"МАН тэтгэврийн реформ хийх амлалтаа мартаж болохгүй"

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

"МАН тэтгэврийн реформ хийх амлалтаа мартаж болохгүй"

"МАН тэтгэврийн реформ хийх амлалтаа мартаж болохгүй"

Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар "Ард Лайф" ХХК-ийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Гантулгатай ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Н.Учрал нарын таван гишүүний санаачилсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн ч дэмжигдээгүй?

-Тэтгэврийн реформ буюу шинэчлэлийн асуудал сүүлийн 25 жил яригдаж буй асуудал. Улстөрч, эдийн засагчдын гол ярианы сэдэв болоод байна. Монгол Улсад олон тулгуурт хуримтлалд суурилсан тэтгэврийн тогтолцоог бий болгох нь шинэчлэлтийн гол агуулга нь юм. Үүний хамгийн эхний алхам нь энэ оны тавдугаар сард шинээр өргөн баригдсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл юм. Гэвч УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны  байнгын хорооны хурлын үеэр зохион байгуулалтгүй, замбараагүй байдлаас үүдэн хуулийн төслийн хэлэлцүүлэг санал тэнцэж, уналаа.

Хуралдаанд гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоогүй. Жишээ нь, 14 хүний ирц бүртгэгдсэн байсан ч дөрвөн гишүүн танхимд байгаагүй. Танхимд санал өгсөн 10 гишүүний 7 нь дэмжиж, гурав нь татгалзсан санал өгсөн. Санал хураалтын дараа татгалзсан гурван гишүүний нэг нь кноп андуурсан гэх тайлбар өгсөн.

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт санал хураалтад оролцсон 14 гишүүний 7 нь дэмжиж, 7 нь татгалзаж санал тэнцлээ. Ийм тохиолдолд хуулийн төсөл дэмжигддэггүй юм байна. Тэгэхээр тэтгэврийн сангийн тогтолцоо, системийг шинэчлэх ажил хойшлогдож байна гэсэн үг. Тэтгэврийн системийг шинэчлэх ажлыг парламентаас хүлээхээргүй болж байгаа бололтой.

Угтаа бол шинэ парламент тэтгэврийн системийг шинэчлэх асуудалд цаг гаргаж, ажлын хэсэг байгуулах, хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх ёстой байсан. Тиймээс тэтгэврийн системийг шинэчлэх хуулийн төслийг дахин хэлэлцэх ёстой. Хууль эрх зүйн үндэслэлийг нь судалбал дахин хэлэлцэх учиртай, хуулийн төсөл буцаагдах үндэслэл байхгүй. Мөн энэ талаар олон нийт өөрсдийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнд саналаа хүргэх хэрэгтэй.

Ирэх дөрвөн жилийг хүлээхгүйгээр тэтгэврийн системийг шинэчлэхэд ажлын хэсэг байгуулагдах ёстой. Хэрэв хуулийн төслийг хэлэлцэх асуудал дахин хойшлогдвол тэтгэврийн системийг хэзээнээс  шинэчлэх нь тодорхойгүй эрсдэл үүснэ.

-Өргөн барьсан хувийн тэтгэврийн тухай хуулийн үр өгөөж нь иргэдэд шууд очих байсан. Гэвч хэлэлцүүгийн явцад буцаагдлаа?

-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн үндсэн зарчим нь хуримтлалын тогтолцоо буюу хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Иргэд тэтгэврийн хуримтлалд тодорхой хэмжээний орлого хийснээр эдийн засгийн эргэлтэд шууд хөрөнгө оруулалт, бодит зээл, хувьцааны хөрөнгө оруулалт болж компаниудад очно гэсэн үг. Тухайн компанийн үр ашиг нь иргэдэд очих боломжийг энэ хуулийн төсөл бүрдүүлж өгч байгаа юм. Харин улсын тогтолцоо даатгалд суурилсан. Үүний сул тал нь даатгалын бүтээгдэхүүний  хувьд тэтгэвэрт гарах нь эрсдэл болж хувираад байна. Даатгал бол эрсдэлийг хамгаалж буй санхүүгийн бүтээгдэхүүн байтал тэтгэврийн даатгал нь эрсдэл болсон. Мөн өнгөрсөн жилээс УИХ-аар тэтгэвэрт гарах насыг нэмсэн. Ингэснээр тэтгэвэрийн сангийн алдагдлыг бууруулах буюу тэтгэвэрт гарах хүний тоог багасгасан.

Хэрэв тухайн даатгуулагч, хөдөлмөрийн насны иргэн тэтгэвэрт гарах наснаасаа өмнө нас барвал одоо мөрдөгдөж буй тэтгэврийн даатгалын санд ашигтай. Гэтэл 20 настайдаа ажлын гараагаа эхэлсэн залуу хүн 65 нас хүрэхээс өмнө нас барвал түүний 38 жил төлсөн даатгалын үр ашиг, тэтгэврийн хуримтлал ар гэрт нь очдоггүй нь өнөөдрийн даатгалд суурилсан тэтгэврийн тогтолцооны хамгийн том сул тал.

Тухайн ажилтны 30, 40 жилийн хуримтлалын мөнгийг яагаад даатгалын шимтгэлд суутгаад байгаа юм. Энэ нь аль нэг улстөрч, арилжааны банк аль эсвэл даатгалын ажилтны хариуцлагагүй үйлдэл болж байна. Дээр нь эдийн засгийн эргэлтэд ордоггүй тул иргэнд ямар ч үр ашиггүй болчихож байгаа юм. Өнөөдөр тэтгэврийн насныхны 80 хувь нь 450 мянган төгрөгөөс бага буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэвэр авахын тулд иргэд бүхий л насаараа даатгал төлж, улсад ажилласан болж таарах уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Нөгөө талаас тэтгэврийн даатгалын сангийн шимтгэл нь сарын орлогын 17 хувьтай тэнцдэг. Хувь хүн 11.5 хувь, ажил олгогч 12.5 хувийн шимтгэл тэтгэврийн санд төлдөг. Ийм байдлаар тэтгэврийн даатгалын тогтолцооны гажуудлыг засч, шинэчлэлт хийхгүй үргэлжилбэл цаашид хүн амын насжилтын асуудал ч яригдана.

Хүн ам зүйн насжилтаас харахад өнөөдөр ажил эрхэлж буй 10 хүн  гурван өндөр настны тэтгэврийг төлж байгаа бол ирээдүйд өсөх хандлагатай байна. Цаашид 2040 онд хөдөлмөр эрхэлж буй арван хүн найман өндөр настны тэтгэврийг төлөх тооцоо байна. Тиймээс 17 хувийн шимтгэлийг гурав дахин нэмэгдүүлж байж өнөөдрийн тэтгэврийн хэмжээнд барина. Эсвэл 450 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй иргэдэд одоогийнхоос гурав дахин бага тэтгэвэр өгч байж өнөөдрийн тэтгэврийн хэмжээг барих болж байна. Тэгэхээр тэтгэврийн реформ хийх цаг нь болсон.

Дэлхийн улс орнууд хуримтлалд суурилсан тэтгэврийн реформд шилжсэн байхад манай улс ч бас реформ хийх цаг нь болсон. Хэрэв хувийн тэтгэврийн тухай хуулийг баталж, тэтгэврийн реформ хийвэл тухайн ажилтны 20, 30 жил хуримтлуулсан мөнгө ар гэрт нь өвлөгддөг болно. Нөгөө талаас тухайн хүний хуримтлуулж буй мөнгө хөрөнгө оруулалтын сангаар дамжин эдийн засгийн эргэлтэд орно.

-Хуулийн төслийг санаачлагчид энэ онд багтаж, УИХ-аар хэлэлцэн батлах ёстой гэх байр суурийг илэрхийлж байсан. Харин УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төсөл 2020 онд УИХ-аар батлагдах эсэхэд эргэлзэж байх шиг?

-Тэтгэврийн системийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай. Ирэх Баасан гаригт УИХ-аар Байнгын хорооны шийдвэрийг хэлэлцэнэ. Энэ үеэр Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дэмжээгүй шийдвэрийг буцаагаасай гэж хүсч байна. УИХ-ын гишүүн Н.Учрал нарын таван гишүүний санаачилсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд маш сайн хуулийн төсөл болсон. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тэтгэврийн шинэчлэлт, хувийн тэтгэврийн сангийн ажил хийгдсэн. Эдгээр ажлын тайлан Н.Учрал гишүүний ажлын хэсэгт давхар багтсан. Энэ бүх мэдээлэлд үндэслэвэл маш сайн хуулийн төсөл болсон ч илүү сайжруулж, хөгжүүлэхэд УИХ ажлын хэсэг гаргаж ажиллах шаардлагатай. Хэрэв энэ онд багтаж УИХ-ын намрын чуулганаар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталбал ирэх оноос хувийн тэтгэврийн сангууд байгуулагдаж, бодит амьдрал дээр мөрдлөг болох ёстой. Одооноос тэтгэврийн шинэчлэлийг хийхгүй бол цаашид оройтно.

Гэтэл тэтгэврийн системийг шинэчилнэ гэж ярьсан  хүмүүс одоо “цаг нь болоогүй” гэж дахин хойшлуулж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл. Эрх баригч нам УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөртөө тэтгэврийн системийг шинэчилнэ гэж амлачихаад одоо хэлсэн үгнээсээ буцаж байна.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой 16 хуулийн төсөл Улсын Их хуралд өргөн баригдаж байв. Энэ хугацаанд хуулийн төсөл өргөн барих бүрт ямар нэгэн байдлаар хуулийн төслийг хойшлуулаад байдаг. Одоо мөрдөгдөж буй даатгалд суурилсан тэтгэврийн тогтолцоо нь ажилтанд ашиггүй, тэтгэврийн насныханд ч ашиггүй.

Гэтэл удирдан зохион байгуулж буй  төр нь сүүлийн долоон жилийн хугацаанд 500 тэрбумын алдагдалтай, ашиггүй ажилласан. Үүний цаана өөр ашиг сонирхол байгаа болохоор тэтгэврийн системийг шинэчлэх хуулийн төслийг гацаанд оруулж унагаадаг гэх хардлага ч байна.

-Хуулийн төсөл буцаагдах өөр нэг шалтгаан нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой төслийг УИХ-д өргөн барина гэх мэдээлэл байна?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг хүлээгээд 25 жил өнгөрлөө. Хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар яагаад өргөн бариагүй вэ гэдэг нь өөрөө маш том асуудал. Тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төсөл өргөн барилаа ч УИХ-ын гишүүн Н.Учрал нарын өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээс зарчмын хувьд ямар ч ялгаа байхгүй.

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлд нэмэгдсэн нэг үндсэн зүйл нь иргэд нийгмийн даатгалын санд төлж буй 24 хувийн 17 хувийг тэтгэврийн даатгалын санд төлдөг. Энэ 17 хувиасаа дөрвөн хувийг хувийн тэтгэврийн сандаа хуримтлуулах боломжтой. Ингэснээр яамны мэдэлд байдаг 17 хувийн санхүүжилтээс дөрвөн хувийг нь иргэдийн сонголтод очно гэсэн үг. Гэтэл энэ нь яамны эсэргүүцэх гол шалтгаан болоод байна. Нөгөө талаас УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө эрх баригч нам мөрийн хөтөлбөрөөсөө буцах том шалтгаан нь боллоо.

Угтаа бол хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг энэ сарын 27-ны өдрийн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцээд дэмжих бүрэн боломжтой байсан. Зохион байгуулалт муу байсан төдийгүй санал өгөөгүй гишүүдийг татгалзснаар тооцсоныг ойлгоогүй. Ийм чухал хуулийг хэлэлцэхгүй хойшлуулж байгаа нь туйлын хариуцлагагүй санагдлаа.

-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг дэмжсэн гишүүдийн зүгээс Засгийн газрын бодлого, шийдвэртэй уялдах ёстой гэх байр суурьтай байгаа. Энэ талаар та юу гэж бодож байна?

-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл Засгийн газрын бодлогоос зөрсөн асуудал огт байхгүй. Бодлогын бичиг баримтад тусгагдсан төдийгүй МАН сонгуулиар мөрийн хөтөлбөртөө амласан шүү дээ. Гэтэл хуулийн төсөл хойшлогдох эрсдэлтэй болчихлоо. Ямартай ч хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх шаардлагатай.

-УИХ-аар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэн батлагдвал иргэд даатгалын болон хуримтлалд суурилагдсан гэх хоёр эх үүсвэрээс тэтгэвэр авах юм байна. Мөн нас барсан ч үр хүүхдэдээ өвлүүлэх нь олон нийтийн дэмжлэгийг аваад буй?

-Монголчуудын хувьд тэтгэвэрт гарахаас өмнө /55-65 нас/ нас барах тохиолдол түгээмэл. Гэтэл тухайн нас барсан хүн 30 жил даатгал төлсний эцэст тэтгэврийн үр ашигаа хүртэж чадахгүй, ар гэрт нь өвлөгдөх боломжгүй нь хамгийн том асуудал. Энэ бол тэтгэврийн тогтолцооны хамгийн том гажуудал. Цаашлаад нийгэмд хүн бүр бизнес хийх сонирхолтой болж байна. Учир нь, бизнес эрхэлбэл өвлөгдөж үлдэх боломжтой учраас тэр. Гэтэл үүний цаана төрийн үйлчилгээ доголдож байдаг. Жишээ нь, эмч хүн өглөө нь улсын эмнэлэгт, үдээс хойш хувийн эмнэлэгт, багш нар мөн л адил улсын болон хувийн сургуульд ажиллаж байна. Иргэддээ нийгмийн баталгааг нь гаргаж өгөөгүйээс л ийм гажуудал үүсээд байгаа юм. Хэрэв амьдрах баталгаатай, хуримтлалтай, өвлүүлэх хэмжээний хөрөнгөтэй бол төрийн алба хаагчид өмнөх ажилдаа л илүү анхаарна. Тэдэнд  заавал давхар ажил хийх шаардлага байхгүй.

Тэтгэвэр гэхээр зөвхөн өндөр настны асуудал мэт боловч нийгмийн хамгийн том систем юм. Дэлхийн улс орнуудад тэтгэврийн тогтолцоо нь өндөр хөгжсөн улс орнууд аз жаргалын индексээр тэргүүлж байдаг. Тухайлбал, Австрали, Дани, Голланд зэрэг улс оронд тэтгэврийн тогтолцоо маш сайн хөгжсөн.

Ирээдүй нь баталгаатай байхад эргээд тэтгэвэртээ гарахад хангалттай хэмжээний хуримтал үүссэн байдаг. Энэ бүх тогтолцооны эхний алхам бол тэтгэврийн реформ буюу хувийн тэтгэврийн хууль эрхзүйн орчныг тодорхой болгох шаардлагатай.

-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл нь зөвхөн иргэдэд төдийгүй нийгэмд ямар үр ашиг, өгөөжтэй вэ?

-Өнөөдөр нэг сая төгрөгийн цалинтай иргэнийн тэтгэврийн хэмжээ 450-500 мянган төгрөгөөр тогтоогдож байна. Тухайн иргэн тэтгэвэрт гарсан өдрөөсөө эхлэн 50 хувь бага орлоготой болно гэсэн үг. Өнөөдрийн тогтолцоо тэтгэврийн насныханд та насны амралтаа авсан өдрөөсөө эхлээд 50 хувь хямд, бага хоол ид гэсэн зарчим үйлчилдэг. Хүн мэдээж 50 хувь хямдхан хоол идэж, 50 хувь хямд хэрэглээтэй, нийгэмд 50 хувь бага оролцохыг хүсэхгүй. Үүнийг өнөөдрийн даатгалын тогтолцоо иргэндээ тулгаж байгаа нь маш харгис юм. Нийгмийн даатгалын сангийн хамгийн өндөр шимтгэлийг тэтгэврийн даатгал авч байхад тэтгэврийн насныхан авч буй тэтгэвэртээ сэтгэл дундуур байгаа нь чөтгөрийн тойрог шиг үргэлжлээд байна.

Хамгийн гол асуудал нь тэтгэвэрт гарах нь эрсдэл болж байгаа нь тогтолцооны хувьд хамгийн том гажуудал. Гэтэл хувийн тэтгэврийн тогтолцоо өндөр хөгжсөн улс орнуудад хамгийн мөнгөтэй, хамгийн их хуримтлалтай хүмүүс нь өндөр настнууд байгаа. Үүний тод жишээ нь, зуны улиралд жуулчдын 70-80 хувь нь өндөр настнууд байдаг нь тухайн улсын тэтгэврийн тогтолцоо нь маш сайн хөгжсөнийг харуулж байгаа юм.

Тухайн иргэн их хэмжээний хуримтлал үүсгэсэн учраас аялж зугаалах боломж нь нээлттэй байгаа юм. Тухайлбал, Японы аялал жуулчлалын салбарын хамгийн том хөрөнгө оруулагч нь тэтгэврийн сан. Гэтэл бид аялал жуулчлалаа хөгжүүлье гэж ярьдаг. Тэтгэврийн сан бол аялал жуулчлалын хамгийн том хөрөнгө оруулагч нь болж байгааг ч анхаарах хэрэгтэй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж