"Эхнэр хүүхдээсээ бусдыг зоригтой шинэчил"

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

"Эхнэр хүүхдээсээ бусдыг зоригтой шинэчил"

"Эхнэр хүүхдээсээ бусдыг зоригтой шинэчил"

Өмнөд Солонгосын хамгийн том компани “Samsung” группийн тэргүүн И Кун Хи энэ сарын 25-ны өдөр 78 насандаа Сөүл хотын эмнэлэгт таалал төгссөн юм. Энэхүү эрхэм бол Өмнөд Солонгосыг дэлхийн электрон хэрэгсэл, чип, хагас дамжуулагчийн зах зээлд тэргүүлэгч улс болгож, эдийн засгаа өөд нь татахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн байв. Тэр чадварлаг бизнесмэн байсан ч түүний удирдлагын арга барил олны шүүмжлэлд өртсөөр ирсэн. Тэрээр 2008 онд авлигын хэрэгт буруутгагдаж гурван жилийн хорих ял сонсон ч жилийн дараа Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдаж эргээд албан тушаалдаа очсон юм.

ӨМНӨД СОЛОНГОСЫН ХАМГИЙН БАЯН ХҮН

Түүний эцэг И Бюн Чул хүнсний худалдааны бизнес эрхэлдэг байсныг И Кун Хи дэлхийн хэмжээний цахилгаан бараа, хагас дамжуулагч, даатгал, хөлөг онгоц үйлдвэрлэл, барилгын бизнес болгон өргөжүүлсэн юм. Өдгөө “Samsung” групп нь Өмнөд Солонгосын ДНБ-ны 17 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөтэй конгломерат болсон байна.

И Кун Хигийн удирдлага дор “Samsung Electronics” нь орлогынхоо хэмжээгээр дэлхийн хамгийн том технологийн компани болж, чип, зурагт, дэлгэцийн үйлдвэрлэлээр Японы “Sony”, “Sharp”, “Panasonic”-ийг ардаа орхиж, “Nokia”-ийн манлайллыг манлайллыг төгсгөж, ухаалаг гар утасны бизнест "Apple"-ийг гүйцсэн юм. 2016 онд “Forbes” сэтгүүл түүнийг Өмнөд Солонгосын хамгийн баян эрхмээр тодруулж байжээ.

2020 оны аравдугаар сарын байдлаар түүний хөрөнгө 20.9 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байв.  2014 онд И Кун Хи зүрхний шигдээсээр өвдсөн. Үүнээс хойш корпорацийн эрх мэдэл түүний залгамжлагч гэгдэж буй ууган хүү И Жэ Ёнд шилжсэн байна. И Жэ Ён нь “Samsung Electronics” охин компанийн дэд ерөнхийлөгчөөр 2012 онд томилогдсон.

И Жэ Ёны хувьд Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон улс төрийн дуулианд холбогдсон.  Тэрбээр групп дотор эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд экс ерөнхийлөгч болон түүний дотны найзад авлига өгсөн гэж буруутгаж хорих ялаар шийтгэгдсэн юм. Одоо ч түүний хэрэг бүрэн шийдэгдээгүй шүүхэд дуудагдсаар байгаа билээ.

SAMSUNG” БОЛ СОЛОНГОС МАЯГИЙН “ЧЕБОЛ” СИСТЕМИЙН ТОД ЖИШЭЭ

Олон жил дайн, дарангуйлалд нухлагдсаныхаа дараа маш хурдан эдийн засгаа сэргээсэн улс бол Өмнөд Солонгос. Өдгөө тус улс нь дэлхийд усан онгоц, компьютерийн чип, автомашин, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл зэрэг салбарт манлайлж, хүчирхэг эдийн засагтай, хүний хөгжлийн индексээр тэргүүлэх улс болоод байгаа. Энэхүү амжилтад хүрэхэд Samsung, LG Group, GS Group, Hyundai, SK Group, Daewoo, Lotte, CJ Group зэрэг дэлхийн хэмжээний цөөхөн хэдэн компаниуд үнэтэй хувь нэмэр оруулсан. Гэвч эдгээр компаниуд нь бүгд элит гаралтай цөөн хэдэн гэр бүлийн үе залгамжилсан системтэй байдаг нь тус улсын нийгмийг бухимдуулдаг. Үүнийг Солонгос маягийн “чебол” систем гэдэг бөгөөд тус улсын эдийн засгийг тэдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэсэн ч тэдгээр гэр бүлүүдийг дотооддоо эрх мэдлээ булаацалдах, ажилчдадаа ёс зүйгүй хандах, авлига хээль хахуулийн хэрэгт холбогдох зэрэг асуудлууд байнга дагадаг. “Samsung”-ийн хувьд ч энэ асуудал тойрсонгүй. И Бюн Чолын бусад хүүхдүүд ч тус улсын томоохон компаниуд болох "Hansol", "CJ" компаниудыг эзэмшдэг. Энэ гэр бүлийнхэн бол Ерөнхийлөгчөөсөө ч алдартай хүмүүс юм.

"SAMSUNG"-ИЙГ ДЭЛХИЙН ТАВЦАНД АВААЧСАН НЬ

И Кун Хи нь 1942 онд Дэгү хотод “Samsung Group”-г үүсгэн байгуулагч И Бюн Чолийн гэр бүлд төржээ. Түүний эцэг И Бюн Чол газрын магнатын гэр бүлээс гаралтай ч тухайн үед өөрийн гэсэн “Samsung Trading” хэмээх хатаасан жимс, загас худалдаалдаг компаниа байгуулаад байв. Солонгосын дайны үе гэхэд “Samsung” нь тус улсын 10 том компанийн нэг болсон ба дайны дараагаас үйл ажиллагаагаа тэлж, цахилгаан бараа, ахуйн техник хэрэгсэл үйлдвэрлэж эхэлжээ. Харин энэ үед И Кун Хи дунд сургуулиа төгсөж, Японы хамгийн сайн сургуульд тооцогддог байсан Васэда их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан байна. Дараа нь АНУ-д Жорж Вашингтоны их сургуульд суралцаж байгаад дундаас нь орхиж, 1966 онд буюу 24 насандаа эцгийнхээ компанид ажиллаж эхэлжээ.Тэрээр И Бюн Чолын гурав дахь хүү байсан ч ах дүүсийнхээ дотроос бизнесийн чадвараараа ялгарч, 1979 онд “Samsung Group”-н дэд ерөнхийлөгч болсон юм. Хэдэн жилийн дараа эцэг нь нас барах үед 1987 онд түүнд группын бүх эрх мэдэл ирэв. Энэ үед тэр анх удаа барууны туршлагаас судалж, компанидаа томоохон өөрчлөлт хийхээр шийдэж, бүх зүйлээ дэнчин тавиад тоо бус чанарыг чухалчилж, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээ эрчимжүүлж эхэлжээ. Энэ нь маш нүдээ олсон шийдвэр болж өнөөгийн их амжилтын эхлэл болсон юм.

“ЭХНЭР ХҮҮХДЭЭСЭЭ БУСДЫГ ЗОРИГТОЙ ШИНЭЧИЛ”

Энэ бол түүний алдарт ишлэл. Тиймээ, тэр үнэхээр эхнэр хүүхдээсээ бусдыг зоригтойгоор шинэчилж, тэр нь ихэнхдээ зөвддөг байсан. И Кун Хи 1967 онд хэвлэлийн магнат Хон Жун Кигийн охин Хон Ра Хитай гэр бүл болж, тэр насан эцэслэх хүртлээ түүнтэй ханилсан юм. Түүний хадам аав Хон Жун Ки бол тухайн үеийн алдартай хэвлэлүүдийн нэг “Жун Ан” өдөр тутмын сонин, одоогийн “KBS” буюу тухайн үеийн “Tongyang” телевизийг үүсгэн байгуулагч байв. И Кун Хи, Хон Ра Хи нар дөрвөн хүүхдийн эцэг эх. Гурван охин, нэг хүүтэй ба тэдний гурав дахь охин И Юн Хён 2005 онд амиа хорлосон юм. Одоо хоёр охин нь чебол системийн дагуу “Samsung” группт удирдах албан тушаал хашдаг бол ууган хүү И Жэ Ён нь эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэх талаар яригдаж байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж