Богдхан уул улаанбаатарчуудын богино зайн аяллын маршрут болжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Богдхан уул улаанбаатарчуудын богино зайн аяллын маршрут болжээ

Богдхан уул улаанбаатарчуудын богино зайн аяллын маршрут болжээ

 Өнөө цагт хүн бүхэн хотын дуу чимээ, агаарын бохирдлоос түр хугацаанд дайжиж, амралтын өдрөөр болон өөрийн завтай, хүссэн үедээ ууланд аялахыг эрмэлзэх болсон.

Нийслэлийнхний зорьж очиж, агаар салхинд гардаг их хөлийн газар болоод удаж буй хамгийн ойр маршрут бол Богдхан уулын дархан цаазат газар юм. Богдхан уулын дархан цаазат газарт аяллын албан ёсны таван маршрут байдгаас нийслэлийн иргэд хамгийн их зорчдог нь Зайсан-Дугуйцагаан чиглэл юм. Тиймээс бид тус чиглэлд алхахад төлдөг нэвтрэх хураамжийг хэрхэн зарцуулдаг болоод тус аяллын бүс рүү явж буй нийтийн тээврийн хүрэлцээтэй байдал болон иргэдийн сэтгэгдэл ямар байгаа талаар сурвалжиллаа.

Зуны улиралд амралтын өдрүүдэд 3000-4000 хүн, өвлийн улиралд 1000-2000 хүн аялж, алхдаг байна. Харин ажлын өдөр үүнээс хоёр дахин бага хүн Богдхан уулыг зорьдог аж.

Байгаль орчны сайдын 2001 оны 117 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн зөвшөөрөгдсөн бүсэд аялал жуулчлал, амралт, зугаалга, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, кино зураг авах, дүрс бичлэг хийх, зохиол бүтээл туурвих, судалгаа шинжилгээ хийх, уул овоо тахих болон уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэхэд нэг удаагийн зөвшөөрлийн хураамж гадаадын иргэн 3000 төгрөг, Монгол Улсын иргэн 300 төгрөг төлнө хэмээн заасан байдаг. Гэсэн ч нэвтрэх хураамжийн талаар олон нийт төдийлөн мэдээлэлтэй байдаггүйн улмаас хураамж төлөхөөс татгалзах тохиолдол гардаг байна.

Хураамжийг Төсвийн тухай хуулиар улсын төсөвт төвлөрүүлж, тэрхүү хөрөнгөөр тус дархан цаазат газар нутагт аялагчдад зориулан бүтээн байгуулалт хийх нөхцөлтэй аж.

Коронавирусын цар тахалтай холбоотойгоор болон нэвтрэх эрхийн тасалбарын үнэт цаас дууссан зэрэг шалтгааны улмаас хэсэг хугацаанд тус нэвтрэх эрхийн бичгийг олгохгүй байсан учраас иргэд хураамжийг анх удаа авч байгаа мэтээр ташаа ойлгох тохиолдол гарч байгаа аж. Тиймээс нэвтрэх хураамжаа төлж, Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт аялах зөвшөөрлөө авах нь зүйтэй болохыг мэргэжилтний зүгээс хэллээ.

Тусгай хамгаалалттай дархан цаазат газрын хамгаалалтын албаны ахлах мэргэжилтэн Т.Ганзоригт:

Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх тушаалын хэрэгжилт 2001 оноос хэрэгжиж эхэлсэн. Манзушир, Төрхурахын аманд нэвтрэх цэгүүдэд энэхүү хураамжийг авах ажил үргэлжилсээр байгаа. Сүүлийн жилүүдэд Зайсангийн аманд нэвтрэх цэгийн байршил оновчтой болоогүйгээс мөн нэвтрэх эрхийн тасалбарын үнэт цаас байхгүй байсантай холбоотойгоор иргэдээс хураамж аваагүй байсан. Харин одоо эдгээр асуудлууд шийдвэрлэгдэж байгаа тул нэвтрэх тасалбарыг иргэд 300 төгрөгөөр заавал авах журам хэрэгжиж байгаа юм. Энэхүү хураамжийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлэх ёстой. Манай байгууллагад төсөв тусгах үеэр жилийн өмнө 20 сая төгрөгийн даалгавар ирж, байгууллагын маань төсвөөс хасдаг. Харамсалтай нь, бид хураамжийн мөнгөө хуримтлуулж төсөвт бүрэн төвлөрүүлж чаддаггүй. Учир нь дотоодын аялагчид хураамж төлөхөөс бултах, татгалзах тохиолдол олон гардаг. Энэ хөрөнгө улсын төсөвт байршсанаар аялагчдын аялах орчны тохижилтыг сайжруулах, тухайн маршрутад аялаж буй замын дагуу хог хаягдал цэвэрлэх, нийтийн бие засах газар байгуулах, аюулгүй байдлын үүднээс санамж бичиг, самбар наах, хадах, камержуулах зэрэг ажил хийж байна.

Өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын нийт 40 гаруй аманд 21 байгаль хамгаалагч амралтгүй ажиллаж байна. Нэвтрэх цэгийн ажилтан тухайн явган алхагч иргэдээс мөнгийг хурааж, нягтлантай тооцоо бодож, тулгалт хийдэг байгаа. Сарын орлогыг бид мэдээлэх боломжгүй. Улирлаас шалтгаалаад аялагчдын тоо харилцан адилгүй байдаг. Нэвтрэх цэгийн ажилтнуудаас ирж байгаа саналын хувьд зарим хүн тасалбар авахаас татгалзаж, бухимдах тохиолдол гарч байгаа учраас холбогдох дүрэм, журмыг уншиж танилцуулж байна. Түүнээс биш бидэнд өөр гомдол, санал одоогоор ирээгүй байна гэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Засаг даргын тамгын газраас аялагчдыг тав, тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тохижилтын ажлыг ээлж дараатайгаар шийдвэрлэж байгаа. Тухайлбал, 2014-2016 онд аяллын зам дагуу тохижилт хийсэн,  2017 онд 265 авто машины зогсоолыг ашиглалтад оруулж, 2019-2020 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамны хөрөнгө оруулалтаар цаг агаарын нөхцөлд тохирсон ариун цэврийн байгууламжийг байгальд ээлтэй шийдлээр тус тус байгуулаад байна.

Мөн иргэдийн олноор зорин очдог Зайсангийн ам руу 2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Ч:72 “Богдхан амралт-Ар Зайсан-Сүхбаатарын талбай” чиглэлд том оврын автобус явуулдаг болсон юм.

Дархан цаазат газрын хамгаалалтын бүсийг хашаажуулан тэмдэгжүүлж, нэвтрэх пост, мэдээллийн самбаруудыг байрлуулах ажлууд хийгдэж байгаа аж. Цаашид доройтож болзошгүй экосистем, байгалийн нөөц баялгийг хамгаалж, нөхөн сэргээх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Аялахын тулд тусгайлан төлөвлөгөө гаргадаг сэтгэлгээг халсан

Богдхан уул дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас иргэдийг байгальд ээлтэй аялахыг сануулж байв. Бид аялж яваа иргэдээс байр суурийг нь сонирхлоо. 

Аялагч Х.Нандинцэцэг: Миний хувьд бага насны хүүхэдтэй учир эрүүл агаарт тогтмол гарахыг боддог. Гэвч хотод маань чөлөөт цагаараа гэр бүлээрээ цэвэр агаарт гарах газар байдаггүй. Ганц байдаг нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Гэхдээ цэцэрлэгт хүрээлэнд очихоор дуу чимээ ихтэй, тухгүй санагддаг. Анх найз минь надад ууланд алхах санал тавьж байсан. Тэр үед ууланд алхана гэдгийг тоогоогүй ч дараа нь нэг удаа алхаж үзээд үнэхээр сайхан санагдсан. Ингэж эрүүл агаарт алхах нь нэг талаараа хүүхдэд минь хэрэгтэй, нөгөө талаар надад ч биеийн тамирын хөдөлгөөн болж өгч байгаа юм. Ууланд алхахад сөрөг ажиглагддаг зүйл бол орчны ариун цэвэр. Ер нь аялахын тулд заавал майхан хэрэгсэл бэлтгэж, унаа машин хайдаг цаг өнгөрч, эрүүл агаарт гэр бүлээрээ хүссэн цагтаа гарах боломжийг Богдхан ууланд алхдаг болсноос хойш мэдэрсэн.

Зарим иргэд ухамсаргүйгээсэээ ууталсан хогоо энэ тэнд үлдээчихдэг. Эргээд тэр нь салхи, шороо шуурах үеэр хийсэх төдийгүй байгаль орчин бохирдуулдаг. Тиймээс нэвтрэх хураамжийг алхаж буй хүн бүрээс авах нь зүйтэй. Тэр хураамжаар наад зах нь хогийн цэгийг нэмэгдүүлж, түүнийг цэвэрлэх ажилтныг цалинжуулах нь зөв болов уу.

Аялагч Т.Баттөр: Би ажлынхаа чөлөө заваар ууланд заавал гарахыг хичээдэг. Долоо хоногт 2-3 удаа ууланд алхаж, оргил дээр нь гараад хэвтэхээр стресс тайлагдаж, бие эрүүлждэг. Хотын иргэд замын түгжрэлд бухимдаж байхаар аль болох агаар салхинд гарч түүнээсээ аз жаргал мэдрэх нь зүйтэй гэж боддог. Дархан цаазат газарт нэвтэрч байгаагийн хувьд зохих хураамжийг иргэд төлбөл цаашид бидний чөлөөт цагаа өнгөрүүлж буй энэ сайхан цэвэр агаартай газар илүү хөгжинө гэсэн үг. Миний хувьд дотоодын иргэдээс авч байгаа 300 төгрөгийн хураамж бага санагддаг. Хамгийн багадаа хураамжийг 1000 төгрөг болгож, дархан цаазат энэхүү бүс нутгийн тохижилтыг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Солонгос улсаас жишээ татахад алхалтын маршрутад нь дэлгүүр, 00 гэхчлэн аялагчдын хэрэгцээг бүрэн хангасан байдаг. Харин манай улсад 00 болон авто машины зогсоол маш хүндрэлтэй. Эдгээр асуудлыг гадаад орны жишигт нийцүүлж чадвал манай улс дотоодод төдийгүй гадаадын олон хүнийг энэ бүсэд татаж чадна.

Аялагч Г.Содгэрэл: Манай гэр бүл хүүхдүүдээ салхилуулах гэж ууланд хааяа гардаг. Их биш ч долоо хоног бүр тогтмол гараад хэвшвэл хүчилтөрөгч хангалттай авч чадна гэж боддог. Нэвтрэх хураамжийн талаар сонсож байгаагүй юм байна. Гэхдээ дархан цаазат газарт бид нэвтэрч байгаа юм чинь тодорхой хэмжээний мөнгө төлөх нь зүйтэй байх. Харин тэр мөнгөөрөө ууланд алхаж буй хүмүүст тав тухтай орчныг бий болгож, саравчтай сандал, хүүхдүүд тоглох талбайг бэлдэж өгвөл хэн ч хураамжаас татгалзахгүй байх. Мөн нийтийн тээврийн чиглэл тусгайлан гаргасанд талархаж байгаа ч автобусны хүртээмж муу санагддаг.

Аялагч Д.Оюунтуяа: Долоон хоногт хоёр удаа Богд ууланд алхдаг. Өөрөө алхах сонирхолтой учраас ууланд алхах хоббитой. Иргэдийн хувьд анхаарах зүйл нь хог. Цүнхэндээ багтаагаад аваад ирсэн зүйлээ идэж, ууж, хэрэглэж дуусчихаад хаягдлыг нь үлдээж явдаг нь маш бүдүүлэг санагддаг. Хүн тус өөрсөддөө ухамсартай хандаж чадвал цэвэр агаараар амьсгалж, эрүүл мэнддээ үнэ төлбөргүй хөрөнгө оруулалт хийж чадна.

Ч:72 дугаартай автобус Богдхан уул руу 500 төгрөгөөр үйлчилнэ

Нийслэлийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа: Өнөөдрийн байдлаар Богдхан амралт-Ар Зайсан-Сүхбаатарын талбай  чиглэлд дунд оврын гурван автобус 18 минутын зайтай явж байна. Сүүлийн арав хоногийн статистик мэдээгээр Ч:72 дугаартай Богдхан амралт-Ар Зайсан-Сүхбаатарын талбай чиглэлийн автобусанд давхардсан тоогоор 5000 орчим иргэн үйлчлүүлсэн. Богдхан уул нь нийслэлчүүдийн хувьд аялал жуулчлалын хамгийн ойр газар тул тус чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих нь нэмэгдсэн. Тиймдээ ч амралтын өдрөөр Зайсангийн ам руу явах зорчигчдын тоо даруй хоёр дахин нэмэгддэг. Иргэд анх тус чиглэлийн нийтийн тээврээр үйлчлүүлэх нь бага байсан бол одоо байнгын тогтмол зорчигчидтой болсон учраас иргэд автобусны тоог нэмэх санал хүсэлтийг Нийслэлийн нийтийн тээврийн газарт тогтмол ирүүлдэг болсон.

Хэрэв та амралтын өдөр болон чөлөөт цагаараа эрүүл агаарт гарч, гэр бүлээрээ ууланд аялах төлөвлөгөөтэй байгаа бол өөрийн аюулгүй байдлыг хангах, хальтиргаанаас сэргийлж, батлагдсан  маршрутын дагуу аялж, өөр зам жим үүсгэхгүй байхад анхаарах нь чухал байна. Мөн аялах үеэрээ хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйлдэл хийж болохгүйгээс гадна Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж явахгүй байх, зөвшөөрөгдсөнөөс бусад цэгт буудаллаж, ил задгай гал түлэх нь хориотой юм.

Мөн аялагч та дархан цаазат газарт нэвтрэх хураамжаа зохих журмын дагуу төлснөөр аялах, амрах орчин илүү тав тухтай болох юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж