Филиппиний умард хэсгийн Самар мужид хууль бус азарган тахианы тулаан зохион байгуулж байсан иргэдийг тараахаар очсон цагдаа руу тулаанч азарган тахиа дайрч, аминд нь хүрчээ.
Дэслэгч Кристин Болок азарган тахианы сарвуунд бэхэлсэн хурц иртэй хутганд өртсөн гэнэ. Шарх түүний зүүн гуяны артерийн судсыг дайрсан тул дэслэгч Болок эмнэлэгт очиж амжилгүй нас барсан аж.
Азарган тахианы тулааныг өмнө нь албан ёсны зөвшөөрөлтэй газарт Ням гаригт болон бүх нийтийн амралтын өдрүүдэд зохион байгуулахыг зөвшөөрдөг байсан ч цар тахал эхэлснээс хойш бүрэн хориглосон байжээ.
Мужийн цагдаагийн дарга хурандаа Арнел Апуд болсон явдлыг “Миний тайлбарлаж чадахааргүй тун золгүй явдал боллоо. Би цагдаа болоод хамгийн анх ийм даалгаварт явж байснаа санаж байна. Гэхдээ 25 жил алба хаахдаа нэг ч хүнээ тулаанч азарган тахианд алдаж байсангүй. Дэслэгчийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна” хэмээн ярьжээ.
Хууль бус азарган тахиан тулаан зохион байгуулсан хэргээр гурван хүнийг баривчилж, долоон тулаанч азарган тахиа, бооцооны 550 Филиппин песо буюу 11 ам.долларыг хураан авчээ.
Эх сурвалж: BBC.COM