Шүүхийн хараат бус байдлын талаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

Шүүхийн хараат бус байдлын талаар хэлэлцэж байна

Монгол Улс Шүүхийн шинэтгэлийн багц хуулийг хэрэгжүүлээд дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Багц хуулийг хэрэгжүүлснээр шүүхийн салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлт гарсан хэмээн албаныхан тайлбарлаж байгаа. Тэгвэл энэ өөрчлөлтийн үр дүн, нөхцөл байдлыг үнэлэхээр Нээлттэй нийгэм форумаас өнгөрсөн жил тодорхой судалгаа хийж, үр дүнгийн талаар өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт Монголын хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчдийн холбоо, Шүүхийн тамгын газрын төлөөлөл, Тахарын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, эрдэмтэд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байгаа юм.

Судалгааг шүүгчдийн хараат бус байдал, шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл, тулгамдсан асуудлаар явуулжээ.

Монгол Улсын шүүхийн захиргаа, менежмент, хариуцлага тооцох зэргийг нэг институцид багтаадаг нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлж буй томоохон хүчин зүйл хэмээн судлаач О.Мөнхсайхан хэллээ. Мөн шүүгчийг шалгаруулах арга нь тодорхойгүй байдгаас иргэдийн хардлагад өртдөг хэмээн тайлбарлалаа. Тухайлбал, шүүгчид нэр дэвшигчдээс шалгалт авдаг. Тухайн шалгалтад тэнцсэн хүмүүсээс Шүүхийн ерөнхий зөвлөл сонголт хийдэг. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн сонгох аргачлал нь тодорхойгүй байдгаас улстөрийн шинжтэй гэх хардлагад ч өртдөг гэдгийг энэ үеэр онцлон хэлэлцэж байлаа.

Мөн судлаач П.Баттулгын илтгэлд “Ерөнхий зөвлөлийн гишүүний тоо хэт бага байгаа нь эргээд хараат бус байдалд нөлөөлж байна” гэх үр дүн гарчээ. Тухайлбал, Монгол Улсад ерөнхий зөвлөлийн гишүүний тоо тав байдаг нь бусад улсаас доогуур үзүүлэлт гэв. Олон улсад энэ тоо 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй байдаг аж.

Тэгвэл судлаач Ж.Бариаширсүрэн шүүхийн тойргийн тогтолцооны талаар иргэдийн дунд судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогч иргэдийн дийлэнх нь шүүх байгууллага засаг захиргааны нэгжээрээ байх нь дээр гэж үзсэн байна.

“Шүүхийн хараат бус байдал” хэлэлцүүлгээр үдээс хойш шүүхийн тогтолцоо, захиргааны шинэтгэлийн талаар хэлэлцэх юм. Тухайлбал, “Шүүхийн тойргийн тогтолцооны кейс судалгаа”, “Шүүхийн захиргааны тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнөнө.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж