнод аймаг | 3 | 18 тэрбум | 4 тэрбум | |
Дорноговь аймаг | 3 | 16,8 тэрбум | 4 тэрбум | |
Баян-Өлгий аймаг | 18 | 14,9 тэрбум | 6 тэрбум | |
Сүхбаатар аймаг | 6 | 13,6 тэрбум | 5 тэрбум | |
Баянгол дүүрэг | 14 | 13,5 тэрбум | 6 тэрбум | |
Завхан аймаг | 7 | 11,9 тэрбум | 4 тэрбум | |
Говь-Алтай | 10 | 10,4 тэрбум | 4,1 тэрбум | |
Булган | 9 | 9,4 тэрбум | 4 тэрбум | |
Өмнөговь | 10 | 9,2 тэрбум | 4 тэрбум | |
Сэлэнгэ | 4 | 8,8 тэрбум | 4 тэрбум | |
Говьсүмбэр | 2 | 3,1 тэрбум | 1,6 тэрбум | |
Багануур | 10 | 1,6 тэрбум | 1,6 тэрбум | |
Налайх | 2 | 1,6 тэрбум | 1,6 тэрбум |
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ