Нийслэл хүрээг цэвэрлэвээс зохимуй

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

Нийслэл хүрээг цэвэрлэвээс зохимуй

Нийслэл хүрээг цэвэрлэвээс зохимуй

Г.Дашнямын бичсэн “Д.Нацагдорж: Нийгэм улс төр, эрдэм судлалын үйлс, амьдрал” номын хуудаснаас нэгэн сонин баримт олов. Улаанбаатар хотоо бохир бузраас нь салган цэвэрлэх тухай “Хураангуй” сэтгүүлийн 1922 оны зургадугаар сарын дугаарт  нийтлэгдсэн мэдээ. Энэхүү мэдээ нь нийслэл хотоо цэвэрлэн, ард нийтээрээ эрүүл цэмцгэр аж төрөх их аяны эхлэл байжээ.

Нийслэл хүрээг цэвэрлэвээс зохимуй

Манай нийслэл буртаг бузар бүхийг хэн бүхнээр мэдэх бөлгөө. Олон зээлээр нохой, морь, мягууны хүүр ялзарч олон өвчний үндэс хөгжсөөр болохоос гадна зээлийн дундуур урссан Сэлбэ голоос хотын хүмүүс ус хэрэглэх нь бас ч элдэв өвчний үүсгэл ноцтой холбогджихуй. Зүй нь орон гэрийн эзэд дор албадан тулгаж өөр өөрийн хашааны ойр бүхий адгуусны хүүр ба хогийг зайлуулбаас зээл их л цэвэр ариун болох буй за хэмээхээс гадна ялт хүмүүсээр цэвэрлүүлбээс болмуй. Бас Зөвлөлт Орос улсын дүрмээр улаан цэргүүдээр хог цэвэрлүүлж мөн болох буй за. Энэхүү хог арилгаж цэвэрлэх хэргийг хойшлуулж үл болмуй хэмээхүй.

1922 оны арван хоёрдугаар сард Намын Төв Хорооны дэргэдэх намын арваннэгдүгээр үүрийн хурал болж, Нийслэл хотын хог буртгийг цэвэрлэх тухай хэлэлцжээ. Ингээд нийслэлийг хэрхэн цэвэрлэж тохижуулах тухай тусгай төлөвлөгөө боловсруулах үүргийг Д.Нацагдорж, Аюушбалыков, Цогбадрах нарын гурван гишүүнд даалгасан байна. Шинэ цагийн гурван боловсон хүчин тэр дор нь арван дөрвөн зүйл бүхий төсөл боловсруулаад намын үүрийнхээ хурлаар хэлэлцүүлжээ. “Хог буртаг арилгах төлөвлөгөө зүйд нийлэмжтэй болсон учир улмаар хотын намын үүрүүдэд хүргүүлэн хэлэлцүүлж, санал зөвлөгөөг авах”-аар шийдвэрлэв. Хотын намын үүрүүд бүгдээр дэмжсэн учир арван нэгдүгээр үүрээс хариуцан төлөвлөгөөг Намын Төв Хороонд уламжилсан байна. Улмаар нийслэлийн нам, эвлэлийн гишүүдийн хүч оролцоотойгоор хог буртгаа цэвэрлэх шийдвэрт хүрчээ. Ийнхүү 1923 оны хавар, зун Нийслэл Хүрээний доторх хуучин хог буртгийг цэвэрлэх өргөн аян өрнөж, ариун цэврийг сахих журам тогтоон, зүүн, баруун Сэлбэ голын гүүрийг өргөтгөн сэлбэж, усыг нь шулуутган урсгах зэрэг өргөн хүрээтэй ажлууд өрнөж байжээ.

Ардын хувьсгал ялж шинэ Засгийн газар байгуулагдаад удаагүй байсан он жилүүд. Нэгэнт үүсгэсэн шинэ нийгмээ хамаг сайхнаар дэлгэрүүлэн, ард олныхоо бүрэн дэмжлэгийг авч ажиллахын төлөө шинэ цагийн сэхээтнүүд нь оройлон манлайлж явсан түүхийн хэсэг энэ буюу.

С.Энхцэцэг

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж