"Оюутолгой"-н ТУЗ-д Н.Багабанди үлдэж, хоёр шинэ хүн томилогдов

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

"Оюутолгой"-н ТУЗ-д Н.Багабанди үлдэж, хоёр шинэ хүн томилогдов

"Оюутолгой"-н ТУЗ-д Н.Багабанди үлдэж, хоёр шинэ хүн томилогдов

Монгол Улсын Засгийн газар 2020 оны есдүгээр сарын 14-нд  "Оюутолгой" ХХк-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүдийг сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан. Тодруулбал, Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас гарсан тэмдэглэлийг үндэслэн “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүнд нэр дэвших этгээдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нийтэд зарласан.

ТУЗ-ийн гишүүдэд тавьсан шаардлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ удаагийн сонгон шалгаруулалт нь Санхүүгийн шинжилгээ хийх, уг чиглэлээр баг гаргаж, ажиллуулах, Гүний уурхайн чиглэлээр судалгаа хийх, Олон нийттэй харилцах гэсэн гурван чиглэлээр сонгон шалгаруулахаар байсан юм.

Энэхүү нээлттэй сонгон шалгаруулалтад нийтдээ 47 хүн материалаа ирүүлжээ. Үүнээс хоёр хүнийг сонгож, өчигдөр /2020.10.28/ Засгийн газрын хуралдаанаар ТУЗ-ийн гишүүдийг томилов. Харин одоо ТУЗ-ийн гишүүн байгаа Н.Баганбандийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргажээ.

Н.БАГАБАНДИЙГ УЛС ТӨРИЙН ТОХИРОЛЦООГООР ҮЛДЭЭВ

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ есөн гишүүнтэй. Үүнээс зургаа нь хөрөнгө оруулагч тал, гурав нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлдөг. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга нь Г.Батсүх байгаа бол ТУЗ-ийн бусад гишүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал асан Ц.Түмэнцогт нар ажиллаж байсан юм. Харин тэдгээрээс Ерөнхийлөгч асан Н.Багабандийг ТУЗ-ийн гишүүнээр хэвээр үлдээх улс төрийн тохиролцоо хийгджээ. Н.Багабандийн хувьд 2016 онд "Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон юм. Энэ удаад Монголын талын гурван ТУЗ-ийн гишүүнийг бүгдийг нь солино гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан ч намын дарга У.Хүрэлсүхийн хувьд Н.Баганбандитай “гар барьсан” учраас түүнийг суудалд нь хэвээр үлдээх тохироо хийж, ийн хоёр шинэ гишүүнийг томилжээ.

Ц.ЦЭРЭНПУНЦАГ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР ТУЗ-Д ӨӨРСДИЙН ХҮНЭЭ ТАВЬСАН УУ?

Шинээр томилогдсон хоёр гишүүний хувьд АНУ-д Morgan Stanley компанид ажилладаг Э.Баясгалан, “Аспайр Майнинг” компанийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир нар томилогдсон. Э.Баясгалангийн хувьд АНУ-д амьдарч байгаа бөгөөд Л.Оюун-Эрдэнэ сайд онлайнаар ярилцлага хийж, ТУЗ-д тавигдах шаардлага хангаж байгаа эсэхэд нь биечлэн оролцсон гэх мэдээлэл байна. Э.Баясгалангийн хувьд нас залуу ч гадаадад өндөр боловсрол эзэмшсэн давуу талтай гэнэ. Түүнээс гадна Э.Баясгаланг "Моннис" группийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатарын хамаатан гэх мэдээлэл ч бий.

Харин З.Ган-Очирын хувьд “Аспайр Майнинг” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Уул уурхайн салбар, улс төрийн хүрээнд “Аспайр Майнинг” компанийн тодорхой хувийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг гэх мэдээлэл бий. Тэрбээр энэ компанийн тодорхой хувийг эзэмшдэг, уул уурхайн салбарт ашиг сонирхолтой учраас ийн өөрийн хүнээ томилсон гэх. З.Ган-Очирын хувьд ШУТИС-ийг төгссөн, Канадын Break Water resources, “Майн Инфо” зэрэг компанид ажиллаж байсан. 2005-2010 оны хооронд "Алтай гоулд" ХХК-ийн захирал, “Аспайр Майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ. Мөн З.Ган-Очир нь Хонконг Шинжлэх ухаан, технологийн сургуулийн санхүүгийн мастер хамгаалжээ.

Ямар ч гэсэн шинээр сонгогдсон хоёр ТУЗ-ийн гишүүдийг томилж, Н.Багабандитай нийлж, Монголын талыг тэд төлөөлөхөөр боллоо. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах, хэлэлцээрийн ширээнд суух асуудал яригдаж байгаа энэ үед улсынхаа эрх ашгийг илүүд үзсэн шийдвэрүүдийг гаргах байх гэсэн хүлээлт олон нийтэд бий.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
173
ТэнэглэлТэнэглэл
16
БурууБуруу
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж