АЖИЛ ХИЙЖ БАЙГАА НЭГ ИРГЭН ХАЛАМЖ АВДАГ ГУРВАН ХҮНИЙГ ТЭЖЭЭЖ БАЙНА
2020 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын Засгийн газар нийт 72 төрлийн халамжийн үйлчилгээнд 1.7 их наяд төгрөг зарцуулжээ. Монгол Улсын жилийн төсвийн нийт орлого 6.7 их наяд төгрөг гэвэл орлогын гуравны нэг нь халамжинд зарцуулагдаж байна.
Гурван сая гаруй хүн амын 60 хувь нь нийгмийн халамж их бага хэмжээгээр хүртдэг аж. Халамжийн хамрах хүрээ тэлж, хамрагдах хүний тоо нэмэгдсээр байгаа бол ажилгүйдэл, ядуурал эсрэгээрээ жилээс жилд өсч байна. Аливаа улсын төр шаардлагатай иргэдэдээ халамж үзүүлэх нь зүй боловч халамжийн бодлого нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг туших, иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд амтших, төрийн халамж нэрээр сонгуулийн санал “худалдан авах” арга хэрэгсэл болгож байгаа бол энэ нь халамжийн бодлого биш төрийг эрхийг төрийн мөнгөөр худалдан авах хэрэг болно.
Энэ 2020 он бол сонгуулийн өндөр жил байлаа. УИХ-ын болоод Орон нутгийн сонгууль явагдаж өнгөрлөө. Дээр нь COVID-19 өвчний цар тахал давхцаж, эдийн засаг, бизнесийн орчин хумигдаж, иргэдийн орлого тасалдсаныг халамжийн бодлогоор хааж, үр дүнг нь эрх баригчид хүртлээ. Ажил, орлогогүй болсон иргэд амьдрахын тулд сул ажлын байр руу хошуурах ёстой байтал сарын 400-500 мянган төгрөгийн цалинтай ажлыг голоод хийхгүй байгаа талаар ажил олгогчид гомдоллож эхэллээ. Яагаад гэвэл 400-500 мянган төгрөгийг гэртээ зүгээр сууж байгаад төрөөс халамж нэрээр авчихаж байна.
Халамжийн үйлчилгээнд 2016 онд 543.2 тэрбум, 2017 онд 556.3 тэрбум, 2018 онд 624.7 тэрбум, 2019 онд 667.3 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ. 2020 оны батлагдсан төсөв нь 750.6 тэрбум төгрөг.
Халамжийн бодлогоо хавтгайруулалгүй яаж зорилтот хүмүүст хүргэх вэ, нэг хүн хөдөлмөрлөж, бусад нь 10 нь тэжээлгэдэг байдлыг яаж халах вэ, халамжийн бодлого зорилгодоо нийцэж байна уу сэдвийн хүрээнд “НЭГ СЭДЭВ, НАЙМАН ЭХ СУРВАЛЖ” булангийнхаа ээлжит дугаарыг бэлдлээ.
ЭХ СУРВАЛЖ 1
ХОЁР АМЬДРАЛ: Ажил хийх үү, халамж авах уу?
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудаг хоёр өрхийг сонгон авч, нийгмийн халамжид хэрхэн хамрагддаг талаар харьцууллаа.
Тус дүүргийн 11 хороонд амьдардаг О.Халиуных ам бүл долуулаа. Гэрийн эзэн барилгын компанид ажилладаг бол эхнэр нь хувийн нэгэн компанид үйлчлэгч хийдэг. Таван хүүхдийнх нь том нь өдгөө 27, бага нь найман настай. Тэдний гурван хүүхэд нь сар бүр 100 мянган төгрөгийн “цалинтай”. 2020 оноос Засгийн газар хүүхэд бүрт 100 мянган төгрөг өгөх болсон. Тэднийх амьдралын төвшин багатайдаа ордог, нийтийн байр түрээсэлж амьдардаг. Эхнэр, нөхөр хоёрын сарын орлого нь нийлээд нэг сая орчим. Нөхөр нь цалингийн зээлтэй. Сар болгон 210 мянган төгрөг төлнө. Түрээсийн байрны мөнгө 160 мянга. Сарын цалин, хүүхдийн мөнгөө цахилгааны төлбөр, түрээсийн байрны мөнгө, хоол унд, автобусны мөнгөндөө зарцуулаад дуусна. Ёстой л хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхнө. Аль болох амьдралаа авч явахыг хичээвч, жилээс жилд мах, гурил, будаа, талх, тарианы үнэ нэмэгдэж, харин өөрсдийнх нь цалин бахь байдгаараа.
“Нөхөр бид хоёр олон жил ажил хийж, татвараа төлсөн ч амьдрал дээшилсэн юм алга. Өдрөөс өдөрт бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь тогтмол цалинтай манайх шиг айлд эдийн засгийн дарамт болдог. Болж өгвөл төрөөс өгч буй хүнсний талонд хамрагдмаар байна” гэж эхнэр Ч.Янжмаа ярьсан юм.
Тэгвэл Б.Төрөөгийнх таван хүүхэдтэй, эхнэр нөхөр хоёулаа тогтсон ажилгүй. Нөхөр нь эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийх боломжгүй учир тэтгэмж авдаг. Гурван хүүхэд нь хүүхдийн мөнгө сар бүр авна. Эхнэр нь “цалинтай ээж”. Тэднийх тогтсон орлогогүй учраас хорооны нийгмийн ажилтан хүнсний талонд хамруулж өгчээ. УИХ-ын 2020 оны сонгуулийн дараагаас сард 70 мянган төгрөгийн хүнсний талон авдаг байсан бол 140 мянган төгрөг болж өссөнд эхнэр, нөхөр хоёр баяртай байна. Тэднийх сар бүр нийгмийн халамжийн үйлчилгээнээс 790 мянган төгрөгийн орлогоороо амьдарна.
Хорооныхоо нутаг дэвсгэрт байрлах “Элбэг” март дэлгүүрээс нэг удаа хүнсний талоноороо худалдан авалт хийдэг аж. Мах, гурил, будаа, гоймон авдаг гэв. Хүнсний талонд архи, тамхи, согтууруулах ундаа өгдөггүй.
“Би барилгын ажил хийдэг учраас өвлийн улиралд ажилгүй болчихдог тул хүүхдүүдээ сургуульд нь зөөдөг. Хүүхдийн мөнгөө аваад түрээсийн байрны 150 мянган төгрөгөө өгнө. Хүүхдүүд сургуульд сурахаар хэрэглээ ихтэй болдог. Завсар зайнд нь ажил гарвал хийнэ” Мэргэжилгүй учраас ажилд авах газар бараг олдохгүй. Тэгээд ч хүүхэд маань бага тул харах хүнгүй. Цэцэрлэгт өгөх гэхээр цэцэрлэг олддоггүй” гэж эхнэр С.Туяа ярилаа. Ямар ч байсан халамжийн мөнгөөр тэднийх амиа болгоод байдаг аж.
А.СҮРЭН
ЭХ СУРВАЛЖ 2
“Нэг өрх дунджаар 3-4 төрлийн халамж авч байна”
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн С.Тунгалаг
-Халамжийн үйлчилгээний хэрэгжилтэд тухайн сум, хороо, дүүргийн нийгмийн ажилтан хяналт тавих үүрэгтэй. Танай хороонд хэчнээн иргэн халамж авдаг вэ. Яг зорилтот бүлгийн хүмүүс болохыг яаж тогтоож, халамжид хамруулах шийдвэр гаргадаг вэ?
-Манай хороонд 2206 өрхийн 8863 иргэн оршин суудаг. Хороонд харьяалалтай иргэд нийгмийн халамжийн 72 төрлийн үйлчилгээнээс гурван төрлийн халамжийг түлхүү авдаг. Үүнд, тэжээгчээ алдсаны тэтгэмж, өндөр настны тэтгэмж, байнгын асаргааны тэтгэмж багтаж байна. Нэг өрх дунджаар 3-4 төрлийн халамж авдаг. Бид хуулийн заалтад нийцсэн, шаардлага хангасан иргэдэд халамж олгодог. Халамж олгоход хамгийн эхний шалгуур бол тухайн хүний иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын эрх үүсч байгаа эсэх, хөдөлмөр магадлах комиссоор орсон эсэх актын хуулбарт үндэслэн халамж олгох үндэслэлээ тогтооно. Халамж олгох зайлшгүй шаардлагатай нийгмийн хэсэг бүлэг бий.
Нөгөөтэйгүүр, ажил хийх сонирхолгүй, аль болохоор халамжаар амьдрах хүсэлтэй залуус байна. Жишээ дурдахад, “Цалинтай ээж” хөтөлбөрийн тэтгэмж болох 50 мянган төгрөгийг 0-3 хүртэл насны хүүхэдтэй ээжүүдэд сар болгон өгдөг. Үүнийг дагаад гэртээ хүүхдээ асарч байна гэх шалтгаанаар хүнсний талонд хамрагдах сонирхол байдаг. Ийм хүсэлт гаргасан залууст боломжгүй болохыг нь тайлбарладаг. Хүнсний эрхийн бичгийг амьжиргааны түвшин доогуур босго оноо 292.2-оос доош үзүүлэлтэй айл өрхөд олгодог. Гэтэл хөдөлмөрийн насны хүмүүс хэрнээ 292.2-оос доош босго оноотой гээд хүнсний эрхийн бичигт хамрагддаг тохиолдол бий.
Хөдөлмөрийн насны залуусын хувьд хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан бол нийгмийн даатгалаас эрх нь үүссэн болон үүсээгүй байсан ч халамжийн үйлчилгээнд хамрагдах эрхийг нь бид тогтооно. Мөн байнгын асаргааны тэтгэмжийг олгохдоо иргэний хүсэлт, эмч нарын тодорхойлолтод үндэслэн тухайн айлд очиж нягталсны дараа нь шийдвэр гаргана. Аливаа халамжийн үйлчилгээнд иргэдийг хамруулахад бичиг баримтаа бүрдүүлсэн цагаас нь эхлэн Хяналтын мэргэжилтэн, Халамж олголтын мэргэжилтэн зэрэг олон шат дамжлагаар нарийн нягталж, шалгасны эцэст халамж өгөх эсэхийг шийднэ. Хуурамчаар хүний нэр, гэрийн хаяг дээр халамж авах, хуурамч бичиг баримт бүрдүүлэх боломжгүй. Хуулийн шаардлагад нийцэхгүй бол халамжийн үйлчилгээнд хамруулахгүй.
Б.ЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ 3
ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛСНААР ХАЛАМЖ АВАХ ИРГЭДИЙГ ОРЛОГООР НЬ АНГИЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны /ХНХЯ/ ахлах мэргэжилтэн Б.Алтантулгатай ярилцлаа.
-2020 оны есдүгээр сард Монгол Улсын 2.3 сая иргэн халамжийн үйлчилгээнд хамрагдсан гэх статистик байна. Өнөөдрийн байдлаар хэчнээн нэр төрлийн халамжийн үйлчилгээг Монголын төр иргэдэд үзүүлж байна вэ?
-Монгол Улс иргэддээ 12 нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн багц үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал,
- Нийгмийн халамжийн тэтгэвэр,
- Асаргааны тэтгэмж,
- Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж,
- Ахмад настанд үзүүлсэн тусламж хөнгөлөлт,
- Хөгжлийн бэрхшээлтэйй иргэнд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт,
- Эхийн алдарт одонтой ээжүүдэд олгох мөнгөн тэтгэмж,
- Жирэмсэн болон нярай хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн мөнгөн тэтгэмж,
- Алдар цолтон ахмад настанд үзүүлсэн нэмэгдэл, хөнгөлөлт,
- Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ,
- Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ,
- Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж, насны хишиг зэрэг орно.
Дээрх 12 нэр төрлийн багц халамж нь зорилтот бүлэг болон төрлөөсөө хамааран дотроо 72 нэр төрөл болж задардаг. Нийгмийн халамжийн тэтгэвэр нь дотроо таван төрөлд хуваагддаг бол тэтгэмж нь дотроо дөрвөн төрөлд хуваагддаг юм. Халамжийн үйлчилгээнд 2016 онд 543.2 тэрбум, 2017 онд 556.3 тэрбум, 2018 онд 624.7 тэрбум, 2019 онд 667.3 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан. 2020 оны батлагдсан төсөв нь 750.6 тэрбум төгрөг. Жилд тогтмол 800 мянган хүн нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авч байна. 72 нэр төрлийн үйлчилгээний зарцуулж байгаа төсвөөс харвал хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөр арга хэмжээнүүдэд нийт төсвийн 60 орчим хувь нь зарцуулагддаг.
-Хүнсний талоныг хэчнээн хүнд өгдөг вэ. Нэг хүнд сард хэдэн төгрөгийн хүнсний талон олгодог вэ?
-Дэлхийн улс орнууд аль ч нийгмийн үед зорилтот бүлэг буюу нийгмийн эмзэг давхаргынхандаа хүрч үйлчилдэг. Азийн хөгжлийн банкны 2020 оны судалгаанд “Монгол Улсын халамжийн мөнгө нь тухайн өрхийн орлогын 12 хувийг эзэлдэг” хэмээн дурдсан байсан. Тэгэхээр халамжийн үйлчилгээ хавтгайрсан гэдэгтэй санал нийлэхгүй. Нөгөөтэйгүүр, нийгмийн халамжийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай нэн ядуу иргэдэд хүнс тэжээлийн дэмжлэгийг үзүүлдэг. Улсын хэмжээнд 808 дэлгүүрээр дамжуулан иргэдэд мах, сүү, гурил, элсэн чихэр, гэх мэтчилэн 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг олгож байна. Тухайн иргэний өдөрт хоол, хүнснээс авах ёстой наад захын хэрэгцээг хангах үүднээс хүүхдэд 8000 төгрөг, насанд хүрсэн хүнд 16000 мянган төгрөгийн хүнсний талон олгодог. Өнөөдрийн байдлаар хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд улсын хэмжээнд 44 мянган өрхийн 243 мянган иргэн хамрагдаж байна. Үүнээс 49 хувь нь хүүхэд, 16 хувь нь ахмад настан, 15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Хүүхдэд сарын хүнсэнд 8000 төгрөг төсөвлөсөн нь зах зээлийн ханшаар бодвол бага мөнгө. Зарим өрхөд амьдралд нь маш их дэмжлэг болж байна.
-Халамж яг зорилтот бүлэгтэй хүрч чадаж байна уу. Үүнийг хянах боломж бий юу?
-Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын хувьд орлого болон татварын систем нь нээлттэй учраас иргэдийн орлогийг үндэслэн халамж олгодог. Монголд орлогоор нь тооцох боломжгүй учраас иргэдийн хэрэглээгээр нь тооцож халамж олгодог. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ХНХЯ-аас өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг шинэчилнэ хэмээн тусгасан. Энэ хүрээнд халамжийн бүх үйлчилгээг цахимжуулахыг зорьж байна. Өнөөдрийн байдлаар халамжийн зургаан үйлчилгээ цахимжсан. Цаашдаа мэдээллийн сан баяжаад бусад мэдээллийн сантай холбогдоод эхлэхээр орлогоор нь тооцох нөхцөл бүрдэх юм. Нөгөөтэйгүүр нэн ядуу өрхүүдийн мэдээлэл нь цахим мэдээллийн санд байдаггүй учраас хороо, дүүргийн ажилтнууд очиж шалгадаг нь хэвээр байна.
Өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд 700 гаруй мянган өрхийн 2.7 сая иргэний мэдээлэл бүртгэгдсэн байна. ХНХЯ болон Үндэсний статитистикийн хороотой хамтран баталсан аргачлалаар гурван жил тутам өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг явуулсны үндсэн дээр өрхийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлсэн. Судалгаанд хамрагдсан өрхүүд 0-1000 оноотой байдаг. 0 рүү ойртох тусам хэрэглээ багатай буюу ядуу өрх гэж тооцогддог бол 1000 руу ойртох тусам өндөр хэрэглээтэй гэсэн үг. Гэхдээ энэхүү судалгаанд топ түвшний чинээлэг хүмүүс хамрагддаггүй.
-Авлигатай тэмцэх газраас ноцтой зөрчил илрүүлсэн тухайгаа зарлалаа. Баян-Өлгий аймагт хийсэн шалгалтаар группт байдаг 400 гаруй иргэнийг шалгахад тал нь цоо эрүүл байна гэсэн. Тэгвэл халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох үйл явцад ямар байгууллага хяналт тавих үүрэгтэй юм бэ?
-Тус хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь халамжийн хэрэгжилтэд тухайн сум, хороо, дүүргийн нийгмийн ажилтан, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хэлтсүүд хяналт тавих үүрэгтэй.
Э.БУРАМ
ЭХ СУРВАЛЖ 4
SPEAK OUT: ХАЛАМЖИЙГ БИШ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ЁСТОЙ
ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН:
-Монгол Улсад ихээхэн алдаатай хэрэгжиж байгаа бодлогын нэг нь энэ нийгмийн халамжийн асуудал. Хэт улстөржилтөөс эхлэлтэй, улс төрийн ашиг хонжоо хайсан сэтгэлгээнд суурилан улам нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Бэлэнчлэх сэтгэлгээг нэмэгдүүлэхээс гадна, төсвийн үр ашигт байдалд хүчтэй сөргөөр нөлөөлж байгаа. Гэхдээ Монгол Улсын төрийн томоохон шийдвэр гаргалтууд эдийн засгийн үр ашиг гэхээсээ улс төрийн ашиг хонжоо харсан байдалтай байгаа нь үүнийг даамжруулах гол шалтгаан болж байна. Энэ байдлаараа халамж авдаггүй хүн байхгүй болох нь. Бүх зүйлийг халамжаар, бүх зүйл үнэгүй байх ёстой гэсэн хандлага, давамгайлж байх шиг. Энэ маш буруу хандлага, сөрөг үр дагавар нь их. Үүний оронд хүн зөв хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртэж, үнэ цэнэтэй чанартай хэрэглээ, амьдралтай байхыг уриалах нь зүйтэй. Аливаа зүйлийг үнэ цэнэгүй авах ёстой гэсэн сэтгэлгээг дэмжих нь нийгмийн сэтгэлгээ, амьдралын чанар, үнэт зүйлийг устгахаас цаашгүй.
Эдийн засгийн агуулгаар харвал төсөв нь макро эдийн засгийн бодлогын томоохон арга хэрэгсэл бөгөөд эдийн засаг, нийгмийн эерэг үр дагаврыг бий болгох ёстой. Монгол хүний амьдралын чанар сайжирсан, ядуурал, ажилгүйдэл буурсан, төрийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдсэн, энэ чиглэлд нөөцийг зөв зарцуулсан эсэх зэргээр төсвийн үр дүнг хэмжих нь зүйтэй болов уу. Сүүлийн 20 жилд бид эдийн засгаа төрөлжүүлж хүчирхэг эдийн засагтай болж чадаагүй.
ЭДИЙН ЗАСАГЧ Б.ДӨЛГӨӨН:
Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкнаас гаргасан хэд хэдэн судалгаанаас харахад Монгол Улсын халамжийн бодлого, олон төсөл хөтөлбөрүүд байдаг. Эдгээр халамжийн хөтөлбөр нь нас, хүйс зэрэг олон төрлөөр ангилагддаг. Тэгэхээр заримдаа нэг хүн гурван төрлийн халамжийн хөтөлбөрт хамрагдчихсан ч тохиолдлууд гарч байна. Халамж авах авахгүй нь тухайн хүний амьдралаа авч явж чадах орлого олж байгаа эсэхээс хамаардаг тогтолцоо үүсгэх хэрэгтэй. Харин “targeted” хөтөлбөр буюу зорилтот бүлэг рүү чиглэсэн хөтөлбөр нэвтрүүлэхгүйгээр шууд халамжийн хэмжээг таславал олон хүмүүс тэр дундаа үнэхээр халамж авах ёстой хүмүүс орхигдож, улмаар ядуурал гүнзгийрэх эрсдэлтэй.
Судалгаан дээр суурилж, зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх замаар тодорхой халамжийн хөтөлбөрүүдийг цөөлж, үүнээс гарсан хөрөнгө санхүүг Засгийн газар ажил эрхлэхгүй байгаа иргэнээ ирээдүйн ажлын байранд бэлдэж сургавал дунд болон урт хугацаандаа төрд ирэх дарамт ч багасна.
ЭДИЙН ЗАСАГЧ Д.АНГАР
Ажилгүйдэл, ядуурал гаарсан энэ үед өрхийн орлого бага тодорхой иргэдэд халамжийн бодлого хэрэгжүүлж буй явдлыг шууд буруутгаж болохгүй. Нийгмийн халамж бол үргэлж төрийн бодлогын нэг хэсэг, төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг байдаг. Гэхдээ халамж нь тодорхой бодлого, зорилттой байх ёстой.
Харамсалтай нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын халамжийн бодлого нь халамжлах талдаа хэт дулдуйдсан, хэт хавтгайруулсан, урт хугацааны зорилт бодлогогүй харагдаж байна. Ажилгүй орлогогүй иргэдийг ажилтай орлоготой болгох зорилтоо таг мартсан байдалтай байна. Жишээ нь, ЖДҮ-г дэмжсэн бодлогоо бүр зогсоолоо. Үйлдвэрлэл хөгжиж байж ажлын байрууд ихээр бий болж ядуурал буурна.
Бизнесийг дэмжих нэг арга бол зээлийн хүүг буулгах. Ковидын үед улс орнуудын Төв банк бодлогын хүүгээ тэглэж, бизнесийн зээлийн хүүг эрс буулгаж, дахин санхүүжилтийг нь дэмжиж байгаа. Гэтэл Монголд ковидоос болж борлуулалт нь эрс буурсан иргэд, аж ахуйн нэгжүүд яаж Төв банкны 8 хувийн бодлогын хүү, 12-13 хувийн банкны хадгаламжийн хүү, 20 хувийн зээлийн хүүг давж гарах вэ, энэ нь бизнес, аж ахуйн нэгжүүдээ нухчин дарж буй маш харгис бодлого юм.
Ковидын үед эрсдэлд ороогүй, ашиг орлого нь бууруураагүй цөөхөн хэдэн хүмүүс бол банкны томоохон хадгаламж эзэмшигч нар. Монголын төрийн бодлого зөвхөн эдгээр хүмүүст зориулагдаж, нөгөө талд нь жижиг дунд бизнесүүдээ өндөр зээлийн хүүгээр нухчин дараад байвал ажилгүйдэл ихэсч, халамжинд зарцуулагдаж мөнгө улам нэмэгдэнэ. Эцсийн үр дүнд нь улсаараа ажилгүй, ядуу болох дүр зураг харагдаж байна. Тиймээс Төв банк бодлогын хүүгээ эхний ээлжинд 3-5 хувь хүртэл нь бууруулах ёстой. Хадгаламжинд өндөр татвар ногдуулах эсвэл хадгаламжийн хүүг төрийн бодлогоор эрс бууруулах шаардлагатай. Үр дүнд нь бизнесийн зээлийн хүү жилийн 8-9 хувь болж байж бизнесүүд сэхэл авах, үйлдвэрлэл сэргэх, ажлын байр бий болох, ядуурал буурах нөхцөл бий болно.
Ш.АДЪЯАМАА
ЭХ СУРВАЛЖ 5
“Хөдөлмөрийн хамт олныг хамгаалах нь бас төрийн үүрэг”
“Урбанек” ХХК-ийн захирал Б.Лхагважавтай ярилцлаа.
-Цар тахал таны эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаанд хэр нөлөөлж байна вэ?
-Цар тахлын нөлөө бизнесийн салбар салбарт өөр байна. Жишээ нь, Улаанбаатарын бизнесийн 70-аад хувь нь үйлчилгээний бизнес. Цар тахлын улмаас хүнсний үйлдвэрлэл, хүнсний худалдаа буураагүй. Зарим талаар өсөлттэй ч байна. Учир юу вэ гэвэл, улирал бүр НӨАТ-ын урамшуулал өгч байна. Сая 40-өөд тэрбум төгрөг буцааж өглөө. Өнгөрсөн жилийн НӨАТ-ын татварын орлоготой яг адилхан байгаа. Аялал жуулчлалын чиглэлийн бизнес тэглэчихсэн байгаа бол манай хүнсний салбарт нөлөөлөл багатай байна. Бизнес тоон дүнгээрээ ч дажгүй, бидний улсад өгч буй татвар түүнээс ч илүү байна.
-Коронавирусийн улмаас зарим байгууллага ажилчдадаа цалинтай, цалингүй чөлөө олгосон. Танай салбарт харьцангуй гайгүй байв уу?
-Зол юм даа. Хэдхэн салбар л цар тахлын нөлөөнд өртөлгүй дажгүй үлдсэн. Тодруулбал, хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн зарж, борлуулдаг газрууд гэсэн үг. Бусад газарт асуудал их байна. Цалингаа өгч чадалгүй амраах зэрэг асуудал байна. Аялал жуулчлал бүр зогссон байна.
-Цаашид бодлогын түвшинд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж бодож байна вэ?
-Одоогийн байдлаар хүнсний, дээр нь уул уурхай, нүүрс гаргаж буй хэдэн компани л гайгүй ажиллаж байна, бусдад нь асуудал бий учраас аргыг нь олоод, хөдөлмөрийн капитал руу мөнгө хийх хэрэгтэй байгаа юм. 200 мянган хүн төрөөс цалин авдаг гэж бодоход 3 их наяд гаруй төгрөг тэдний цалинд явж байна. Чөлөөт зах зээлд сая гаруй хүний сүүлийн зургаан сарын цалинд 7-8 их наяд төгрөг өгсөн. Одоо нийт компанийн 90 хувийнх нь нөөц дууссан учраас өгч чадахгүй болох юм. Эрүүл мэндийн асуудал эдийн засгийн гол асуудал болж байгаа. Түүнийг нийгмийн асуудал болгохгүйгээр аврах хэрэгтэй байгаа юм. Яагаад вэ гэвэл, 60 гаруй мянган компани өнөөдрийн байдлаар яг нарийн яривал 750 мянган ажлын байртай, 300 мянга нь малчин. Энд хамт олныг авч үлдэх хамгийн чухал асуудал байгаа юм. Тийм учраас цалинг нь өгөх ямар нэгэн арга олох хэрэгтэй. Үүний тулд таван төрлийн даатгалыг дахин хөрөнгөжүүлэх маягаар татвар өгч, даатгал төлж буй иргэддээ цалингийн 30-40 хувийг нь ойрын зургаан сард өгөх хэрэгтэй. Үүнийг өгөхийн тулд сард 380 тэрбум төгрөг л хэрэгтэй. Зургаан сар гэвэл хоёр их наяд төгрөг болно. Энэ мөнгийг мөнгө хэвлэхгүйгээр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамаар дамжуулаад, таван төрлийн даатгалаа мөнгө авч санхүүжүүлээд өгөх хэрэгтэй. Цар тахалтай тохиолдолд хөдөлмөрийн хамт олныг хамгаалах нь бас төрийн үүрэг шүү дээ. Хамт олныг тараахгүй байх л хамгийн чухал. Тараагаад хаячихвал дахиад хамт олон бий болгоход 20-30 жил шаардагдана.
Б.ЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ 6
Хяналтаас гарсан халамж
Халамж хавтгайрч, хяналтаас гарсныг мянгат малчин нь хүнсний талоноор амьжиргаагаа залгуулж, эрүүл атлаа групп тогтоолгон, төсвөөс мөнгө завшдаг буруу жишиг тогтсоноос харж болохоор байна.
Жишээ татвал, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн сангаас тахир дутуугийн групп авдаг 460 гаруй иргэнийг хамруулан шалгалт хийхэд 268 нь эрүүл атлаа хуурамч бичиг эмчээр гаргуулж, групп тогтоолгосон зөрчил илэрсэн. Зөвхөн нэг аймагт хийсэн шалгалтаар дээрх тооны булхай илэрсэн нь бусад 20 аймгийг хамруулан шалгалт хийхээс аргагүй болгож буй. Иймээс УИХ-аас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамыг улсын хэмжээнд хамтарсан шалгалт хийх зөвлөмж ч өгөөд байна.
Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хуульд “нийгмийн халамж гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” хэлнэ гэж тодорхойлжээ.
Гэвч Монголд өнөөдөр давхардсан тоогоор 2.6 сая хүн халамж хүртэж байгаа нь улсаараа халамжаас хамааралтай амьдарч буйг харуулж буй. Учир нь, Монгол Улсын хүн ам 3.2 саяд хүрсэн ч орлогоороо амьжиргаагаа залгуулдаг нь тун цөөн болж таарч байна.
Мөн халамжид хамрагддаг иргэн дээд тал нь сар бүр 1.5 сая төгрөг авдаг аж. Гэтэл хөдөлмөр эрхэлдэг иргэдийн олонх нь цаг наргүй ажиллах хэрнээ сард дээрх хэмжээний цалин авч чадахгүй байхад халамж авдаг нь ажил хийдгээсээ давсан орлоготой болсон нь бодлогын гажуудал юм.
Гажуудсан бодлогын уршгаар Монголд өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж амьдаръя гэхээс илүү авлигыг нь өгөөд халамж авдаг болъё гэх сэтгэлгээтэй нь олон болж, тэр хэрээр ажилгүйдэл, ядуурал ч газар авч эхэллээ.
Улсын хэмжээнд 2020 оны II улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 6.6 хувьтай буюу нийт 83.6 мянган ажилгүй гэсэн судалгаа гарсан байна.
Түүнчлэн ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өсөхийн хэрээр хүнсний талоноор амьжиргаагаа залгуулагсдын тоо ч нэмэгджээ. Тодруулбал, улсын хэмжээнд өнөөдөр 243 мянган хүн хүнсний эрхийн бичиг авдаг байна.
Хүн ам нь 320 мянга давсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд авч үзвэл 5400 гаруй өрхийн 40 мянга гаруй иргэн хүнсний эрхийн бичиг авдаг болжээ. 2017 онд 1700 өрх дээрх үйлчилгээг авч байсан бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд 3700 өрхөөр бүл нэмсэн нь энэ юм. Өөрөөр хэлбэл, тус дүүргийн Халамж үйлчилгээний газар зорилтот бүлэгтээ үнэхээр энэхүү хүнсний эрхийн бичгийг хүргэж чадаж буй бол эл дүүрэгт иргэдийн амьжиргаа хамгийн их доройтжээ гэж тодорхойлж болно. Гэхдээ халамж өгснөөр иргэдийн амьжиргаа сайжрахгүй, улс ч хөгжихгүй. Харин ч төсөвт улам ачаа нэмсээр байна. Тодруулбал, 72 төрлийн халамжийн үйлчилгээг давхардсан тоогоор 2.6 сая иргэнд хүргэхэд төсвөөс 1.7 их наяд төгрөг зарцуулаад байна.
Иймээс цаашид халамжийг цэгцэлж, жинхэнэ хүртэх ёстой хүмүүсийг хамруулахад төр бодлогын шинэчлэл хийж, ажиллахгүй бол улсаараа халамж авдаг тогтолцоо руу гулсахад тун ойрхон байна.
Г.ХОРОЛ
ЭХ СУРВАЛЖ 7
Халамжийн мөнгийг попууд биш топууд гаргадаг
Монгол Улс гурван сая хүн амтай. Үүний 1.1 сая нь хүүхэд. 400 мянга нь ахмад настан бол 200 мянга нь оюутан, мөн 200 мянга нь төрийн албан хаагч. Улсын төсвийн 80 хувь халамж, тэтгэмж, тэтгэвэр, цалин хөлсөд зарцуулагддаг. Зөвхөн халамжинд гэхэд л 60 хувийг нь зарцуулдаг аж.
Тухайлбал, 2020 онд тэтгэврийн нэмэгдэлд зориулан 150.6 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 17.5 тэрбум төгрөг, төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцитай уялдуулан найман хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээ албан хаагчдын хугацааны нэмэгдэлд 142.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Энэ мөнгийг эрх баригчид олдоггүй, татвар төлөгчид бий болгодог.
Монгол Улсад татвар төлөгч нийт 140 орчим мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Гэвч, улсын төсөв ба эдийн засгийн өсөлтийн 90 хувийг ердөө 100-хан компани бүрдүүлдэг. 2019 онд буюу өнгөрсөн жил төлсөн татвар, хураамжаараа төрийн өмчит “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудыг эс тооцвол “Оюутолгой”, ХААН банк, “Энержи ресурс”, “НИК”, “МАК”, “TTJVCo”, Голомт, Худалдаа хөгжлийн банк, АПУ зэрэг байгууллагууд эхний 30-д багтжээ. Үндсэндээ, Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, гурван сая гаруй хүнийг тэжээж буй хүмүүс бол топ татвар төлөгчид.
Тэдний борлуулалтын орлогын хэмжээ өнгөрсөн 2019 онд 3.4 их наядаар өсч, 34.3 их наяд хүрсэн нь ДНБ-ий 93 хувьтай тэнцсэн байна. Төлсөн татварынх нь хэмжээ өмнөх 2018 оноос 2019 онд 54 хувиар өсч, 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын татварын нийт орлогын 65 хувийг бүрдүүлжээ.
Жишээлбэл, 2019 оны тайланд “Оюутолгой”-н 13800 гаруй ажилтны 93 гаруй хувийг монгол боловсон хүчин бүрдүүлж байгааг дурджээ. Мөн 800-900 ханган нийлүүлэгчийн ард 70 гаруй мянган хүн ажилтай, тогтмол орлогоор хангагдаж буй. Тэгвэл “Энержи ресурс”-ийн албан ёсны сайтад тавьсан мэдээллээс харвал тус компани үндсэн 2000 ажилчинтай, үүний 40 хувийг орон нутгийн иргэд эзэлдэг. Мөн “Ухаа худаг” цогцолборын хүрээнд 4000 мянган хүн шууд ажлын байраар хангагджээ. Гэх мэтчилэн дээрх топ 100-д ажиллагсдын тоо өнгөрсөн 2019 онд зургаан мянгаар нэмэгдэж, 89 мянгад хүрч, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын 27 хувийг бүрдүүлжээ.
Гэтэл топ 100 аж ахуйн нэгжүүдэд ажиллаж буй хүмүүсээс даруй 2.5 дахин олон хүн Монголын төрд ажиллаж байна.
Цар тахлын хямрал бизнесийнхэнд хамгийн том цохилт авчирсан. МҮХАҮТ-аас явуулсан "Ажлын байраас хамаарах иргэдийн орлогын өөрчлөлт" судалгаагаар хөл хорио судалгаанд оролцогсдын 73 хувийнх нь орлогод маш их нөлөөлсөн, 21 хувьд нь дунд зэрэг нөлөөлсөн буюу нийт судалгаанд хамрагдагсдын 94 хувь нь санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулсан гэжээ.
Гэтэл төр бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарахын оронд хэт үрэлгэн загнах болсон эдийн засагт ч эрсдэл дагуулж мэдэхээр болсон. Хэнтийд хөшөө барьж байхаар ЖДҮ-ийг дэмжсэн бол зүй нь хэдэн хүний ажлын байр хадгалагдаж, улсын төсөвт орох татвар хэвээр үлдэх байв.
УИХ-ын чуулганы хуралдаан дээр ирэх 2021 оны улсын төсвийн орлого болох 11.8 их наяд төгрөгийг их, багаар нь чамлаж, хуваарилалт нь шог байна аа гээд дээр дооргүй хэрэлдээд сууж байна татвар төлөгч 100 топын “буян” гэхэд гэхэд буруудахгүй. Тэд энэ мөнгийг олж, халамж, тэтгэмжийг нь өгөхийн тулд хуруу, хумсаа хуйхалтаа зүтгэнэ. Эсрэгээрээ төсөв захиран зарцуулагчдын үрэх мөнгө, төрийн албаны тансаг хэрэглээ өссөөр.
Хэрэвзээ, хувийн хэвлийнхэн бүтээмжгүй бол орлого нь муудна. Орлогогүй болсон аж ахуйн нэгжүүд татвар төлөхөд хэцүү болно. Татварын орлого буурвал Монгол халамжгүй болно гэсэн үг. Нэг бизнес дампуурахад нийт эдийн засагт багагүй цохилт өгдөг, тэр тусмаа том аж ахуйн нэгжүүдийг уналт, өсөлт улсын эдийн засагтай салшгүй холбоотой явдаг нь худлаа биш.
Татвар төлөгчид төр засгаас илүү ихийг хүсдэггүй, ердөө бизнесийн таатай орчинг бүрдүүлэхийг гуйдаг. Даанч, Монголд бизнесийн таатай орчин улам бүр алсарсаар, төрийн оролцоо, зохицуулалт нэмэгдсээр. ЖДҮХС-аас эхлээд боломжийг нь хулгайлах, бизнес рүү нь халдах, булаах, дээрэмдэх нь төрийн “ажил” болсон.
Дэлхийн ямар ч улс бэлэн мөнгө тарааж, ядуурлыг шийдэж байгаагүй. Эсрэгээрээ ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийг өгөөж, хөдөлмөрийг бүтээмжийг сайжруулж байж хөгжилд хүрдэг. Ажлын байрыг бий болгох, аж ахуй нэгжээ дэмжсэн бодлого явуулахгүй бол халамж өгөх мөнгө ч үгүй болж мэднэ.
Ж.ЭРХЭС
ЭХ СУРВАЛЖ 8
ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ХАЛАМЖИЙН БОДЛОГО
Норвеги
- ДНБ-д эзлэх нийгмийн халамж:1%
- Нэг хүнд ногдох ДНБ:67,429 ам.доллар
- Ядуурлын түвшин:8%
- Орлогын албан татвар дунджаар:2%
Норвегийн Засгийн газар ДНБ-ийхээ 25.1 хувьтай тэнцэх мөнгийг нийгмийн халамжид зарцуулдаг нь Европын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ЕЭЗХАХБ) бусад оронд 21.0 хувь байдагтай харьцуулбал харьцангуй өндөр юм. Тус улсын нийгмийн халамжийн систем нь өндөр татвараар санхүүждэг. Норвегийн нэг иргэн дунджаар орлогынхоо 20.2 хувийг татварт төлдөг нь ЕЭЗХАХБ-ын долдугаарт орох өндөр татвартай орон. Тус улсын нийгмийн халамжийн бодлого нь бэлэн мөнгө болон бусад тусламжаар дамжуулан бага орлоготой өрхүүлийн орлогын тэгш бус байдал, ядуурлыг бууруулахад чиглэгддэг.
Герман
- ДНБ-д эзлэх нийгмийн халамж:3%
- Нэг хүнд ногдох ДНБ:46,347 ам.доллар
- Ядуурлын түвшин:1%
- Орлогын албан татвар дунджаар:2%
Санхүүгийн хямралын үед зарим орны ДНБ-д эзлэх төрийн зардал өссөн. Гэтэл Германд өнгөрсөн 10 жилийн хугацаанд ДНБ-ий хэмжээ 39.7 хувиар өсчээ. Герман нь эдийн засаг ЕЭЗХАХБ-ын орнууд дотроо гуравдугаарт ордог ба нэг хүнд ногдох ДНБ нь 46 мянга 347 ам.доллараар есдүгээрт жагсдаг. Нийгмийн халамжийн үйлчилгээний хамгийн их хувийг өндөр настнуудтай холбоотой халамж эзэлдэг. Германд зардлуудын 10 хувийг өндөр настнуудыг дэмжих хөтөлбөрүүдэд зарцуулдаг байна. Германы хүн амын 21.4 хүртэлх хувийг өндөр настнууд эзэлдэг ба Японы дараа хоёрдугаарт орох өндөр насжилттай орон юм.
Грек
- ДНБ-д эзлэх нийгмийн халамж:0%
- Нэг хүнд ногдох ДНБ:26,006 ам.доллар
- Ядуурлын түвшин:1%
- Орлогын албан татвар дунджаар:8%
Грекийн санхүүгийн хямралын үед ажилгүйдлийн түвшинд 25 хувьд хүрснээр Европын холбоонд тэргүүлж байв. Тус улсын төрийн зардал 2005-2009 оны хооронд жил бүр огцом нэмэгдсэн ба нийгмийн халамжийн зардлыг 2010-2014 оны хооронд бууруулсан.
Швед
- ДНБ-д эзлэх нийгмийн халамж:1%
- Нэг хүнд ногдох ДНБ:46,256 ам.доллар
- Ядуурлын түвшин:8%
- Орлогын албан татвар дунджаар:7%
Скандинавын хойгийн бусад улс шиг Шведийн нийгмийн халамжийн зардал нь эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулбал дэлхийд дээгүүрт ордог. Тус улсын нийгмийн халамжийн зардлын ихэнх хувийг өндөр настнуудад чиглэсэн болон эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүд эзэлдэг. Өндөр настнуудыг дэмжих халамж нь Шведийн ДНБ-ий 10 хувь, эрүүл мэндийн хөтөлбөрүүд 6.6 хувийг эзэлдэг байна. Түүнчлэн бусад оронтой харьцуулахад нийгмийн халамжийн үйлчилгээний хамгийн өндөр буюу 4.3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд зарцуулдаг.
Австри
- ДНБ-д эзлэх нийгмийн халамж:8%
- Нэг хүнд ногдох ДНБ:46,504 ам.доллар
- Ядуурлын түвшин:0%
- Орлогын албан татвар дунджаар:8%
ЕЭЗХАХБ-ын орнуудын ДНБ-ий нийт зардлын 8.7 хувийг өндөр настнуудыг дэмжих халамж эзэлдэг. Дараа нь эрүүл мэндийн халамж ДНБ-ий зургаан хувьтай тэнцдэг байна. Гэхдээ Австри улс нь бусад орныг бодвол өндөр настнуудыг дэмжих зардлыг өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамгийн бага нэмэгдүүлсэн орон юм. Австри нь дэлхий дээрх хамгийн өндөр тэтгэвэртэй орны нэг. Тус улсын нийгмийн халамжийн бодлогод өндөр настнуудыг дэмжих зардал их ч, бага орлогтой өрх болон хөдөлмөрийн насны иргэдийг дэмжих хөтөлбөрүүдэд нэлээд хувийг эзэлдэг байна.
Дани
- ДНБ-д эзлэх нийгмийн халамж:7%
- Нэг хүнд ногдох ДНБ:45,054 ам.доллар
- Ядуурлын түвшин:4%
- Орлогын албан татвар дунджаар:1%
ЕЭЗХАХБ-ын орнуудын хамгийн өндөр орлогын албан татвартай улс учраас Данийн нийгмийн халамжийн сан ч өгөөмөр байдаг. Тус улс ДНБ-ий 8.7 хувьтай тэнцэх зардлыг өндөр настнууд болон эрүүл мэндийн дэмжих хөтөлбөрт зарцуулдаг. Данийн нийгмийн халамжийн зардал өндөр байхын зэрэгцээ тэгш хуваарилалт сайтай орон юм. Зардлын 20 хувийг бага орлоготой өндөр настнууд эзэлдэг. Нийгмийн халамжийн үйлчилгээ сайтай учраас тус улсын ядуурлын түвшин ЕЭЗХАХБ-д хамгийн бага байдаг.
Итали
- ДНБ-д эзлэх нийгмийн халамж:9%
- Нэг хүнд ногдох ДНБ:35,141 ам.доллар
- Ядуурлын түвшин:3%
- Орлогын албан татвар дунджаар:6%
Италийн ДНБ-ий 28.9 хувийг нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн зардал эзэлдэг. Гэсэн ч нийгмийн халамжийн өндөр зардлаас иргэн бүр хүртэж чаддаггүй. Италийн хүн амын 21,3 хувийг 65 ба түүнээс дээш насны хүмүүс эзэлдэг. Ингэснээр өндөр орлоготой орнууд дундаа насжилт өндөртэй улс болж байна. Эдгээр өндөр настнуудыг дэмжих хөтөлбөрүүд нийгмийн халамжийн зардлын 16 хувийг эзэлдэг. Энэ нь залуусын боловсролыг дэмжих, ажлын баримжаа олгох зэрэгт зарцуулах хөтөлбөрт зарцуулах мөнгө бага байхад хүргэдэг байна. Италийн залуусын дунд ажилгүйдлийн түвшин 40 хувьтай өндөр байдаг аж.
Бельги
- ДНБ-д эзлэх нийгмийн халамж:0%
- Нэг хүнд ногдох ДНБ:43,105 ам.доллар
- Ядуурлын түвшин:0%
- Орлогын албан татвар дунджаар:1%
Бельги нь ДНБ-ийхээ дөрвөн хувьтай тэнцэх хөрөнгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдэд зарцуулдаг. Түүнчлэн гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүд халамжийн зардлын нэлээд хувийг бүрдүүлдэг. Бельги нь орлогын өндөр татвараар эдгээр нийгмийн халамжуудыг санхүүжүүлдэг. АНУ-д орлогын албан татвар 18.0 хувь бол Бельгид 28.1 хувьтай байдаг.
Финланд
- ДНБ-д эзлэх нийгмийн халамж:8%
- Нэг хүнд ногдох ДНБ:40,739 ам.доллар
- Ядуурлын түвшин:8%
- Орлогын албан татвар дунджаар:7%
Финландыг дэлхий дээрх хамгийн шилдэг боловсролын системтэй орон гэж олон хүн үздэг. Финландын оюутнууд дэлхийд тэргүүлэх олон улсын шалгалтуудын оноог авдаг нь эрх тэгш боловсролын систем болон нийгмийн халамжийн өгөөмөр бодлогын ач гэж хардаг байна. Түүнчлэн бага орлоготой өндөр настнууд бол Финландын нийгмийн халамжийн гол хэрэглэгчид. Тус улсын ахмадуудын 20 хувь нь жилийн нийт халамжийн зардлын 34.4 хувийг хүртдэг байна. Финландын хүн амын 20 орчим хувийг 65 ба түүнээс дээш насны хүмүүс эзэлдэг.
Франц
- ДНБ-д эзлэх нийгмийн халамж:5%
- Нэг хүнд ногдох ДНБ:40,704 ам.доллар
- Ядуурлын түвшин:0%
- Орлогын албан татвар дунджаар:7%
Францад сүүлийн жилүүдэд тэтгэврийн шинэчлэлт, ерөнхий анагаахын салбарыг дэмжих зэргээр төсвийн алдагдлыг бууруулсан. Улмаар тус улсын төсвийн алдагдал 2015 онд сүүлийн 10 жилд байгаагүй бага хэмжээнд хүрчээ. Зардлаа танасан ч Франц нь ДНБ-ийхээ 31.5 хувийг нийгмийн халамжид зарцуулдаг өгөөмөр орон. Хөгшин Европын бусад орон шиг Франц нь нийгмийн халамжийнхаа ихэнх хувийг өндөр настнууд (ДНБ-ий 14,3 хувь) болон эрүүл мэндийг (ДНБ-ний 8.6 хувь) дэмжих хөтөлбөрт зарцуулдаг.
Б.АНХТУЯА
Холбоотой мэдээ