Авлигын индексээр 72-т жагсчээ

Хуучирсан мэдээ: 2016.02.28-нд нийтлэгдсэн

Авлигын индексээр 72-т жагсчээ

Авлигын төсөөллийн индексийн 2015 оны дүнг “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагаас мэдээлсэн байна. Энэ жил Монгол Улс 168 орноос 39 оноогоор 72 дугаар байрт жагсч, өмнөх оныхоос найман байр ахисан үзүүлэлттэй гарчээ. 

Судалгааг хийсэн байгууллагаас гаргасан мэдээлэлд Монгол Улс өнгөрсөн онтой харьцуулахад шүүхийн шударга байдал, хуулийн засаглал болон засаглалын шилжилт ба менежмент, өрсөлдөх чадварын үнэлгээгээр оноо буурсан байна. 2015 онд манай улстай холбоотой таагүй зарим мэдээлэл олон улсад гарсан нь авлигын талаарх төсөөлөлд сөргөөр нөлөөлсөн байх магадлалтай ажээ. Тухайлбал, Өршөөлийн хуульд авлигын хэргийг хамруулахаар төсөл боловсруулсан, мөн авлигын хэргийг шалгах харьяаллыг өөрчлөхөөр хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан зэрэг нь “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагын удирдлагаас Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хандсанаас гадна Малайзад болсон авлигын эсрэг олон улсын хурлаас Монгол Улсад хандаж дээрх асуудлаар уриалга гаргаж байсан зэргийг дурдаж болох юм байна.

Авлигын төсөөллийн индекс нь 168 орны төрийн албан дахь авлигын төсөөллийн үр дүнг харуулдаг юм байна. Улс орнуудын засаглал, улс төр, нийгэм, эдийн засаг, хуулийн хэрэгжилт, бодлого зэргийг харгалзан үзэж дүгнэдэг байна.

Монгол Улсын тухайд найман байгууллагын судалгааг үндэслэн авлигын индексийг тогтоосон аж. Ингэхдээ ардчиллын чанар, эдийн засгийн эрсдэл, улс төрийн бодлого шийдвэр, валютын ханш, хуулийн боловсруулалт, хэрэгжилт, банкуудын мөнгөний бодлого зэрэг бүхий л салбарын асуудлыг харгалзан тогтоосон байна. 

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж