Роналдогоо үгүйлсэн Месси даруухан тоглов

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

Роналдогоо үгүйлсэн Месси даруухан тоглов

Роналдогоо үгүйлсэн Месси даруухан тоглов

Европын хөлбөмбөгийн холбооноос жил бүр тивийнхээ клубуудын дунд зохион байгуулдаг УЕФА Аваргуудын лигийн энэ улирлын хэсгийн шатны хоёр дахь тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр/2020.10.28/ явагдлаа.


  • Краснодар 0 – 4 Челси

Шинэ коронавирусийн халдварт өвчний дэгдэлтээс сэргийлж Европын улс орнууд цэнгэлдэхэд үзэгчид оруулахгүй байгаа бол Орост тийм зүйл болсонгүй. Краснодар цэнгэлдэхэд 10 мянган үзэгч чуулж багуудаа дэмжив. Английн Челси ч анх удаа дээд түвшинд тоглож буй Краснодарт буйр зааж талбайд нь хожлоо. Англичуудаас Каллум Хадсон-Одои, Тимо Вернер, Хаким Зиеш, Кристиан Пулисич гэсэн залуу гол тоглогчид нь гоол оруулжээ.

  • Истанбул Башакшехир 0 – 2 Пари Сен Жермен

Туркийн баян баг, Францын баян багийг талбайдаа хүлээн авч тоглолоо. Тоглолт харьцангуй нээлттэй довтолгоотой, хоёр тэнцүү өрсөлдсөн. Пари Сен Жермен багийн залуу авьяастан Мойзе Кин хоёр гоол оруулж, багаа ялалтад хөтлөв.

  • Ференцварош 2 – 2 Динамо Киев

Унгарт Динамо Киев зочлон тоглож, эвийн гэрээгээр тоглолт өндөрлөжээ. Украины баг тоглолтын эхний хоёр гоолыг оруулсан боловч хоёрдугаар үед Ференцварош хариуг нь барьж хоёр гоол оруулсан аж.

  • Ювентус 0 – 2 Барселона

Кристиано Роналдо коронавирусийн халдвар авсан тул Лионель Мессигийн эсрэг тоглож чадаагүй. Тоглолтын эхний гоолыг Усман Дембеле оруулж Каталоны нэр төр Италид тэргүүлж эхлэв. Энэхүү тоглолтонд нэгэн сонирхолтой зүйл болсон нь Ювентус багийн Испани довтлогч Алваро Мората гурван гоол оруулсан хэдий ч VAR буюу Видео туслах шүүгчийн тусламжтай түүний оруулсан гоолуудыг тооцоогүй юм. Ийнхүү гурван гоолоо хүчингүйд тооцуулсан Андре Пирлогийн Ювентус баг Барселонаг барсангүй. Тоглолтын эцсийн гоолыг Лионель Месси торгуулийн цохилтоос оруулжээ.

  • Брюгге 1 – 1 Лацио

Европт довтолгоогоороо гайхагддаг Лацио Бельгид зочлон тоглож тэнцлээ. Талбайн зочдоос Жоаквин Корреа эхний гоолыг оруулсан бол 42 дэх минутанд талбайн эздийн Бельги хагас хамгаалагч Ханс Ванакен торгуулийн цохилтоос гоол оруулж, тооны харьцааг тэнцүүлжээ. Харамсалтай нь, түүний оруулсан гоол энэхүү тоглолтын эцсийн цэг байжээ.

  • Манчестер Юнайтед 5 – 0 РБ Лейпциг

Английн “Улаан чөтгөрүүд” мөрөөдлийн театртаа Германы РБ Лейпциг багийг хүлээн авч, бут ниргэлээ. Энэхүү тоглолтонд Манчестер Юнайтед багийн залуу авьяастан Мэйсон Гринвуд нэг гоол, Маркус Рашфорд хет-трик буюу гурван гоол, Антони Марсиаль нэг гоол тус бүр оруулжээ. Тэд одоогоор хэсгээ зургаан оноотой тэргүүлж байна. Мөн дасгалжуулагч Оле Гуннар Сульшер Манчестер Юнайтед багийг дасгалжуулан Европын тэмцээнд 50 дахь хожлоо авчээ.

  • Боруссиа Дортмунд 2 – 0 Зенит

Боруссиа Дортмунд баг талбайдаа Оросын Зенитийг хүлээн авч Жэдон Санчо, Эрлин Холанд нарын гоолуудаар хожлоо. Зенит Герман багуудын эсрэг хийсэн сүүлийн долоон тоглолтондоо дараалан хожил авч чадсангүй.

  • Севилья 1 – 0 Ренн

Испанийн Севилья талбайдаа Францын Ренн багийг хүлээн авч илүү довтолсоор Люк де Йонгийн ганц гоолоор хожив. Севилья баг хамгийн сүүлд 2018 оны дөрөвдүгээр сард Байерн Мюнхен багт хожигдсоноосоо хойш Европын тэмцээний хүрээнд талбайдаа хожигдоогүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж