Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.28) 09 цаг 05 минутад 81.8 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв.
Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээний үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг баримтлахаар төсвийн төсөлд тусгасан.
Төрийн үйлчилгээг саадгүй, шуурхай хүргэх, бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бүхий л боломжийг ашиглах зорилгоор мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг ирэх онд улам идэвхжүүлж, төрийн цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх юм байна. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт дэвшүүлжээ. Хууль тогтоох дээд байгууллага буюу Улсын Их Хурал, түүний байнгын хороодын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах зардлыг төрийн бусад байгууллагад тавьж байгаа шаардлагын нэгэн адил оновчтой, үр ашигтай хуваарилах зарчим баримталж төсвийн төсөлд тусгасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд харьяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис танилцууллаа.
Төрийн албаны зөвлөлийн 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 3.0 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсвөөс 13.4 хувь буюу 0.5 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Урсгал зардал өмнөх оноос 0.5 тэрбум төгрөгөөр буурсан нь өөрчлөлтөд цалин, НДШ-ийн зардал 0.04 тэрбум, эд хогшил, урсгал засварын зардал 0.6 тэрбум, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамжийн зардлыг 0.05 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, урсгал шилжүүлгийн зардал 0.2 тэрбум, бусад бараа үйлчилгээний зардлууд 0.04 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
Авлигатай тэмцэх газрын даргын 2021 оны нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 29.8 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 0.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй их засвар хийх, 0.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тоног төхөөрөмж худалдан авах 2 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг бүрэн олгохоор төсөвлөжээ.
Нэгдсэн төсвийн төсөлд дараах дүгнэлтийг өгчээ.
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн болон хөрөнгө оруулалтын зардлын дүнг өөрчилсөн боловч орлого, зарлага, алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй тооцсон байна. Цаашид жилийн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлж байх нь зүйтэй байна.
- Төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна.
- Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон тэргүүлэх аудитор О.Тэнгис нарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт тайлбар авав.
Төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтын шалгалт болон төрийн худалдан авах ажиллагааг бүрэн цахимжуулах явцын талаарх Х.Баделхан гишүүний асуултад Төрийн албан зөвлөлийн дарга Б.Баатарзориг хариулахдаа, “Төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтын ерөнхий шалгалтыг хүний нөлөөгүйгээр, шударга явуулах үүднээс 100 хувь цахимаар авдаг болсон. Ерөнхий шалгалт 11 дүгээр сарын 04-ний өдрөөс шалгалт эхэлж байгаа. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд нийт 16 мянга гаруй иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Харин тусгай шалгалтын хувьд үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж эхлээд байна” гэв. Харин худалдан авах ажиллагааг ирэх оноос бүрэн цахимжуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгааг Сангийн сайд хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлаад хоёр жил өнгөрч байна. Төрийн албыг ил тод, нээлттэй, шударга болгох, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллах боломжийг энэ хуулийн хүрээнд бүрэн олгосон. Гэвч төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлага хангалттай сайжрахгүй байна. Төрийн 180 гаруй үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлээд байхад төрийн албан хаагчдын орон тоо, зардал буурах ёстой гэдгийг хэлэв.
Тодорхой ажлуудыг эхлүүлсэн. Мэргэшсэн, чадвартай, иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн албыг бэхжүүлж, цахимжуулах үүднээс 2020 оныг төрийн албанд шийдвэрийн хэрэгжилтийг хангах жил болгосон. 2021 онд судалгаанд суурилсан төрийн албыг бэхжүүлэх зорилт тавьсан. 2022 оноос бодитой томоохон үр дүн гарна. Хүний нөөцийн мониторинг хийгдсэн. Төрийн албанд цахим шилжилтийг нэвтрүүлснээр чанар бүтээмжийн өөрчлөлт гарч байгаа. Төрийн албан хаагчдын цалингийн нэгдсэн системд одоогоор 2065 байгууллага холбогдсон байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга хариулав.
Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Баярсайхан, Ш.Адьшаа нар орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах, хавтгайрсан улс төржилт, ялгаварлан гадуурхалтыг арилгахад Төрийн албаны зөвлөлөөс санаачилгатай ажиллах шаардлагатай байгааг сануулав.
Төрийн байгууллагын Ёс зүйн зөвлөлийн ажиллах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, үйл ажиллагааг нь нэгдсэн удирдлагаар хангах, төлөвшүүлэх, төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Итгэл даах төрийн албаны төлөө” уриатай виртуал зөвлөгөөнийг өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулсан. Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр хуулиар хориглосон үйлдэл хийхээс сэргийлэх, ёс зүйг сахиж ажиллах зөвлөмжийг бүх төрийн байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай зөвлөмж, мэдээллийг хоёр цагийн дотор цахимаар өгөх, 500 байгууллагад нэгэн зэрэг цахим сургалт зохион байгуулах нөхцөл боломжийг бүрэн хангажээ.
Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдсэн гээд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлж, ёс зүйн алдаа гаргасан төрийн удирдах албан тушаалтан сайн дураараа ажлаасаа чөлөөлөгддөг хандлага, ёс зүйг төлөвшүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Улсын Их Хурлын намрын чуулганаар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг батлахаар төлөвлөсөн. Орон нутгийн сонгууль болсонтой холбоотойгоор ёс зүй, сахилга хариуцлагын талаар төрийн бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын албан хаагчдад зориулсан онлайн сургалтыг явуулна гэдгийг хэллээ.
Төрийн алба шударга, авлигагүй, мэргэшсэн болоход хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай. Намрын чуулганаар хэлэлцэх Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудлыг шийдэх ёстой. 2019 онд 427 албан хаагч хууль бусаар ажлаас халагдаж, үүнээс үүдэн төрд 2.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг тухайн шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх ёстой. Төрийн албаны зөвлөл, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, төрд учирсан хохирлыг барагдуулахад анхаарч ажиллахыг Улсын Их Хурлын гишүү Л.Энх-Амгалан сануулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсангүй. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.