Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.10.28/Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:
“Эрэн” сургуулийг сонгож авч үндэсний найман компанитай хамтран цахим шилжилтийн туршилт хийж байгаа гэж салбарын дэд сайд нь хэвлэлд ярьсан байсан. Компаниудыг яаж сонгосон бэ, мөн "Эрэн" сургуулийг яагаад сонгосон бэ. Нийтдээ 8 тэрбум төгрөгөөр багш нарыг компьютержуулах юм байна. Үүнийхээ үр дүнг хэрхэн тооцоолж байгаа вэ. Үүрэн компаниуд БШУЯ–тай хэр хамтарч ажиллаж байгаа вэ. Сургуулийн орчин дахь датаг хэрэглээг хангах тал дээр үүрэн компаниуд бэлэн гэдгээ мэдэгдсэн.
БШУ–НЫ ДЭД САЙД Г.ГАНБАЯР:
Улсын хэмжээнд "Эрэн" сургууль дээр цахим шилжилтийн туршилтыг найман компани хийж байгаа. Энэ найман компанийг сонгохдоо ямар нэгэн төлбөр мөнгөний асуудал үүсгэхгүй гэсэн шаардлага тавьсан. Тухайн компаниуд биднээс төлбөр авахгүйгээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд туршилтыг үндэсний компаниуд хийж байгаа. 8 тэрбум төгрөгөөр компьютер худалдаад авсан. 2019, 2020 онд улсын төсвийн хөрөнгөөр нэгийг нь 1.8 сая орчим төгрөгөөр худалдан авсан. Үүрэн компаниудтай хамтран ажиллаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Сургуулийн орчинд яамны апп–ийг үнэгүй ашиглаж байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГ:
Бүх яамд барилгын компани болчихсон. Хууль хяналтын эсвэл төрийн байгууллагын оффисууд. Сүүлийн хэдэн жил бизнесийнхэн барилга барьж чадахаа байчихсан. Энэ бүхэн төсвийн үрэлгэн байдлыг нотолж байгаа юм. Аймгууд хүртэл мэдээлэл технологийн албадууд байгуулаад дөрвөн жилийн хугацаатайгаар янз бүрийн цахим шилжилтүүдийг нэвтрүүлдэг. Засаг дарга нь солигдохоор мэдээлэл технологийн албаны хүмүүсээ сольдог. Мөнгө угаах тал руугаа яваад байна. Төрийн аудит энэ тал дээр хяналт тавьж байна. Цахим шилжилтийн хүрээнд аймаг, нийслэлд хэдэн төгрөгийн төсөв тавигдсан бэ. E-mongolia гарахын өмнө hudulmur-halamj.gov.mn гэж хүртэл гаргасан. Нэг засаг, бодлоготой атал яагаад янз бүрийн платформ нээгээд байдаг юм бэ. Энэ тал дээр Сангийн яам хяналт тавьдаг уу. Яамдуудад хэдэн төгрөгийн төсөв цахим шилжилтэд хуваарилагдах вэ.
ҮНДЭСНИЙ АУДИТОРЫН ГАЗРЫН САНХҮҮГИЙН АУДИТЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ц.НАРАНЧИМЭГ:
Төрийн аудитын байгууллага 6546 байгууллагад санхүүгийн тайлангийн аудит хийдэг. Энэ хүрээндээ санхүүгийн программ хангамжийг үнэлж, дүгнэдэг. Өнөөдрийн байдлаар нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 525 санхүүгийн программ ашиглаж байна. Энэхүү үйлчилгээнд 2020 оны төсөвт 6.3 тэрбум төгрөг тусгасан. 2021 оны төсөвт мэдээлэл, технологийн чиглэлд 30 тэрбум төгрөг суусан.
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:
Бүх яам тамгын газрын дарга нар тухайн удирдаж байгаа байгууллагаа цахим шилжилтэд шилжүүлье гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байгаасай гэж хүсч байна. Тэгж байж цахим шилжилт бүрэн утгаараа хийгдэнэ. Нэг хүний хийдэг ажил биш. Цахим шилжилтийн хүрээнд нийт 42 тэрбум төгрөг төсөвлөж байгаа аж. Үүн дээр нэмэгдээд шилэн кабелжуулах, орон нутгийн сургуулиудыг интернетэд холбох зэрэг урсгал зардал мөн орно.
Үүгээр гишүүд асуулт асууж дууссанаар дараагийн хэлэлцэх асуудал болох Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, гишүүдээр нь Б.Саранчимэг, Г.Амартүвшин, Д.Батлут, Х.Ганхуяг, Т.Доржханд, Г.Дамдинням нар ажиллана.
Ингээд тус байнгын хорооны хуралдаан дууслаа.
Холбоотой мэдээ