Формула 1-н нисгэгч "Яадаг муу монгол вэ" гэж хараажээ

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

Формула 1-н нисгэгч "Яадаг муу монгол вэ" гэж хараажээ

Формула 1-н нисгэгч "Яадаг муу монгол вэ" гэж хараажээ

Үг гэдэг зөвхөн толь бичиг дээрх тайлбараасаа илүү гүн утга, олон жилийн түүх, соёл, сэдэв, бэлгэ тэмдэг агуулж байдаг билээ. Бид үгийг хоорондоо ойлголцох, аливааг нэрлэх, заримдаа бусдыг гомдоохын тулд хэрэглэдэг. Гэвч бусдыг гомдоохын тулд хэрэглэдэг хараалын үгс нь зүгээр нэг үг биш, ихэвчлэн таагүй түүхээс үүсч хөгжсөн байх нь нийтлэг ажиглагддаг.

Формула 1 Португалийн Гранпри тэмцээнийг угтсан хоёр дахь чөлөөт бэлтгэл дээр  Макс Верстаппен, Ленс Стролл нар мөргөлдсөнийхөө дараа ам зөржээ. Тэгэхдээ Верстаппен микрофоноо асаалттай чигээр нь “Энэ нэг юм одоо сохор юм уу? Ямар хаашаа янзын юм бэ? Бурхан минь. Эргүү юм уу? Би гэмтэх шахлаа. Яадаг муу монгол вэ!” хэмээн хашгичжээ. Түүний үгийг нэгэнт бэлтгэлийг үзэж байсан ард түмэн тодорхой сонссон тул өмөөрөх аргагүй болов. Тэрбээр спортын хүн гэхэд олны өмнө ёс зүйгүй аашилж, “эргүү” хэмээн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дорд үзсэн утгатай үг хэрэглэхийн сацуу үндэстнээр ялгаварлан гадуурхаж, улсын нэрийг хараал болгон ашигласан байна. Тэрбээр “Монгол” хэмээх нэрийг хараалын үг болгон ашиглаж буй нь анхны удаа биш юм. Тухайлбал, Верстаппен 2017 онд Голландын телевизээр гарахдаа өөрт нь торгууль тавьсан Гарри Конноллиг “Хөгийн монгол” хэмээн харааж байсан удаатай. Өмнө нь тэрбээр ингэж хараасандаа гэмшиж, “Би хэнийг ч гомдоохыг хүсээгүй юм шүү” хэмээн уучлал гуйж байсан бол энэ удаа цагаандаа гарчээ.

Түүнээс яагаад улсын нэрийг хараал болгон хэрэглэснийг асуухад “Миний асуудал биш! Би дандаа л ингэж хэлдэг. Тэглээ гээд хүмүүс гомдоод сүйд болдоггүй. Ямар хамаатай юм бэ?” хэмээн хариулсан байна. Харин Верстаппений ёс бус хэллэгт эгдүүцсэн "Mongol Identity" компанийн захирал Ууганаа Рамзей захидал бичсэн байна.

Тэрбээр захиандаа “Би болон манай ард түмэн таныг “Монгол” хэмээх нэрийг хараалын доромж үг болгон ашиглаж байгаад гүнээ харамсаж, дургүйцэж байна” хэмээн бичжээ.

Ууганаа Шотландад цагаачлахаасаа өмнө Монгол оронд хүүхэд насаа өнгөрөөсөн аж. Тэрбээр “Монгол” нэрийг тайлбарлахын тулд эх орондоо өнгөрөөсөн хүүхэд насаа дурсаж, мөн Дауны синдромтой төрөөд гуравхан сартайдаа нас барсан Билли хүүгийн эмгэнэлт түүхийг сөхөн “Монгол” хэмээх ном бичиж байжээ. Тэрхүү номоороо Ууганаа Дауны синдромтой төрсөн хүүхдүүдийг доромжлон нэрлэж байсан “Монгол” хэмээх үгийн талаар хүмүүсийн хандлагыг өөрчилж, Монгол Улс, монгол хүн, монгол уламжлалыг хүмүүст таниулахыг зорьсон гэнэ.

1860-аад онд Жон Лангдон эмч дауны синдромыг анх нээхдээ “Дауны синдромтой төрсөн хүүхэд Ази буюу Монголоид, тэр дундаа Монгол угсаатны хүмүүстэй ижил төстэй бие галбир, нүүр царайтай болдог” хэмээн тайлбарлаад, “Монголизм”, “Монголоид” хэмээх нэр томъёг дауны синдромтой төрсөн хүүхдийг нэрлэхэд ашиглаж байсан аж. Гэхдээ ДЭМБ 1965 онд эдгээр нэршлийг Монгол угсаатныг доромжилсон үзлээс үүссэн илэрхийлэл бөгөөд одоо ч хэвээр байна хэмээн үзээд “Монголоид” нэрийг дауны синдромтой хүнийг илэрхийлэхдээ хэрэглэхээс албан ёсоор татгалзсан билээ. Гэтэл өнөөг хүртэл “Монгол” хэмээх нэрийг хараалын үг болгон хэрэглэх тохиолдол хүмүүсийн дунд олон тааралддаг хэвээр байна.

Эх сурвалж: AUTOSPORT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж