Эртний Египетийн сүйрлийн бурхан Апописийн нэрээр нэрлэсэн асар том солир дэлхий рүү хурдтай ойртож байгаа бөгөөд ойролцоогоор 48 жилийн дараа дэлхийг мөргөж болзошгүй хэмээн эрдэмтэд анхааруулж байна.
Хэрвээ Апопис солир дэлхийтэй мөргөлдвөл үр дагавар нь хүний санаанд багтамгүй аймшигтай байх аж. Хавайн их сургуулийн одон орон судлаачдын тооцоолсноор солир дэлхийг мөргөж магадгүй хугацаа нь 2068 оны дөрөвдүгээр сарын 12-н гэнэ.
Апопис ойролцоогоор 300 метр өргөн бөгөөд хэрвээ дэлхийг мөргөвөл 880 сая тонн тринитротолуолин тэсрэх бодис нэгэн зэрэг дэлбэрсэнтэй тэнцүү хэмжээний сүйрлийг дагуулах аж.
Дээрх солирыг анх 2004 оны зургадугаар сарын 19-нд Аризонагийн эрдэмтэд тогтоожээ. Тэр цагаас хойш Апопис нарыг нэг жил хүрэхгүй хугацаанд бүтэн тойрдог өөрийн тойрог замаараа явсаар байжээ. Гэвч энэ оны эхээр Субару телескопоор харахад Апопис Ярковскийн эффект хэмээх нөлөөллөөр хурд, чиглэлээ өөрчилсөн байна. Тухайлбал, Апописийн их бие наранд халснаар дахин эрчим хүч цацруулж, түүндээ түлхэгдсэн байна.
Уг нь Апопис ийнхүү чиглэлээ өөрчлөхөөс өмнө дэлхийтэй мөргөлдөх ямар ч эрсдэлгүй байжээ. Апописийг зарим эрдэмтэд NASA-ийн эрсдлийн жагсаалтын гуравдугаарт бичигддэг аюулт солир гэдгээр нь мэдэх билээ. Өдгөө эрдэмтэд тус солир 48 жилийн дараа дэлхийтэй мөргөлдөх эрсдэл 150 мянгад нэг хэмээн тооцоолж байна.
Солирын ихэнх хэсэг никел болон төмөрнөөс бүтсэн бөгөөд хоёр бөмбөрцөг нийлсэн хэлбэртэй тул газрын самар шиг харагддаг гэнэ.
Эх сурвалж: DAILYMAIL
Холбоотой мэдээ