Ж.Ганбаатар: Хувийн хэвшлээ дэмжсэн төсвийн зарцуулалт чухал байна

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

Ж.Ганбаатар: Хувийн хэвшлээ дэмжсэн төсвийн зарцуулалт чухал байна

Ж.Ганбаатар: Хувийн хэвшлээ дэмжсэн төсвийн зарцуулалт чухал байна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.


-2021 оны төсөв хэлэлцэгдэж байна. Гишүүд төсвийг янз бүрээр л дүгнэж байгаа. Таны хувьд алдаа, оноотой зүйл нь юу байна вэ?

-УИХ-ын гишүүдтэй би ижил байр суурьтай байгаа. Төсвийн алдагдал дэлхий даяар өсөж байна.  Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр алдагдалтай төсөв дан ганц Монгол Улсад бус дэлхий нийтээрээ батлагдаж байна. 2021 оны төсвийн алдагдлыг өмнөх жилийнхээ 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, 2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь байхаар оруулж ирсэн. Хөрөнгө оруулалтын нийт зардал 3.49 их наяд төгрөг. Үүнээс барилга байгууламж 2.6 их наяд, засвар 88 тэрбум төгрөг суулгасан.  Төсвийн зарлагын  87 орчим хувь нь урсгал зардал байна. Төсвийн байгууллагын нийт ажилчдын цалин, дулаан, цахилгаан, тавилга тохижилт, гадаад, дотоод томилолт, олон дэд дарга нарын цалин энэ бүхэн  урсгал зардал.

2016 онд гишүүн болсноосоо хойш төсвийг анзаарахад, өмнө жил нь баталсан хөрөнгө оруулалтын зардал дараа жилдээ төсөвт урсгал зардлыг нэмэгдүүлдэг талтай. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгө оруулалтын зардал нь ирэх жилийнхээ төсвийн  урсгал зардлыг өсгөдөг гэсэн үг.

Тиймээс аль болох төсвөөс орох хөрөнгө оруулалтыг зардал өсгөдөг салбарт битгий оруулаач гэдэг асуудлыг би хөнддөг. Хувь хүн, айл өрх зуслангийн байшин худалдаж авлаа гэхэд түүнийгээ тохижуулах, цахилгаан, дулааныг нь  шийдэхээс эхлээд харуул хамгаалалтад санхүү хөрөнгө шаардагддаг шүү дээ. Машинтай боллоо гэхэд шатахуун, граш авах хэрэгтэй болдог.  Яг үүнтэй адил төсвийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтууд дараа дараагийн жилүүддээ ч урсгал зардал нэмэгдүүлдэг. Иймэрхүү урсгалд зардалд төсвийн мөнгө зарцуулагддаг байж болохгүй. Буцааж үр өгөөжөө өгдөг бол өөр хэрэг.

Хоёрдугаарт, төрийн мөнгө гэж байдаггүй, төсвийн орлогыг татвар төлөгчид бүрдүүлдэг. Иймд ялангуяа төсөв хэлэлцэх үеэр ард түмний мөнгийг зарцуулахдаа  аль салбарт зарцуулах уу гэдэгт саналыг нь авдаг байх ёстой.

Бизнесийн орчныг дэмжих сайн дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, тээврийн гол замууд барихад төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулаасай гэж хувийн хэвшлийнхэн хүсч байна.

-УИХ-ын гишүүдийн зүгээс 2021 оны төсвийн хуваарилалт харилцан адилгүй байгааг шүүмжилж байгаа. Та үүнтэй  санал нийлэх үү?

– Зарим аймагт төсвийн хуваарилалт шударга бус байгаа. Гэхдээ ихэнх хөрөнгө оруулалт нь дэд бүтэц  буюу зам тавихад зарцуулагдах юм билээ. Нийслэлийн хөрөнгө оруулалт аймгуудаас хэд дахин бага байна. Гэтэл Улаанбаатар хотод нийт хүн амын дийлэнх олонх нь амьдарч ажиллан, төрийн үйлчилгээг авч байна.

Хоёрдугаарт, зарим аймаг, суманд хэрэгцээгүй сургуулиуд их байна. Анги дүүргэлт нь 20 хүүхдээс хэтэрдэггүй. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “Огт шаардлагагүй, буруу зүйлсэд төсвийн хөрөнгийг үрэн таран хийсээр байна” гэсэнтэй би хувьдаа санал нийлнэ. Үнэний ортой. Гэтэл манай Баянгол дүүрэгт гурван ээлжийн сургууль нэг ч байхгүй гэх боловч хүүхдүүд нэг ширээнд гурвуулаа сууж байна. Ажил хийсэн болж  хүчээр харагдах гэж.

Уг нь төсвийн орлого жил бүр чамлахааргүй нэмэгдэж байгаа. 2016 онд төсвийн нийт орлого 6-7 их наяд орчим төгрөгт эргэлддэг байсан бол дөрвөн жилийн хугацаанд 12 их наяд төгрөг болтлоо өслөө. Төсөв томорч байгаагийн гол шалтгаан нь иргэд, ААН-ийн татвараа сайн төлж байна гэсэн үг. Татвараа төлөөд л байдаг. Гэтэл нийслэлийн иргэд түгжрэлд хамаг ажил, амьдралаа барж байна. Эцсийн дүндээ агаарын бохирдол, түгжрэлийг шийдээд өгөөч гэж иргэд татвараа төлдөг. Уг нь нийслэлийн түгжрэлийг шийдэх бүрэн боломжтой  шүү дээ.

-Хэрхэн?

-Олон арван сая хүн амтай томоохон хотуудад хэрэгжүүлдэг шиг дугаарын хязгаарлалт хийх, эсвэл автомашинуудыг тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулах, хотын төв рүү нэврүүлэхгүй байх гэх мэт шийдлийг манайхан ярьдаг. Гэтэл 3.3 сая хүн амтай манайд асуудлыг дээрх байдлаар шийдэх бус аль болох олон зам барих нь зөв юм. Замын асуудлыг хувийн хэвшилд боломж гаргаж өгвөл шийдэж болно гэж харж байгаа. Ерөнхий сайд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан шигээ одоо түгжрэлийг бууруулахад дорвитой арга хэмжээг аваасай гэж хүсч байна.

Хэрэв төсвийн 2.2 их наядын алдагдлаа багасгахгүйгээр энэ хэвээр нь баталбал Засгийн газрын гадаад өр л гэхэд 8 тэрбум ам.доллар давахаар болж байна. Мөн дотоод өрийн өртөг ч ачаа болж нэмэгдэнэ. Нөгөө талдаа ажилгүйдлийг бууруулах бодлого төсвийн гадна үлдчихлээ?

-Таны хэлсэнтэй санал нийлнэ. Бүх л байгууллага төрийг анхаараач ээ гэж хэлдэг. Сүүлийн үед циркчид ч гэсэн төрд хандаж байна. Мэдээж чухал биш асуудал гэж байхгүй. Соёл урлаг, спорт, нийгмийн бүх асуудал чухалдаа орно. Энэ бүгд эргээд л эдийн засагтай холбогддог. Аав хүн таван хүүхдийнхээ бүгдэд нь анхаардаг болохоос нэг, хоёрыг нь алагчлаад байдаггүй биз дээ. Түүн шиг төрийн анхаарал халамж  нийгмийн бүх салбарт ижил тэгш хүрэх ёстой.  Ингэхийн тулд Монгол Улс эдийн засгийн хувьд хүчирхэг байх ёстой.

Монгол Улсын хөгжлийн гаргалаа иргэдээ ажилтай, орлоготой болгох явдал юм. Ажил хийж байгаа хүн бүр улсдаа татвар төлж төсвийн орлогыг тэлнэ.

-Халамжийн мөнгө авах шаардлагагүй хүмүүс халамж авдаг, ер нь тогтолцоо нь өөрөө буруу яваад байна гэдэг. Жишээ нь, хүүхдүүд халамжийн мөнгө авах зорилтот бүлэг мөн үү?

-Хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оны зургадугаар сар хүртэл үргэлжлүүлэн олгохыг дэмжиж байгаа. Гаднын орнуудад ч байдаг жишиг. Хүүхдийн мөнгөнд гар татахгүй, бусад төрлийн халамжуудаас татгалзах ёстой.

-Төсөвт ЖДҮХС-д нэг ч төгрөг суулгаагүй. Жижиг, дунд үйлдвэрлэлд анхаараагүй шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Үндсэндээ төсвөөс ЖДҮХС-д 2018 оноос хойш мөнгө суулгаагүй. Сангийн сайдын тайлбар бол “Энэ санд мөнгө бий, үүнийгээ ашиглах ёстой” гэдэг. ЖДҮ-ийг дэмжих сан бол төрийн байгууллага. Алдагдалтай, ашигтай ажиллана гэсэн ойлголт байхгүй. Харин зээлсэн мөнгөө буцааж авч чадахгүй байгаа эсэхийг нь л алдагдалтай ажилласан гэж хэлж байгаа байх. Миний дуулснаар сүүлийн хоёр, гурван жилд өгч байгаа зээлүүд нь эргэж ирэхгүй зээл биш байх. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд бүх бизнес амжилтад хүрдэггүй. Зээлсэн мөнгө болгон буцаж ирэхгүй. Банкинд ч ялгаагүй тодорхой хэмжээний эрсдэл үүсдэг. Түүнтэй адил сан дээр ч гэсэн эрсдэл үүснэ. Гэхдээ тэр эрсдэл нь хэт их давамгайлдаггүй. Уг нь ЖДҮХС-г төр бөөцийлөөд аваад явмаар байгаа юм. Өмнө гаргасан алдаагаа давтахгүй гээд өнөөдрийн хүмүүсээ нулимж болохгүй. ЖДҮХС-д нийт 2.2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн гэсэн.

-Манай улс энэ жил 42 сая тонн нүүрс экспортолно гэж төсвийн орлогоо тооцсон. Гэтэл нөгөө талд нүүрсний тээвэрлэлтийн хүчин чадал, хилийн боомтуудын нэвтрүүлэх чадамж хангалттай бус байгаа шүү дээ?

-Өндөр төлөвлөх нь буруу зүйл биш. Яахав нүүрсний үнийн тухайд асуудал бий. Энэ оны эцэст гэхэд хамгийн ихдээ 36 сая тонн нүүрс гаргах нь ч эргэлзээтэй. Ирэх жил 42 сая тонн нүүрс гаргана гэхэд биелэгдэхэд хэцүү л тоо.

-Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд үнэт цаас гаргана гэсэн. Ер нь урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж төсвийн алдагдлаа нөхөхөөс илүүтэй зарлага талаа анхнаасаа танах боломжгүй юм уу?

-Сангийн сайд 1,2 их наяд төгрөгийн үнэт цаас гаргахаар тооцсон гэж хэлсэн.  Ингэхдээ Үнэт цаасыг блокчейн дээр суурилсан систем дээр зарна. Энэ нь хувь хүн болон аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нь нээлттэй гэсэн тайлбарыг өгч байна лээ. Гэхдээ үүнд Хөрөнгийн бирж нь бэлэн үү гэх мэт олон асуултын хариулт бүрхэг хэвээр байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж