Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нь “Монголросцветмэт” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагаар ажиллаж байхдаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг даалгуулсан нь шүүмжлэлийн бай болоод буй.
Тэрбээр ““Монголросцветмэт” үйлдвэр нь ашигтай ажилласан байдаг гэдэг тайлбар хийж буй ч хэвлэлүүд түүнийг ажиллаж байх үед тус үйлдвэр өртэй байсан. Одоогоор дээрх үйлдвэрийн өр 1.1 тэрбумд хүрсэн гэдэг мэдээллийг ч цацах болсон юм.
Гэвч “Монросцветмэт”-ийн одоогийн захирал Б.Мөнхбат нь “Үйлдвэр 2019 онд ашигтай ажилласан учраас 158 ажилтанд 2.5 сая төгрөгөөс дээш хэмжээтэй урамшуулал олгосон. Ганц Г.Ёндон гэж хүнд олгоогүй юм шүү” гэдэг тайлбар хийн өмөөрөв.
Төрийн өмчит компаниуд нь алдагдалтай ажиллаж, өрөндөө баригдаад байхад удирдлага нь өндөр цалин авч, үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг даалгаж, байрны урьдчилгаагаа төлүүлэх, зарим тохиолдолд ашигтай ажилласан гээд урамшуулал авах зэргээр “халамж” хүртдэг нь уламжлал болж, тогтсон бөгөөд сонгуульд улс төрийн нам ялалт байгуулахад гишүүд нь энэ чиглэлийн компанийн удирдлагын багт орохоор улайрдаг нь элдэв төрлийн хангамжтай нь холбоотой болов уу.
Монгол Улс 100 гаруй төрийн өмчит компанитай бөгөөд тэр бүгдэд Г.Ёндон шиг хүүхдийн сургалтын төлбөрөө даалгасан хүмүүс олон байгаа.
Иймээс энэ асуудлыг цэгцэлье гэвэл төрийн өмчит компаниудад олгодог дээрх хангамжуудыг танах л ганц арга байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ