Б.Гомбо-Очир: Яагаад үгэнд орохгүй байсан бэ гэсэн

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

Б.Гомбо-Очир: Яагаад үгэнд орохгүй байсан бэ гэсэн

Б.Гомбо-Очир: Яагаад үгэнд орохгүй байсан бэ гэсэн

Дуурь, бүжгийн эрдмийн театрын авьяаслаг залуу уран бүтээлч, тенор хоолойтой дуучин Б.Гомбо-Очирыг урлагийн хүрээнийхэн сайн мэднэ. Тэрбээр саяхан “Эхнэрийн заавраар” телевизийн шоу нэвтрүүлэгт ханьтайгаа оролцсон нь үзэгчдэд их хүрсэн. Шоуны оролцогчид цаг, минутаар хоорондоо уралдаж, эхнэр, нөхрүүд яарч, сандран, стресстэх тохиолдол ч гарна.

Энэ шоуны үеэр түүний гэргий багагүй бухимдаж, “Гомбо-Очир оо, Гомбо-Очир оо, Гомбо-Очир оо” хэмээн үзэгчдийг сандаргадаг. Ингээд дуучин Б.Гомбо-Очиртой Соёлын төв өргөөнд тоглолтын бэлтгэлийн үеэр уулзаж ярилцсанаа хүргэе.


-Тоглолтын бэлтгэл гээд зав муутай байна уу?

-Тийм ээ. Өнөөдөр нийслэл хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойн баярын тоглолттой. Энэ тоглолтод Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол болон найрал дуучид оролцохоор ирээд байна.

-“Эхнэрийн заавраар” хоолны шоу нэвтрүүлэгт оролцсон танай гэр бүл үзэгчдэд их хүрчээ. Хүмүүс олон нийтийн сүлжээгээр олон сэтгэгдэл бичсэн байна лээ?

-Тийм байна лээ. /инээв/ Тэр чинь бас эвгүй сандардаг булдруу /нэвтрүүлэг/ байна лээ. Гэрийнхээ гал тогоонд байсан бол аяга, таваг, хоолны амтлагчаа хаана байгааг мэднэ. Тэгсэн телевизийн нэвтрүүлэгт оролцож буй хүмүүсийг сандаргах гэж тэгдэг юм уу, хоолны амтлагчаа энд тэнд, амтлагчны нэрийг нь цааш харуулж тавьсан учраас олоход хэцүү байсан.  Би маш их сандарсан.

-Эхнэр нь шоу нэвтрүүлгийн дараа уучлалт гуйсан уу?

-Сүртэй зүйл болоогүй ээ. Шоуны найруулагч эхнэрүүдтэй чихэвчээр холбоо барьж, стрессийг нь хөдөлгөдөг юм билээ. Гэхдээ эхнэр маань “Чи яагаад хүний үгэнд орохгүй байгаа юм бэ. Би арай муухай орилчихсон уу. Одоо хоёулаа яана” гээд тухайн үедээ ярилцаад өнгөрсөн. Телевизийн шоу нэвтрүүлэг бидний амьдралд маш сайхан дурсамж болж үлдлээ. Бид анх удаа л хамтдаа телевизийн нэвтрүүлэгт орж үзсэн нь энэ.

-Зарим хүмүүс “Эхнэр нь уурлахаас өөр аргагүй байсан” гэлцэх юм?

-Хөгжилтэй шоу нэвтрүүлэг болж чадсан байх гэж бодсон. Хүмүүс янз бүрээр л ярьж байх шиг байна. Зарим нь эхнэрийг минь “Ямар муухай ааштай юм бэ, “Ямар даам юм бэ” гэсэн байсан. Тэр бол шоу шүү.

Хоёрдугаарт, урлагийн хүнийг дарж байх хань ижил байх хэрэгтэй юм шиг санагддаг. Эрэгтэй хүн гэхээр л эмэгтэй  хүнээс илүү хүчтэй, эрх мэдэлтэй байх ёсгүй. Тэр болгоныг эмэгтэй хүн л тэнцүүлэх нь зүйтэй болов уу.

-Ер нь гэртээ хоол хийдэг үү?

-Би гэртээ хоол хийх үе ховор. Уран бүтээлийн ажлаар гадуур, дотуур явж ихэвчлэн эхнэр маань л хоолоо хийдэг.

-Ханьтайгаа анх удаа телевизийн шоу нэвтрүүлэгт орсон гэлээ. Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?

-Миний ханийг А.Хишигтогтох гэдэг. Бид нэг нутгийнх л даа. Ховд аймагт төрж өссөн. Бидний аав, ээжүүд хоорондоо багын найзууд байсан. Тэр сайхан холбоогоор анх танилцаж, ханьтайгаа учраад 14 жил болж байна. Хууль эрх зүйн мэргэжилтэй. Өмнө нь "ETV", "TV9" телевизэд хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан юм. Одоо хувийн бизнес хийж байгаа. Манайх хоёр охин, нэг хүүтэй.

-Дуучин болоход аавын нөлөө их байсан гэдэг. Гавьяат жүжигчин Д.Банди багшийн шавь нарын нэг байх аа?

-Тийм. Аав минь дуу хөгжмийн багш хүн. Уран бүтээлч, дуучин болох хүсэл тэмүүлэлд аав минь их нөлөөлсөн. Анх 2006 онд нэгдүгээр курсийн оюутан байхдаа “Нутгийн салхи” дууны тэмцээнд орж, тэргүүн байр эзэлж байсан. Тухайн үед тэмцээний шүүгчид надад “Д.Банди багшаас зөвлөгөө аваарай” гэж хэлсэн. Хөдөөнөөс ирсэн оюутан дуурийн урлагийн талаар юугаа ч мэдэхгүй Д.Банди багш дээр очиж байлаа.

Тэр мундаг хүнээс номын дуу сонсч, дуурийн дуулаач гэдэг хүн ямар байх талаас маш их зүйлийг сурсан. Багш дээрээ хоёр, гурван жил хичээллэж, Гавьяат жүжигчин О.Ичинхоролоо багш дээр их сургуулиа төгссөн дөө. Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Банди багш маань Монголдоо хамгийн их гол дүр бүтээсэн дуучин. Монголын театрын тайзнаа тавигдсан, одоо ч тоглосоор байгаа бү­тээлийн 90 хувьд нь дуулсан байдаг.

-Анх “Аида” дуурийн гол дүрд дуулж, Дуурь, бүжгийн эрдмийн театрт шууд гоцлол дуучнаар ажилд орсон гэл үү?

-Би чинь 2006 онд Соёл урлагийн их сургуульд элсэн орж, 2011 онд дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Намайг их сургуулиа төгсдөг жил анх “Аида” дуурийг театрын тайзнаа тавих гэж байсан юм. Азаар надад тэр дуурийн гол дүрд дуулах маш том боломж олдож, -“Аида” дуурийн гол дүрээр дипломынхоо ажлыг хамгаалж, театрт шууд гоцлол дуучнаар ажилд орсон. Тэр бол миний амьдралын бас нэгэн дурсамжтай цаг мөч.

-Уран бүтээлээс гадна шагайн харваагаар хичээллэдэг гэж сонссон?

-Тэрийг бас хаанаас олоод сонсчихов. Би чинь дөнгөж шагай харваагаар хичээллэж байгаа. Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид дээр үеэсээ мундаг шагай харваачидтай байсан. Тэр уламжлалыг залуу уран бүтээлчид үргэлжүүлэхийг зорьдог. Зав зай хомс ч хааяа театртаа бэлтгэл хийдэг. Ганц цаг шагай харваад суучихвал бодол төвлөрч, сайхан болчихдог юм.

-Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглолтын 58 дахь улирлын нээлтээ хийсэн. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Театр маань намар цагийн нээлтийн тоглолтоо хийсэн. Зарим нэг шалтгаанаас болж жүжгүүд маань түр хугацаагаар хойшлогдоод байна. Учир нь Н.Туулайхүү маэстро маань эмчилгээ хийлгэж байгаа. Миний хувьд 2020 он гартал гол дүрд тоглохгүй. Ирэх оны гуравдугаар сараас нэлээд завгүй болж, сард хоёр ч удаа дуурийн гол дүрд тоглох юм билээ.

-Бие даасан сонгодог урлагийн тоглолт хийх үү?

-Бие даасан тоглолт хийхээр бодож байна. Магадгүй “Өвөрмөц-2” тоглолтоо хийхийг үгүйсгэхгүй. Анхны “Өвөрмөц” сонгодог тоглолтоо 2016 онд хийж байсан.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
95
ЗөвЗөв
20
ХөөрхөнХөөрхөн
14
ГайхмаарГайхмаар
11
ХахаХаха
11
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж