Х.Бат-Эрдэнийн соёолон түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.02.28-нд нийтлэгдсэн

Х.Бат-Эрдэнийн соёолон түрүүллээ

Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд болж буй “Дүнжингарав-2016” хаврын бүсийн морин уралдааны соёолон насанд 259 хурдан буян тоосоо өргөснөөс Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат,  Тод манлай Х.Бат-Эрдэнийн соёолон түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач С.Дамбажавын хээр үрээ, мөн зээр үрээ нь гуравт хурдаллаа.

Айргийн дөрөвт Хөвсгөлийн Цэцэрлэг сумын уяач Л.Мөнхбаатарын бор үрээ, айргийн тавд Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ш.Эрдэнэбилэгийн хонгор үрээ тус, тус хурдаллаа.


16.52

Их насанд зээрд морь түрүүллээ

Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд өнөөдөр болсон “Дүнжингарав-2016” морин уралдааны их насанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат н.Хишигбаатарын зээрд морь түрүүлж, аман хүзүүнд Дэлгэрбаярын хүрэн морь орлоо.

Түрүү магнай авсан зээрд морь өнгөрсөн жилийн Морин уяачдын холбооны 20 жилийн ойн уралдаанд зургаад хурдалж байсан аж. Завхан нутгаас гаралтай уг хурдан буянг Монгол Улсын тод манлай уяач Д.Хишгээ н.Хишигбаатарт бэлэглэж байсан юм байна.

Айргийн гуравт сумогийн их аварга М.Даваажаргалын хурдан зээрд, дөрөвт Орхон аймгийн уяач Эрдэнэбаярын хүлэг, тавд Хөвсгөл аймгийн Галт сумын уяач н.Нацагдоржийн ягаан халзан морь хурдаллаа. Ягаан халзан морь нь бүсийн наадамд хоёр ч удаа айрагдаж байжээ.

Их насны морьдын уралдаанд 300 гаруй ажнай тоосоо өргөлөө.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж