У.Хүрэлсүх: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй өрхөд хяналт тавьж ажилла

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй өрхөд хяналт тавьж ажилла

Дотоод хэргийн их сургуулийг Судалгааны их сургуулийн загвараар хөгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр хуульзүйн салбарын зарим байгууллагад зочиллоо. Сүүлийн жилүүдэд тус салбарт Засгийн газрын тэргүүн биечлэн ажиллаагүйг албан хаагчид онцолж байв. Эхлээд Дотоод хэргийн их сургуулийн сургалт, орчин нөхцөл, үйл ажиллагаатай танилцаж, Спорт цогцолбор, номын сан, музей, Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн танхим, Албаны бэлтгэлийн буюу байлдааны самбын заал, усан бассейн, Клиник сургалтын гал түймэр унтраах, аврах ангийн техник хэрэгслийн хүчин чадлыг сонирхож, санал солилцлоо.Түүнтэй хамт Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, дэд сайд С.Баатаржав, ЕС-ын зөвлөх Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын Хууль эрхзүйн газрын дарга Н.Мягмар, ахлах референт Ч.Дондогмаа нар ажиллалаа. Дотоод хэргийн их сургуулийн хотхоны хэтийн хөгжлийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын төслийг сургуулийн захирал доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар танилцуулсан. Жилдээ 5000 гаруй сонсогч бүрэлдэхүүн болон харьяа 11 сургуульд мэргэжлийн боловсрол бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 хөтөлбөрийн дагуу суралцан хууль, эрхзүйн салбарт бэлтгэгдэн гарч байна. Цаашид Их сургуулийн бүтцийг өргөтгөж, Шинжлэн магадлахуйн институтийг судалгааны Их сургуулийн загвараар хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Мөн Шинжлэх ухаан технологийн парк, Мөрдөх албаны сургууль, Тусгай хүчний сургууль, аврах, гал унтраах клиникийн анги, Спорт, албаны дадлага сургалтын байгууламж, Дотоодын цэргийн ангийг шинээр байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байгаа гэлээ.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилж эхэлжээ
ТТАХНЭ-ийн үйл ажиллагаатай мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд танилцав. Тус эмнэлэг ХЗДХЯ-ны харьяа агентлаг байгууллагууд болон бусад төрийн тусгай албан хаагчид болон тэдний гэр бүл, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 160 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд үйлчилгээгээ өргөжүүлж Чингэлтэй дүүргийн иргэдэд мэс заслын яаралтай тусламж, хүүхдийн яаралтай тусламжийг тус тус үзүүлж байна. Цаашид мөн дүүргийн 145 мянга гаруй иргэдэд гэмтлийн яаралтай тусламжийг үзүүлэхээр бэлтгэл хангажээ.

Жирийн албан хаагчиддаа анхаарал тавихыг хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ЦЕГ-т ирэхэд Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги,байгууллагын албан хаагчдын төлөөлөл жагсан угтав. Уулзалтын эхэнд ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд байгууллагын үйл ажиллагааны талаар товч танилцуулга мэдээлэл хийв.
Монгол Улсын Ерөнхий сайд улсын хэмжээн дэхь гэмт хэргийн гаралт, илрүүлэлт нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож танилцаад ЦЕГ-ын хурлын танхимаас ЦЕГ-ын нэгжийн дарга нар, дагалдан яваа бүрэлдэхүүний хамт цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй цахим уулзалт хийж, дараах хэд хэдэн үүрэг даалгаврыг өгөв.
Хууль эрхзүйн хүрээнд улс орон даяар хариуцлага, сахилга, дэг журмыг тогтоон ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлээд цаашид дараах хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгосны эхэнд гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлд онцгойлон анхаарахыг санууллаа.
Тэрбээр,
“Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Та бүгдэд дараах үүрэг, даалгаврыг өгч байна.
Үүнд:
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүл. Хороо, дүүргийн Засаг дарга, нийгмийн ажилтантай хамтарч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй, үйлдэгдэж байгаа айл өрхийг олж тогтоон хатуу хяналт тавьж ажилла;
-Бага насны хүүхдийн эрх ашиг ихээр хохирч, амь насаа алдаж, иргэд, олон нийтийн бухимдлыг төрүүлсээр байна. Иймд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, тодорхой үр дүнтэй арга хэмжээнүүдийг шуурхай зохион байгуул;
-Албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбогдуулан алба хаагчдын эрх ашиг, нэр төр хөндөгдсөн тохиолдолд тэднийг хамгаалах, хууль ёсны үйлдлийг иргэдэд зөв тайлбарлан ойлгуулж, буруутай иргэнд хариуцлага тооцох, олон нийтэд мэдээлэх ажлыг сайжруул;
-Алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, ажил, албанд нь мэргэшүүлэх чиглэлээр үе шаттай ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуул;
-Алба хаагчдын сахилга, ёс зүй, ажлын хариуцлагыг дээшлүүлж, иргэдтэй зөв боловсон, соёлтой, харьцаж, ажил үйлчилгээний шуурхай байдлыг тогтмол хангахад онцгой анхаар;
-Техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа өргөнөөр нэвтрүүлж, нэг алба хаагчид ирэх механик ачааллыг бууруул.
Эцэст нь Та бүгд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль тогтоомжийг чанд мөрдөн, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэн, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлыг хангах үйлсдээ улам бүр хичээж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ хангалттай сайн гүйцэтгэж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн. Нэгжийн дарга нарт жирийн албан хаагчдынхаа ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудал, хувийн амьдралд анхаарч байхыг захилаа. Түүнчлэн шинээр байгуулагдсан Экологийн цагдаагийн алба, цахим гэмт хээрэгтэй тэмцэх хэв журмын албын үүрэг нэн чухал болсныг дахин сануулаад хичээн ажиллахыг нэгжийн дарга нарт цохон үүрэг болголоо.

Орон даяар камерийн нэгдсэн систем нэвтрүүлэхэд төсвийн дэмжлэг хүсэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЗДХЯ-ны албан хаагчидтай уулзаж, зарим үүрэг даалгаврыг өгч, салбарын сайдын үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлсэн ажлын товч мэдээллийг сонсов.
Төрийн үйлчилгээг цахимжуулах хүрээнд нэвтрүүлээд буй e-mongolia хөтөлбөрйин хүрээнд тус салбарын нийт 44 үйлчилгээг иргэд онлайнаар хүлээн авч буй хамгийн сүүлд нэвтрүүлсэн томоохон ажил байв. Цаашид үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж өргөжүүлэх хэд хэдэн төсөл боловсруулж, санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж.
Тухайлвал 101, 102, 103- ын аюул ослын дуудлагыг хялбаршуулж, дуудлага өгсөн иргэний хамгийн ойр, харьяалах хэсэгт дуудлагыг шилжүүлэхэд технологийн нэмэлт шийдэл нэвтрүүлэхэд 800 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах аж.
Орон даяар гэмт хэргийн гаралтыг бууруулж, илрүүлэлтийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх камержуулах системийг нэвтрүүлэхээр төсөл боловсруулснаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж, санхүүжилтийн эрх нээхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ. Үүнд 1 тэрбум гаруй төгрөг шаардлагатай ажээ. Мөн гэмт хэрэгтний биологийн мэдээллийн АДИС-ПАПИЛОН 9, галт зэвсгийн бүртгэлийн системүүдийг эцэслэн нэвтрүүлж мэдээллийн санг бий болгох зэрэг томоохон санхүүжилт шаардлагатай төлөвлөгдсөн ажлууд байгааг танилцуулав. Мөн яамны үндсэн үүрэг хууль боловсруулах ажлын хүрээнд иргэний, эрүүгийн хуулийн шинэтгэлийн хэд хэдэн хууль шинээр боловсруулж, нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг боловсруулж УИХ-д өргөн барихад бэлтгээд байгаа аж.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЗДХЯ-ны албан хаагчдад дараах үүрэг даалгаврыг чиглэл болголоо
Үүнд:
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт болон цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх, хэрэглэгчдийн цар хүрээг тогтоож, бүртгэл хяналтад авах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын дэмжлэг, туслалцааг авч, хамтран ажиллах;
-Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа нь улс төрчдийн болон мөнгөтэй, эрх мэдэлтэй этгээдийн ашиг сонирхлоос ямагт ангид байж гагцхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд анхаарах;
-Үндэсний цахим үйлчилгээний “И-Монголиа” нэгдсэн системээр дамжуулан иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн 26 үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна. Цаашид гадаадын иргэдийн бүртгэл, оршин суух зөвшөөрөл олгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн лавлагаа, шүүхийн шинжилгээ, цагдаа, хил хамгаалах болон бусад бүх агентлаг, байгууллагаас олгож буй зөвшөөрөл, үйлчилгээг уг системд нэвтрүүлж, цахим засаглалыг хөгжүүлэх;
-Монгол Улсын түүх, соёлд холбогдох гадаад улс орнуудад хадгалагдаж буй архивын баримтыг нээн илрүүлэх, хуулбарлан авч үндэсний архивын баримтыг баяжуулахад онцгой анхаарч, гадаад, дотоодын хамтын ажиллагааны хүрээнд гадаад улсаас түүх соёлын үнэт олдворыг эх орондоо авчрах арга хэмжээ авах;
-Монгол Улсын хил хамгаалалтад орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлэх, хилийн зөрчил, хил дамнасан зохион байгуулалттай гэмт үйлдлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох орчин үеийн дэвшилтэт технологи бүхий “Монгол Улсын хил хамгаалалтад хөдөлгөөнт дохиолол, хяналтын системийг нэвтрүүлэх” төслийг судалж, Засгийн газрын хуралдаанд шуурхай танилцуулах;
-Монгол Улсын хил хамгаалалтыг Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Олон Улсын гэрээ, хэлэлцээрүүд, Монгол Улсын хилийн тухай хуулийн дагуу зохион байгуулж, хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоож, хилийн халдашгүй дархан байдлыг хангаж ажиллах;
-Анх удаа болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлан хорих бус зорчих эрхийг хязгаарлах замаар сэтгэл зүйн дарамтад өртөхөөс сэргийлэх, үр хүүхдээ өсгөх, гэр бүлтэйгээ хамт байж хөдөлмөр эрхлэх боломжтой байдлаар засан хүмүүжүүлэх, нөгөө талаар хорих ангийн зардлыг багасгах зорилгоор Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялын бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарах. Энэ нь шинэ төрлийн ял учраас техник технологи болон иргэдийн ахуй амьдралтай уялдуулж зохицуулахад амаргүй учраас бэлтгэл ажлыг сайтар хангаж, иргэдэд зөв таниулах, мэдээлэх ажлыг тууштай авч хэрэгжүүлэх;
-Хэрэг, маргааныг шударгаар хянан шийдвэрлэхэд гол үүрэг бүхий шүүхийн шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурлан хийж, үндэслэл бүхий дүгнэлт гаргах, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн шинжилгээний лабораториудыг дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангаж хөгжүүлэх;
-Ажилтан, албан хаагчдын сахилга бат, ёс зүй, ажлын хариуцлагыг дээшлүүлж, төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг улам бүр сайжруулж, иргэдтэй зөв боловсон, соёлтой харьцаж, ажил, үйлчилгээний шуурхай байдлыг тогтмол хангахад онцгой анхаарах, үүний зэрэгцээ харьяа байгууллагаас иргэдэд хүргэж байгаа аливаа үйлчилгээ хүндрэл чирэгдэлгүй байх ёстой. Хамгийн гол нь албан хаагч бүр сэтгэл гарган дор бүрнээ чармайн ажиллахыг онцгой анхаарах;
-Техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа өргөнөөр нэвтрүүлж, нэг ажилтан, албан хаагчид ирэх механик ачааллыг бууруулахын тулд хөгжингүй орнуудад ашиглагдаж буй ухаалаг программ хангамж, системийг нэвтрүүлэх;
-Хүнийг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцах явдалтай тууштай тэмцэх, таслан зогсоох, холбогдох хууль, хяналтын байгууллагад хуулийг ягштал мөрдүүлж ажиллахад анхаарах,


Яамны зүгээс албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах төсөв, санхүү, ажиллах нөхцөл баталгааг хангаж, ажиллаж, амьдрах орчныг сайжруулах талаар шат дараатай олон ажил хэрэгжүүлжээ. Цаашид энэ арга хэмжээг улам эрчимжүүлэх шаардлагатай гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж