МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс Монголын залуучуудын холбооныхон өнөөдөр АТГ-ын үүдэнд тайван жагсаал хийлээ. Эдгээр залуучууд “Авлигатай тэмцэх газар /АТГ/ нь бие даасан, хараат бус бөгөөд соён гэгээрүүлэгч байх үндсэн үүрэгтэй байгууллага гэж ойлгодог. Гэтэл АТГ нь өнөөдөр бие даасан байдлаа алдаж, Улс Төрийн нөлөөнд автсан нь илэрхий болсон. Тиймээс “АТГ-ыг улс төрийн нөлөөллөөс аврах хөдөлгөөн” гэж нэрлэсэн” хэмээн тайлбарлаж байгаа юм.
Уг жагсаалыг хийх болсон шалтгаан үндэслэлээ “МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нарын хүмүүсийг үе шаттайгаар хоморголон барьж хорих, шалгах дарамтлах зэргээр улс төрийн хэлмэгдүүлэлт удаа дараа явуулж байна. Одоо бол 1937 он биш. Нэг нам, нэг хүн рүү чиглэсэн зохион байгуулалттай хэлмэгдүүлэлт нь АТГ хэмээх байгууллага өөрөө улс төрийн нөлөөнд автсаныг нотлон харуулж байна. Тиймээс тус байгууллага цаашид бие даасан үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна” гэж АШЁМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Амар тайлбарласан байна.
Т.НОМИН