УИХ-ын гишүүн чуулганы хуралдаан дээр худал мэдээлэл өгвөл хариуцлага тооцно
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын долоон гишүүн 2020.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж эхэллээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжиж өгөхийг хүслээ.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Нэг парламентын хугацаанд дэгийн тухай хууль хэдэн удаа өөрчлөгдөж байсан бэ? Худал мэдээлэл өгсөн хэдэн хүнд хариуцлага тооцсон бэ? УИХ-ын гишүүдийн нэр хүндийг гутаан доромжилдог асуудалтай холбоотой зохицуулалт оруулах уу?
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-2007 оныг хүртэл журмаар явсан, түүнээс хойш Дэгийн тухай хуультай болсон. Дэгийн тухай хуулийг зөвхөн УИХ-ын гишүүд санаачилна. Шаардлагатай тохиолдолд хэдийд ч өөрчлөх нь нээлттэй, уян хатан хууль. Нэлээн олон удаа өөрчлөлт орж байсан түүхтэй. Дэгийн тухай хууль зөрчсөнөөс болж хариуцлага тооцсон тохиолдол харьцангуй цөөн. Чуулганы хуралдаан дээр худлаа мэдээлэл өгөх, асуултад хариулахаас татгалзах, цааргалсан тохиолдолд хариуцлага тооцох журамтай.
УИХ-ын гишүүн "Бусдыг гүтгэж, гутаан, доромжлохгүй байх, нэр төр, алдар хүндэд нь халдахгүй байх үүрэгтэй. УИХ-ын гишүүд хуулиа дээдлэх үүрэгтэй. Их хурлын гишүүдийн ёс зүйн дүрэм, УИХ-ын даргын баталсан ёс зүйн журам гэж бий.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссаны дараа хэлэлцэж буй асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүд хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг, санал хэлж байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-Бид энэ зохицуулалтыг хийхгүй бол энэ чиглэлээр ажиллаж байгаа компани, сангууд байгаа юм билээ. Нэг ажлын хэсэг байгуулаад явъя гэдэг шийдлээ бариад явбал яасан юм бэ. Хэлэлцэхийг дэмжиж байна.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
-Хуулийн төслийг дэмжиж байна. Тэтгэврийн цогц шинэчлэл хийх нь зүйтэй. Дараа дараагийнхаа үед боломж олгож, шинэчлэл хийхийг дэмжиж байна. Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг бид нээж өгөх ёстой. Гэхдээ үйл ажиллагааны зарим зохицуулалт оруулж өгөх ёстой. Буцаагаад ямар нэгэн эрсдэлгүй байх жишгүүд зөндөө бий. Ач холбогдол нь санхүү, эдийн засгийн хэрэглэгдэхүүнүүдийг хэрэглэж сурна.
УИХ-ын гишүүн С.Оюунчимэг:
-Байнгын хороон дээр унасан шалтгаан 7, 7 болоод тэнцсэн. Тэтгэврийн шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой юм. Зарим гишүүд төр 2, иргэнээс 2 хувь гээд төсөв дээр ачаалал гараад ирэх вий, хэн хамгаалах юм бэ, баталгаа нь хаана байна вэ гэдэг асуулт тавьж байсан. Салбарын яамыг тэтгэврийн реформоо оруулаад ир, байнгын хороон дээр хэлэлцээд, хамтад нь шийдээд явъя гэж салбарын сайдад нь үүрэг өгсөн. Эндээс тэтгэврийн рефмормыг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна. Насаараа бид даатгал төлөөд яваад байдаг, нас барсныхаа дараа нэг сая төгрөг аваад болдог. Энийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Хэлэлцэх асуудлыг хойшлуулъя. Бусад хуулийн төслүүдтэй хамтад нь хэлэлцээд явъя гэсэн эсрэг байр суурьтай байна. Асуудлыг цогцоор нь ярихгүй, хаа гуяар нь яриад, одоо тогтолцоогоо эвдэх вий гэдгээс болгоомжилж байна. Засгийн газар хуулийн төслөө яаралтай оруулаад ирсний дараа цогцоор нь дэмжээд өгье гэсэн зарчмын саналтай байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Нэгд, хэлэлцүүлгийн эхний үе шатанд дэмжихгүй маягтай болоод байлаа. Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө дэмжээд явлаа. Хоёр хууль санаачлагч хэрвээ хуулийн хамгийн гол концепц дээрээ санал нийлэхгүй бол бид аль нэгийг нь авч явахгүй бол болохгүй. Одоо тэдний бодлого саналтай нийцсэн учир дэмжих санал 100 хувь болж баталгаажлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийнхнийг оруулъя. Нэг нь ард түмэндээ хайртай, нөгөө нь хайргүй гэсэн ойлголт төрүүлж байна. Улс орны динамик төлвийг хаалттай байдлаар сонсъё гэсэн бодолтой байна. Хэрвээ тэтгэврийн реформ хийнэ гэж байгаа бол шийдвэр нэлээн гашуун байх эрсдэлтэй байна. Мэдээллээ эхлээд их хурал дээр бодитой үнэн зөв авч байж, улс орноо бодсон бодитой шийдвэр гаргах бололцоотой гэж бодож байна. Хамгийн залуу сайд, хамгийн залуу гишүүн хоёр энэ том реформыг барьж авч, түүчээ болж байгаад баяртай байна. Хэлэлцүүлгийн шатанд дэмжиж ажиллана.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Анх Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй гээд ярихад хүмүүс их балбадаг байсан. Та нар маш гоомой юм хийж байна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж байна. Одоо байгаа нийгмийн тогтолцоог татаад унагаая гэж болохгүй. Хариуцлагыг төр үүрдэг. Хувийн тэтгэврийн тогтолцоо руу орлоо, арай ядан шимтгэлээ төлдөг малчид, жижиг наймаа эрхлэгчид орхигдоно. Үндсэндээ 30 хувь нь ядуу, экспорт импортын тэнцэл хасах руу орчихсон ийм үед олон иргэн хохирно. Өнөөдөр хүнд таалагдах гэж улс төр хийдэггүй юм. Одоо нийгмийн даатгал дээр асуудал үүсэхэд хариуцагч нь шоронд явдаг. Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг би эсэргүүцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Би Нийгмийн бодлогын байнгын хорооны дэмжихгүй байгаа саналыг дэмжихгүй байгаа юм. Өнөөдөр нухацтай хянуур байх ёстой гэж байна. Яагаад энд хууль санаачлагч, Засгийн газар хоёр хоёр өөр юм яриад байхад Нийгмийн бодлогын байнгын хороо зүгээр хараад суугаад байгаа юм бэ. Би нэг зүйлийг хэлж байгаа. Та бүхэнд толиноос өөр харах юм байхгүй. Бид 11 хэлэхгүй бол та нар "Тос дотроосоо өтнө" гэдэг юм болно. Энэ хууль явах ёстой. Нэг тулгуурт бодлого ямар аюултай болохыг та бид харлаа. Хэдэн тэрбум төгрөгтэй байсан банк дампуурч байна.
Гишүүд үг хэлж дууслаа.
Хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буй хуулийн төсөлтэй хамтад нь өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжих санал хураалт явагдаж, хуралдаанд оролцсон 57 гишүүний 4 нь дэмжиж, хуулийн төсөл хэлэлцэгдэхээр боллоо.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
"Мэргэжлийн яам, хууль санаачлагч хоёр энд орж ирээд мэтгэлцээд байх юм"
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-МАН-ын мөрийн хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэл хийнэ гээд заасан, цаг хугацаа алдаж болохгүй. Мэргэжлийн яам, хууль санаачлагч хоёр энд орж ирээд мэтгэлцээд байх юм. Мөрийн хөтөлбөрөө аль нь хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ? Хуулийнхаа концепцийг ярьдаггүй юм уу? Аль замаар явахаа шийдээгүй байж доторхи хувь процентоо яриад байгааг ойлгохгүй байна. Тэтгэврийн шинэчлэлийг дорвитой хийх хэрэгтэй. Тэтгэврийн хэмжээг 500 мянга болгох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Засгийн газартай хэд хэдэн уулзалт хийгээд, зарчмын асуудлаар санал солилцож ойлголцсон. Ажлын хэсэг дээр нэгтгээд явна. Анхны төслөөр явж байгааг хэлье.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Байнгын хороон дээр яагаад энэ асуудал дэмжигдээгүй юм бэ? Тэтгэврийн шинэчлэл гэдгээ бид яаж ойлгоод байгаа вэ? Бид гурван давхар тогтолцоог хийх хэрэгтэй. Нэгд, халамжийн чанартай, төр удирдана. Хоёрт, албан журмын хуримтлалын тогтолцоо. Одоо хэлэлцэгдээд явж байна. Гуравт, төр хувийн компаниуд хувийн сангууд үүсгэн байгуулагдаад явж болно гэж. Ажил хэрэгч байдлаар цааш явахдаа мэргэжилтнүүдээ оролцуулах уу? Дэлхийн түвшинд үнэлэгдсэн хүмүүс манайд байна. Төрөөс тэтгэврийн талаар ямар бодлого барих вэ, түүн дээрээ үндэслээд тэтгэврийн тогтолцоогоо яаж өөрчлөх вэ гэдгээ шийдээд явах хэрэгтэй гэсэн санал байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Энэ шинэчлэлийг хийх гэж би энэ парламентад орж ирсэн. Манай улс олон тулгууртай болох боломжтой улс. Хуримтлал, сан суурьтай, хувь хүний сайн дурын үндсэн дээр явуулах бололцоо байгаа. Эрдэмтэн судлаачидтай олон удаа уулзсан, санал солилцсон. Энэ хуулийг явуулах дээр, дээрээс нь тэтгэврийн шинэчлэл хийх дээр сайн зөвлөгөөнүүд авч байгаа. Бүгдээрээ Засгийн газартайгаа хамтраад, санхүүгийнхээ зах зээлийг босгох тал дээр ажиллая. Улс орондоо хэрэгцээтэй өв үлдээхгүй бол Их хуралд орж ирээд хоорондоо мэтгэлцдэг өв үлдээмээргүй байна.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.
"Жоомоо алах гээд байшингаа шатааж болохгүй тул болгоомжтой хандах хэрэгтэй"
УИХ-ын гишүүн Н.Ганбаатар:
-Би энэ хувилбарыг дэмжихгүй байгаа. Жоомоо алах гээд байшингаа шатааж болохгүй учраас болгоомжтой хандах хэрэгтэй. Хувьчлал хийж байхад зөвшөөрч байна уу, үгүй юу гэж асууж байгаагүй. Гэр хорооллын ихэнх иргэн ажилгүй байна. 4 хувь гэдэг 250 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс өгнө гэсэн үг. Сангийн яамнаас асуусан уу? Германд давхар даатгал гэж ярьдаг уу гэхээс хувийн даатгалын талаар ярьдаггүй. Бид Эв санааны нэгдлийн сангаасаа ухралт хийж байгаа гэж ойлгож болох уу? Зардлын тооцоогоо хэдээр хийсэн бэ?
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Би 2017 оноос хойш судалж байгаа юм. Би Монгол Улсад хэрэгтэй гэдэг байр сууринаас хэлье. Германд хувийн даатгалын сан үүсээд явж байгаа. Бид шимтгэлд суурилсан тогтолцоогоор 25 жил явлаа, одоо олон тулгуурт, хуримтлалын тогтолцоонд шилжье гэж байгаа юм. Хөрөнгө оруулалт, өгөөжөөс хамаарч шийдэх асуудал. Тандан судалгаа материалууд дээр байгаа. 4 хувь дээр нэг их акцент өгөх нь чухал биш ээ. Иргэдэд ачаалал болгохгүйн үүднээс дахиж тухайн хүнээс нэмэлт шаардахгүйгээр тэр 4 хувийг сонгох сонголтыг нь өгчихвөл гэж ярьж байгаа юм. Тойрч суугаад шийдэх л ёстой. Өнөөдөр гурван залуу нэг ахмадын тэтгэврийн шимтгэлийг төлж байна.
УИХ-ын гишүүн Б.Анужин:
-Хувийн тэтгэврийн хуулийн төслийг дэмжиж байна. Яаралтай хэлэлцэж батлах ёстой гэж дахин хэлмээр байна. Гэхдээ хөнгөн хуумгай хандаж болохгүй. Маш няхуур, нухацтай хандах ёстой.
Энэ хуулийн талаар хийсэн судалгаа, тоон үзүүлэлт, мэдээлэл хэр байна вэ? Нэгэнтээ сайн дурынх юм бол яагаад 5, 10 хувь байж болохгүй гэж вэ? 2 хувь гэдэг хангалттай мөнгө биш. Олон тэтгэвэртэй байгаа, амьдралд нь тэтгэвэр нь хүрэлцэхгүй байгаа бидэнд энэ хууль яг яаж үйлчлэх юм бэ? Хэзээнээс үр өгөөжөө өгөх хууль вэ?
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Их хурал цахим парламент болсон. Судалгаа бүрэн байгаа. Хүсвэл нэмэлт мэдээллээр хангах асуудал нээлттэй. Төр нийгмийн даатгалын 24 хувийг хариуцсан хэвээрээ байна. Бид зөвхөн тэтгэврийн даатгалын хувьд л ярьж байна. Би нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг оруулж ирж, тогтолцоог өөрчлөхийн тулд яамдтай хамтарч ажиллая гэж бодож байгаа. Иргэдэд хүндрэлгүй, илүү хувиар төлөөд явъя гэвэл нээлттэй. Ажлын хэсэг дээр 4 хувийг байхгүй болгочихъё, тэр асуудалгүй. Тэтгэврийн зөрүүг үгүй хийе, банкинд барьцаалсан байдлаас салъя гэсэн ийм л хууль.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Тэтгэврийн реформ хийх хэрэгтэй. Эдийн засгийн тооцооллоо сайн хийх хэрэгтэй. Тэтгэвэрт байгаа иргэдийн 90 орчим хувь нь 500 мянгаас доош төгрөгийн тэтгэвэртэй. Хүн амын өсөлтийн тооцоо, насжилтын төвшинг хэр нарийн тооцоолсон бэ?
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Герман тэтгэврийн холимог тогтолцоотой. Пост коммунист улсуудаас манайх л үлдчихлээ. Гайхалтай шинэ нээлт биш л дээ. Олон тогтолцоот хувилбар луу шилжиж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах хэрэгтэй байна.
Илүү шимтгэл төлөх гээд байгаа хүмүүс илүү боломжтой байна. Одоо төлж байгаа 17 хувийн 4-ийг нь сангуудад оруулж ирж болох юм биш үү гэдэг утгаар оруулж ирсэн.
Илүү ажиллаж байгаа нь бусдынхаа ажлыг нуруун дээрээ үүрдэг. Хүн хөдөлмөрийн чадвараа алдвал ажиллаж байсан дайтай даатгал ирэх байх гэж боддог.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Таван том реформын нэг гэж бодож байна. Хуулийн төсөлтэй богино хугацаанд танилцсан. Хэдэн асуулт тодорхой болгох шаардлагатай юм байна. Заавал даатгах 17 хувиас 4-ийг нь хувийнхад шилжүүлэхээр нийгмийн даатгалын санд ирэх онд хэдэн төгрөгийн ачаалал ирэх вэ? Цалин нэмж таарна, хүн ам өсч таарна. Даатгалд хамрагдагчдын тоо өснө. Ямар компаниудад өгөх гээд байгаа юм бэ? Нэрлэж болох уу? Хувийн даатгалд хамрагдсан хүмүүс хэдэн жилийн дараа хувийн компаниас тэтгэврээ авах юм бэ? Сайн дураар даатгуулагчид хувийн даатгалын санд хамрагдаад явж болох уу? Хувийн тэтгэврийн сан дампуурвал яах вэ? Тодорхой хариулт гарахгүй байна? Иргэдэд хүлээлт үүсгэмээргүй байна. Энэ бол одоо тэтгэвэртээ гарсан хүмүүст хамаарахгүй юм байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Ямар нэгэн компанид мөнгө өгөх тухай асуудал байхгүй. Би нэг зүйлийг хэлье. Хувийн компаниуд, зарим аж ахуйн нэгжүүд ийм байдлаар ажилчдынхаа цалингаас шимтгэл авч байна. Үүнийг хуульгүй явуулаад байж болох юм уу? Дэргэдээ сан байгуулаад, мөнгө татан эргэлдүүлээд, хувийн байгууллага гээд ажилчдаасаа мөнгө аваад сууж байна. 4 хувь гэдгийг авчихъя. Би энгийн ард түмнээ бодсон юм шүү. Сайн бүтээгдэхүүн санал болговол иргэд ядаж урьдчилгаа төлөхгүй байртай болоосой. Ард түмэн мөнгө байхгүй ч сар болгон шимтгэлээсээ 10, 20 мянган төгрөг төлөхтэйгөө байгаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
-17 хувиас 4-ийг нь өгөөд явбал жилдээ 400 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх юм байна гэсэн эхний тооцоол гараад байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Бүгд санаа зовж байгаа. Учрал гишүүний зоригийг би үнэлж байна. 10 жилийн өмнө би бас холбогдох хуулийг бичээд өгсөн ч дээш нь өргөн барьдаггүй байсан юм. Нэг карманаас аваад нөгөө карманд өгөх гэж байна гэж би ойлгоод байна?
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Ажлын хэсэг сайн дураар, нэмэлтээр төлдөг хувилбараар явъя гэдэг дээр санал нэгдсэн. Засгийн газрын хуулийг оруулж ирээд нэгтгээд дэмжээд явъя гэж бодож байна.
Н.Учрал: Хүн бүр хуримтлалтай болно гэсэн үг
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Олон жил ярьсан, тэр болгон барьж авч чаддаггүй асуудлыг оруулж ирж байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд байдаг, тэтгэвэрт гардаг нас нь болчихдог.
Тэтгэврээ нэмж чадахгүй байгаа байдалд тусалъя гэж олон тулгуурт тэтгэврийн даатгалын систем, хуулийн төсөл оруулж ирж байгаа юм байна. Хууль батлагдсанаар нийгмийн даатгалын хэмжээ нэмэгдэх үү? Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхгүй байх боломжтой юу? Тэтгэврийн зээл тэглэсэн. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нэг удаа даатгалаа нөхөж төлдөг. Эдгээр иргэд яаж хамрагдах вэ? Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байгаа хүмүүст хэрхэн хүрэх вэ? Засгийн газар энэ хуулийн үзэл баримтлалыг дэмжсэн үү?
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
-Олон давхаргат тогтолцоонд шилжинэ гэж 2015-2030 онд баримтлах бодлогод тусгагдсан. Маш олон удаа хэлэлцсэн. Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжсэн.
Засгийн газраас дэмжихгүй байгаа хоёр асуудал бий. Нэмэлт, сайн дурын үндсэн дээр одоогийн нийгмийн даатгалын шимтгэлийг өөрчилж болохгүй. Хувийн тэтгэврийн даатгалын санг хөгжүүлж ирсэн компаниудад үзүүлэх татварын дэмжлэгийг оруулах ёстой гэсэн үзэл баримтлал барьж байна. Сангууд хэзээ хэрхэн өгөөжөө өгөх вэ гэдэг тодорхойгүй байна. Хамтдаа хэлэлцээд, сайн дурын үндсэн дээр байх нь зүйтэй гэсэн тохиролцоонд хүрсэн.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Хэд хэдэн удаа уулзаж ярилцсан. Олон давхаргат тэтгэврийн даатгалын тогтолцоонд шилжсэнээр хүн болгон хуримтлалтай болно гэсэн үг.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Ахмадуудын тэтгэврийн зөрүү маш их байна. Нэгд, тэр зөрүүг арилгах ёстой. Ажил хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэвэрт гараад, хүн амын эмзэг давхаргад шилждэг байж болохгүй. Нийгмийн даатгалын багц хуулиудыг хамтад нь өргөн бариад, Монгол Улс цаашид тэтгэврийн ямар тогтолцоогоор явах вэ гэдгийг шийдэх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Х.Баделхан:
-Манай намын мөрийн хөтөлбөрт хуримтлалын нэгдсэн тогтолцоотой болно гэж бий. Энэ зарчмаар хуулийн төсөл оруулж ирж байна гэж бодож байна. 1995 оноос хүн бүр өөрийн дансандаа шимтгэл төлж эхэлсэн. Нэг нь ажил олгогчоос, нөгөө нь тухайн хүн хөдөлмөрийн хөлснөөсөө төлж байгаа. Тэр цагаас хойш иргэд нэрийн дансандаа тодорхой хэмжээний мөнгө хуримтлагдсан гэж үзэж болно. 1995 оноос хойш хэр их хэмжээний мөнгө хуримтлагдсан байдаг вэ?
Олон тулгууртай болно гэдэг зөв. Иргэд сонголттой байхыг дэмжиж байгаа. Хүүгээс хүү тооцно, өвлөгдөнө гэдэг сайн санаануудыг хувийн тэтгэврийн сангийн хуулийн төсөлд тусгажээ. Иргэдэд ачаалал болохгүйгээр шийдэх ямар боломж байна вэ?
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Нэрийн данс амжилтгүй болсон шалтгаан даатгал сууринд байгаа юм билээ. Данс нь эзэн нь нас барахаар эзэнтэйгээ хаагддаг. Үлдэгдэлд нь хүү тооцдоггүй. Нэрийн данс тэтгэврийн тооцдог томъёолол болчихсон байна. Хуримтлал суурьтай болгочихсон бол өнөөдөр асуудал үүсэхгүй байх байсан. Иргэддээ өгөөж бодогддог байсан бол.
Өнөөдрийн хувьд аж ахуйн нэгжийн статусаар байгуулагдсан тэтгэврийн даатгалын сангууд хуулинд хамрагдахгүй. Өвлөгдөж болно, эрүүл мэндийн үйлчилгээндээ зарцуулж болно. Хуримтлалаасаа 50 хувийг нь авч болно. Хадгаламжийн хүү жилд 13-15 хувь байдаг шиг өгөөж нь бодогдож байна гэсэн үг. Ийм зарчмаар хуримтлалын хууль хэрэгждэг. Дээр нь Баялгийн сангийн хууль орж ирнэ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
-1980 оноос хойш төрсөн хүмүүсийн тэтгэвэр зөвхөн цалингаас нь бодогддог. 1995 онд хууль батлагдсанаас хойш 1 сая 520 мянган иргэн дээр 18,9 их наяд төгрөгийн бичилт бүртгэгдсэн байгаа. Яам олон татварт тогтолцоонд орно. Өндөр орлоготой иргэдэд татвар оноох үзэл баримтлал барьж байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
-Бид шинэчлэлт хийхийн тулд хуулийн төсөл дээр маш олон удаа хэлэлцүүлэг, уулзалт хийж ажилласан. Энэ хууль батлагдсанаар маш том ажлын эхлэл болно. Цалин бүрээсээ 17 хувийг төлдгөөс 4-ийг нь хуримтлал болгоё. Бүр өв уламжлагдах бололцоотой болж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:
-Энэ тэтгэврийн хуулин дээр шийдэл харсан олон асуудлыг багтааж өгсөн гэж харж байна. Ирээдүйд тэтгэврийнхээ үр дүнг барьцаалж, үр хүүхдүүд нь хүртэх боломж бүрдсэн байна гэж ойлгож байна. Ийм учраас энэ хуулийг яаралтай хэлэлцэж, батлах нь зүйтэй гэсэн саналтай байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг санал хэллээ. Тэрбээр "Хуулийн төсөл үндсэндээ бэлэн болсон байна. Цаг хугацаа алдаж буй асуудал байна. Ойрын хугацаанд Засгийн газар оруулж ирэх байх гэж найдаж байна. Гишүүд гэхээсээ илүү мэргэжлийн яам, Засгийн газар нь оруулж ирээд явбал зүйтэй байх гэж боддог.
Одоогийн тогтолцоог эвдэж болзошгүй байдалтай байна. Эвдчихвэл тэтгэврээ олгож чадахгүй болно. Тогтолцоотой холбоотой концепцийн асар их зөрүүтэй заалтууд байна. Санал хураахгүйгээр, хэлэлцэхийг нь хойшлуулж, бусад өргөн барьсан хуулиудтай хамтад нь оруулж ирсэн нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
-Ард иргэдийнхээ өнөөдөр авч байгаа тэтгэврийг тав, арван төгрөгөөр нэмэх асуудал биш. Бид тогтолцооны шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэж байна. Улсын хэмжээнд 450 мянга гаруй ахмад тэтгэвэр авч байна. Энэ хуулийг шинэчлэх цаг нь болсон. Энэ тэтгэврийн тогтолцоонд шилжихэд аж ахуйн нэгжүүд хэр бэлтгэлтэй байна вэ? Хүн амын тэдэн хувь даатгалд хамрагддаг гэсэн нарийн судалгаанууд байна уу?
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Өнөөдрийн тогтолцоог эвдэх гээд байгаа зүйл огт байхгүй. Үүнийг тодорхой тайлбарлахгүй бол нийгэмд янз бүрийн ойлголт байна. 17 хувиас 4-ийг нь хувийн тэтгэврийн даатгалын санд төлөхгүй гэвэл төрдөө төлөөд явах боломжтой гэсэн үг. Иргэдэд ачаалал үүсгэхгүй байх үүднээс хийсэн.
Иргэдийн эрх ашиг хохирвол яах вэ гэдэг асуудал бий. Олон жижиг менежмент үүсэх вий гэдгээс болгоомжилж хуулиндаа тодорхой зааж өгсөн. Хууль эрх зүйн орчингүй байгаа сангууд дампуурвал яах вэ гэдэг асуудлын хувьд хуулийн төслийн 3, 4-д тодорхой зааж өгсөн.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
-Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргээд өгөөч ээ гэж байна. Иргэдэд яг юуг шинэчлэх гээд байна вэ гэдэг ойлголт байхгүй байна. Яг юу өөрчлөгдөх юм бэ гэдэг мэдээллийг олон нийтэд битгий хэл гишүүддээ ч өгөөгүй байгаа. Амьдрал дээр, хөрсөн дээр буусан хуулийн төслүүдийг батлах хэрэгтэй. Хэр судалсан бэ? Ард иргэдийн хүссэнээр тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх боломж бий юү?
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
-Хувийн тэтгэврийн даатгалын нэмэлт сангийн талаар төслийн хөрөнгөөр анхны хуулийн төслөө боловсруулан гаргасан. Манай яамны боловсруулсан хууль 48 зүйлтэй, Н.Учрал нарын гишүүдийнх 38 зүйлтэй. Ер нь концепц нь нэг, ижил үзэл баримтлалтай.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Ажлын хэсэг байгуулаад бид энэ хуулийн төсөл дээр ажилласан. Өнгөрсөн онд ХБНГУ-ын тэтгэврийн шинэтгэлийн асуудлыг судалсан. Олон орны харьцуулалт хийсэн. Хамгийн гол зүйл нь бид холимог тогтолцоогоор явах нь зүйтэй гэж үзсэн. Энэ бол Голланд улсын жишиг. Иргэдэд ачаалал үүсгэхгүйгээр тодорхой хувийг нь аль таалагдсандаа сонголтоо хийж оруулах юм. Хоёр сангаас авах эрх үүсвэр нэмэгдэж байгаагаараа онцлогтой. Энэ хууль гарснаар олон тогтолцоот хувилбар бий болно. Өвлөгдөх, 50 хувийг нь авах гээд боломжууд нээгдэнэ. Баялгийн сангийн хуультай болох шаардлагатай болно. Иргэд тэдэн жил ажиллаад төдий хэмжээний мөнгө авна гэдгээ мэддэг болох юм.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын таван гишүүний 2020.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал хийв. Төслийн талаархи санал, дүгнэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Б.Жаргалмаа танилцуулж, чуулганы хуралдаанаар хэлэлцэж өгөхийг хүслээ.
Ажлын хэсгийн гишүүдийн бүрэлдэхүүнд Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар багтсан бөгөөд чуулганы хуралдаанд оролцож байна.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.
Л.Энх-Амгалан: 216 мянган өрх байранд орох сонирхолтой ч урьдчилгаагаа бүрдүүлэх боломжгүй байна
Чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна. Мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах, банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэхийг тусгажээ.
Монголбанк зах зээлийн зарчимд тулгуурлан үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлснээр инфляц сүүлийн 3 жилд зорилтот 8 хувийн түвшинд тогтвортой хадгалагдав. 2006- 2016 онд жилийн дунджаар 10 хувь буюу харьцангуй өндөр түвшинд, өндөр хэлбэлзэлтэй байсан инфляцыг ийнхүү тогтворжуулснаар Төв банк инфляцын зорилтыг бууруулах боломж бүрдлээ. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ Монголбанк
-Ирээдүйд чиглэсэн,
-Зах зээлийн зарчимд суурилсан,
-Эрэлтийн гаралтай инфляцыг зохистой түвшинд хадгалах стратегийг баримтална.
Харин цаг агаарын нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, гадаад болон дотоод тээвэр, ложистик зэргээс шалтгаалсан 1 удаагийн шинжтэй, нийлүүлэлтийн гаралтай инфляцын нөлөө түр зуурын шинжтэй байх тохиолдолд мөнгөний бодлогоор удирдах нь эдийн засагт өндөр зардалтай, ажил эрхлэлтийг сааруулах үр дагаврыг бий болгосон бодлогын оновчгүй сонголт тул түүнд хариу үйлдэл үзүүлэхгүй гэж тооцжээ.
Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Мөнгөний бодлогыг тойрч ярих хэрэгтэй. Япон,Сингапур, Солонгос, Энэтхэгийн төв банкны явуулж буй мөнгөний бодлогыг судалж үзэхэд, өөр өөр бодлого ярьдаг юм билээ. Ер нь бол эдийн засгийн өсөлт, инфляци, ажилгүйдлийг мөнгөний бодлогоор дэмжих нь Монголбанкны үүрэг. Сүүлийн үед юм асуухаар хойд талын хар овоохой гэдэг шиг явуулж ОУВС руу чихдэг байдал бий болжээ. Би гишүүнийхээ хувьд олон улсын сайн туршлагад үндэслэсэн орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх гэдэг заалтыг Мөнгөний бодлогод оруулсан. Гэтэл 2021 онд яг энэ үгээрээ явж байна. 2020 онд бодлогоо тусгаж чадсан уу. Нийт ипотекийн зээлтэй 99 529 өрх, 8 хувийн зээлтэй 71779, 6 хувь 1818 өрх, арилжааны нөхцөлтэй 25962 өрх байна. Бид иргэдээ алагчилж болдог юм уу. Хэн нь 8 хувийн хүүтэй зээл, хэн нь 6 хувь аваад байгаа юм бэ. Ийм ипотекийн зээлийн бодлого гэж байна уу. Иргэдийн дунд 216 мянган өрх байранд ормоор байна гэж байгаа боловч 50 хувь нь урьдчилгаа төлбөр болох 30 хувиа бүрдүүлж чадахгүй, 33 хувь нь өрхийн орлого ипотекийн зээл төлөлтөд хүрэлцэхгүй, 10 хувь нь орон сууцны үнэ өндөр байна гэж хариулсан байна. Үүн дээр үндэслэж бид тогтолцоогоо өөрчилж чадахгүй байна гэдэг нь буруу. Цаашид ипотекийн зээлийн бодлого ийм байна гэсэн ажил хэрэгч бодлого хэрэгтэй байна. Ингэж байж бид иргэдийн нуруун дээрх ачааг бууруулах улс төрийн эрмэлзлэл байх хэрэгтэй байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
"1993 оноос хойш Европын холбооноос 153 тэрбум еврогийн тусламж авчээ"
Чуулганы хуралдаанаар Европын холбоо хоорондын “Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжүүлэх төслүүдэд үйлчлэх татвар болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий” хэлэлцээрийг батлах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх гэж байна. Яг өнөөдрийн байдлаар Европын холбооноос манай улсад ямар зээл, тусламж үзүүлж байна, цаашид ямар арга хэмжээ авах вэ. Монгол Улс Европын холбоотой гэрээ байгуулж, 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй гаргах хөнгөлөлтөө бид хэрхэн эдэлж байгаа вэ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Энэ удаад Европын холбооноос хэрэгжүүлж байгаа тусламж, зээл дээр орж ирж байгаа татварыг битгий аваач, татвар төлөгчдийн мөнгө гэдэг хүсэлтийг тавьсныг бид хүлээж авч байгаа. 50,8 сая еврогийн буцалтгүй тусламжийг бид энэ удаад авна. Өнгөрсөн хугацаанд Европын холбооноос 1993-2006 онд 70 гаруй сая еврог буцалтгүй тусламж, техникийн туслалцаа, 2007-2011 онд 14 сая еврог буцалтгүй тусламжаар авч байсан. 2009 онд 2 сая еврог мөн олгож байсан. 2011-2015 онд 15 сая еврог буцалтгүй тусламжаар, 2015-2020 онд 52 сая орчим еврогийн буцалтгүй тусламж авсан. 1992 оноос хойш зээлийн санхүүжилт огт олгоогүй. Одоо бол 50,8 сая еврогоор хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөвт дэмжлэг үзүүлэхээр олгогдож буй буцалтгүй тусламж юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Өр зээл ч алдагдаж байна л даа. Ярихдаа хасагдсан гэж байгаа боловч нэмэгдэж байгаа. Үнэгүй зүйл гэж байхгүй. Тусламж өгч байгаа бол түүний цаана илүү ч үнэтэй зүйл байж магадгүй. Татвар төлөгчдийнхөө мөнгийг саарал жагсаалтад байнга ордог, хар тамхины сүлжээ болсон, хариуцлагагүй Засгийн газартай улсад зүгээр өгөхгүй байх. Монгол Улсын өр яг хэд болсон бэ, үүнийг ийм байдлаар төлнө гэдгийг тодорхойлсон зүйл байна уу. Нэг хүнд ногдох өр хэд болж байна вэ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Монгол улсын гадаад өр 30,8 тэрбум ам.доллар, үүнээс аж ахуй нэгж, компанийн өр нь 19,1 тэрбум ам.доллар буюу гуравны хоёр н, 1,7 тэрбум ам.доллар бол монголын арилжааны банкуудын өр буюу нийт өрийн 5,5 хувь, 6,8 хувь буюу 2,1 тэрбум ам.доллар бол Монголбанкны зээл, Засгийн газрын зээл 7,9 тэрбум ам.доллар байгаа юм. Засгийн газрын гадаад өр нь 7,9 тэрбум ам.доллар гэсэн үг юм. Монгол улс 1990 оноос хойш 3 орчим тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж авсан байдаг. Хамгийн том нь Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламж байсан.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Дотоод зах зээл, үйл ажиллагаа дэмжихийн тулд зарим бараанд гаалийн татвараас чөлөөлж, дэмжих бодлого дээр Гадаад харилцааны яамтай хамтрах ёстой болов уу гэж бодож байна.
Ингээд тогтоолыг гишүүдийн олонх дэмжиж баталлаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагаанд 100 сая ам.долларын зээл олгох хэлэлцээрийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Монгол Улсын хөгжлийн төлөө зээлүүдийг авмаар байна. төсвийн тэнцлийг хийхийн тулд зээл авмааргүй байна. Хөшөө, дурсгал зэрэг хэрэгцээгүй зүйлд хөрөнгө оруулаад байна. Аль болох баялаг бүтээгчид, жижиг аж ахуй нэгжүүд рүүгээ өгвөл татвар төлөх бааз суурь нэмэгдэнэ. Харамсалтай нь сүүлийн үед авч байгаа зээлүүд төсвийн тэнцлийг нөхөх гэж зээлүүд хийж байна. Үр ашиггүй зарцуулалт, төсвийн тэнцэлд зориулагдаж, Ерөнхий сайд нь ЗГХЭГ-ын даргатайгаа нийлж, 200 тэрбумаар нь нурах магадлалтай музейд хөрөнгө оруулалт хийж байна. Тэрний оронд Бэрх тосгонд бизнес эрхэлж байгаа хүмүүст зээл олговол илүү өгөөжтэй. Энд ЖДҮ-ийн зээл өөрсдөө авна, суманд нь ЖДҮ олгох эрхийг нь шилжүүлэх хэрэгтэй байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-ЖДҮ зээл дээр бол тантай санал нэг байна. Зээлийн санхүүжилт дээр тантай санал нийлэхгүй байна. Төсвийн алдагдлыг дотоодын банкуудаас санхүүжүүлэх нь буруу. Бизнес эрхлэгчид бид зээл авах гэж хөөцөлдөж гүйдэг байсан, зээл олддоггүй байсныг төр дотоодын зээл авахаа больсон учраас арилжааны банкууд мөнгөтэй болж бид нарыг зээл ав гэж гуйж байна гэж хэлж байсан. Компаниуд руу очдог зээлийг төр авч болдоггүй. Энэ нь иргэд, аж ахуй нэгжүүдээ дэмжих, зээлийн хүү 4 функтаар буусан. Энэ нь зөв юм шүү. Өнөөгийн нөхцөлд бид арилжааны банкаас зээл авах нь иргэд, аж ахуй нэгжүүд рүү очих зээлийг хулгайлж байна гэсэн үг. Засгийн газрын дотоодын өр 2016 онд 5,7 их наяд, үнэт цаас нь 5,4 их наяд байсан бол өнөөдөр бүгд нийлээд 1,3 их наяд болж буурсан. Энэ хэмжээгээр эдийн засаг руу мөнгө оруулсан.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Сүүлийн 20 жил энэ чиглэлээр ажилласан хүний хувьд мэдээлэл өгмөөр байна. Энэ олон улсууд мөнгө яагаад өгч байна вэ. Дуртайдаа өгдөггүй, шахалт хийж байж өгдөг. Хөгжилтэй орнууд байгалийн баялгийг авч байгаа учраас буцаад өгч бай гэдэг шахалтаар орж ирдэг. Энэ мөнгийг авчрахын тулд нилээд их ажил болдог. Боломжтой нь боломжгүйдээ өгч бай гэсэн шахалтын дагуу орж ирдэг юм шүү. Мөн өр маш муухай байна гэдэг зүйлийг их ярьж байна. Өр төсвөөс, төсвийн алдагдлаас үүсч байгаад өмнөх Засгийн газарт эрх барьж байсан бүх хүмүүс холбоотой.
Ийн гишүүд асуулт, тодруулга авсны дараа санал хураалт явуулж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулсан 100 сая ам.долларын зээл авах хэлэлцээрийг батлав.
Чуулганы хуралдаанаар Монгол Улс, олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж байна. Энэ хүрээнд 20 сая ам.долларын зээл авах юм. Ингээд хэлэлцээрийг гишүүд дэмжиж, баталлаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Чуулган: Түр хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөв
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар түр хороо байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Өмнөх парламентын үед цар тахлын хуульд хяналт тавих түр хороог УИХ-аас байгуулсан бөгөөд шинэ парламент сонгогдсон учраас гишүүдийг нь шинэчлэн батлахаар болсон байна. Ийн түр хороо байгуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоол гаргав. Түр хорооны даргаар Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Б.Бейсен, С.Ганбаатар, Т.Доржханд, Н.Алтанхуяг нарыг бүрэлдэхүүнтэй байгуулав.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газар Европын холбоо, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Олон улсын хөгжлийн ассоциаци зэрэг зээлийн хэлэлцээрүүдийг хэлэлцэж байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.10.29/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
- Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүн 2020.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах;
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн 2020.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад.
Холбоотой мэдээ