“Улаанбаатар” кино наадмыг 5000 гаруй үзэгч үзжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар” кино наадмыг 5000 гаруй үзэгч үзжээ

“Улаанбаатар” кино наадмыг 5000 гаруй үзэгч үзжээ

Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 19- 25-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ оны наадмын нээлтийн киногоор найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” шалгарч, монгол кино хөтөлбөрийн “Шилдэг уран сайхны кино” болон “Шилдэг найруулагч” шагналыг найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө” хүртсэн. Мөн “Шилдэг зохиол” шагналыг найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий” киноны зохиолчид, “Номадиа Пикчерс” компанийн нэрэмжит шилдэг продюсер шагналыг найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” киноны продюсер Ч.Ундрал нар тус тус гардан авсан.

Монгол кино уралдааны шүүгчээр уран сайхны удирдагч, Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, кино судлаач Б.Түмэн-Өлзий, Монголын үндэсний кино хорооны ерөнхийлөгч Н.Оргил, кино шүүмжлэгч, утга зохиол судлаач .П.Батхуяг, зөвлөх Энн Делсет, Тибу Брак нар ажиллажээ.

“Улаанбаатар” кино наадмын  албан ёсны хөтөлбөрт Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн “А” зэрэглэлийн кино наадмын шагналт Монгол, Австрали, Бразил, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Хятад, Тайвань, Япон улсын 18 бүрэн хэмжээний, нэг богино хэмжээний уран сайхны киног нийт 5000 гаруй үзэгчдэд толилуулжээ. Үүнээс 1400 нь кино урлагийг дэмжигч хүүхэд багачууд байсныг зохион байгуулагчид хэлж байв.

Мөн наадмын хүрээнд “Ирж яваа цаг” кино форумыг аравдугаар сарын 22-ноос 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Форумын үеэр “Кино урлаг ба Ковид-19, цаашдын чиг хандлага” болон “Локарно кино наадмын нээлттэй хаалга хөтөлбөрт Монгол кино найруулагч, продюсерууд оролцох боломж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хэлэлцүүлэгт нийт 200 гаруй кино уран бүтээлчид, кино урлагийн сургуулийн оюутнуудыг хамруулсан гэнэ.

Наадмаар толилуулсан кино бүрт үзэгчдийн саналыг цуглуулан тоолж, үзэгчдийн нэрэмжит “Шонхор” шагналыг олгодог уламжлалтай. Энэ оны шагналыг БНХАУ-ын найруулагч Ван Сиао Шуайн “Баяртай, хүү минь” кино хүртжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж