2020 оныг “Нэг хот-нэг стандарт” зорилтот жил болгон зарлах тухай нийслэлийн Засга даргын А/02 дугаар захирамж гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тус аяныг өнгөрсөн долдугаар сарын 01-нээс энэ сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан бөгөөд зургаан чиглэлийн 132 шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ.
Нийслэлийн 381 жилийн ойн баярын хүрээнд 2020 оны “Манай хороо-Миний гудамж” аяны шилдэгээр шалгарсан дүүрэг, хороод болон шилдэг байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоо, өрх, хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан болон нийслэлийн есөн дүүргийн албан хаагчид оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн хариуцлага, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ажлын бүтээлч байдлыг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай аюулгүй орчинд ажиллаж,амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн аянг жил бүр зохион байгуулж байна. Аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд автозам, автозогсоол, явган хүний зам, дугуйн зам, хүүхдийн тоглоомын болон спорт, хөл бөмбөгийн талбай, иргэд олон нийтийн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжыг бодлогын хувьд цогцоор нэмэгдүүлж чадлаа. Цаашид иргэдийн ажиллаж амьдрах орчинг сайжруулах чиглэлээр хотын удирдлагууд зохион байгуулалттайгаар ажиллах болно. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө их үйлсэд хамтран ажиллаж байгаад та бүхэнд талархал илэрхийлэхийн ялдамд нийслэлийн хотынхоо хөгжилд хамтдаа хүчээ нэгтгэе гэж уриалмаар байна” хэмээлээ.
“Манай хороо-Миний гудамж” аяны 2020 оны шилдэг дүүргээр Налайх дүүрэг тэргүүлсэн бол удаах байрт Хан-уул, Сонгинохайрхан дүүрэг шалгарлаа. Харин шилдэг гэр хороогоор Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, шилдэг Сууц өмчлөгчдийн холбоогоор Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Өргөө-14” СӨХ, шилдэг хог тээврийн байгууллагаар “Улаанбаатар шинэчлэл” ХХК, шилдэг аж ахуйн нэгж, байгууллагаар Хан-уул дүүргийн 60 дугаар сургууль тус тус шалгарлаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ