Холимог тулааны урлагийн дэлхийн шилдэг тамирчдын нэг “Бүргэд” хочит Хабиб Нурмагомедов өнгөрсөн долоо хоногт тамирчны замналынхаа 29 дэх тулааныг Жастин Гаетжегийн эсрэг хийж, 29 дэх ялалтаа байгуулсан билээ. Саяхан аавыгаа хүнд өвчний улмаас алдсан түүний хувьд дахиж октагонд гарахгүй гэдгээ мэдэгдэж, их спортоосоо зодог тайлсан нь олон хүнийг гайхашрууллаа.
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод Жастин Гаетжег ялж, хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалсаныхаа дараа Хабиб Нурмагомедов “Би бол UFC холбооны маргаангүй, дийлдэшгүй аварга.
Холимог тулааны замналдаа би 29 удаа ялсны 13 нь энэ холбооны тулаан байлаа. Өнөөдөр энэ миний сүүлчийн тулаан байлаа гэж би хэлэх гэсэн юм. Дахиж би энд аавгүйгээр ирэхгүй. UFC холбооны зүгээс намайг Жастин Гаетжетай тулалдуулахыг хүсэхэд би ээжтэйгээ гурав хоног зөвлөлдсөн. Ээж маань намайг аавгүйгээрээ битгий тулаанд оролц гэсэн хэдий ч би түүнд энэ миний сүүлийн тулаан байх болно гэж амласан. Энэ бүхний дараа жин харгалзахгүй намайг чансааны нэгдүгээрт бичээрэй гэж би UFC холбоонд хэлсэн. Би номер нэгт бичигдэх эрхтэй хүн. Энэ аавын маань мөрөөдөл байсан. Гайхалтай тулаан үзүүлсэн Жастинд баярлалаа. Би чамайг сайн тамирчин, ойр дотныхоо хүмүүст анхаарал тавьдаг гэдгийг чинь мэднэ. Эцэг, эхтэйгээ үргэлж ойр байгаарай. Учир нь чи маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Дасгалжуулагч болон багийнхандаа баярлалаа. Өнөөдөр миний UFC-ийн сүүлийн тулаан байлаа” хэмээн ярьжээ.
Ийнхүү Дагестаны уулын хүү холимог тулааны урлагийн оргилд нь хүрээд зодог тайллаа. Түүнийг дэлхийн шилдэг тулаанч болоход хамгийн их нөлөөлсөн хүн бол аав нь. Хүүгээ дэлхийн хамгийн шилдэг UFC холбооны хөнгөн жингийн аварга болоход гол үүрэг гүйцэтгэсэн Абдулманап Нурмагомедов саяхан шинэ коронавирусийн улмаас таалал төгссөн юм. Хабибын аавын хувьд жүдо бөхийн хар бүстэй, Украин улсын самбо бөхийн аварга, чөлөөт бөхийн мастер цолтой хүн байж. Тэрбээр хүүгээ тулааны спортоор хичээллүүлэх хүсэлгүй байсан боловч 2005 онд энэ спортод авьяастайг нь олж харан, өөрөө дасгалжуулж эхэлжээ.
Дагестан гэдэг нь турк хэлний уул хэмээх утгатай "dağ" болон перс хэлний "-stān" буюу газар нутаг хэмээг үгийг нийлүүлж бүтжээ. Өөрөөр хэлбэл, тус улсын нэр нь "Уулсын орон" хэмээх утгатай юм.
Хабибын багийн найз Ислам Махачев нэгэн сонирхолтой түүхийг хуваалцжээ. Холливудын алдарт жүжигчин Бред Питтийн гол дүрд нь тоглосон “Troy” уран сайхны киноны эхэн хэсэгт домогт Ахиллес баатар Агамемнон хааны шилдэг дайчинтай халз тулалдаж, төвөггүйхэн буулгаж авдаг.
Үүнтэй яг ижил Хабиб сургуулиа төлөөлж, бусад сургуулийн сайн зодолддог хүүхдүүдтэй халз зодолдож, найзуудаа хамгаалдаг байжээ.
Хабиб Нурмагомедов өөрөө энэ талаар “Үргэлж тийм зүйл болдог байсан шүү. Би чинь зааланд бэлтгэл хийдэг, дасгалжуулагчийн хүүхэд байлаа. Бага байхдаа л шилдгүүдийн нэг нь байсан. Сургуулийнхан маань над дээр ирээд л асуудал гарсан талаар хэлдэг. Би ч “Намайг дагуулаад яв. Аль нь вэ?” гээд л асуудал гарсан газар руу явдаг байлаа. Хүн бүхний хувьд л би том ах нь байсан даа. Удаан хугацаанд би ямар ч зорилгогүй, хоосон зүйлийн төлөө тулалддаг байсан. Зүгээр л найзуудыгаа өмөөрөөд тулалдаг байв” гэжээ.
UFC холбооны түүхэнд өөрийн барилдааны ур чадвараараа хүндлэгдсэн Хабиб Нурмагомедов есөн настайдаа баавгайтай барилдаж байсан бол 12 наснаасаа чөлөөт бөхөөр, 15 наснаасаа жүдогоор, 17 наснаасаа байлдааны самбо бөхөөр тус тус хичээллэж эхэлжээ.
Хабиб Нурмагомедов анх 2008 онд CSFU хэмээх жижиг холбооноос зохион байгуулсан Champions League өдөрлөгийн хүрээнд Вусал Баярамовыг ялж холимог тулааны урлагийн анхны ялалтаа авч байжээ. Харин UFC холбооны анхны тулаанаа 2012 онд Камал Шалорусын эсрэг хийж, мөн ялалт байгуулсан аж. Замдаа таарсан өрсөлдөгч бүрээ өмнөө сөхрүүлж, 2018 онд анхны аваргын бүсийн төлөөх тулаандаа оролцов. Тэрбээр Америк тулаанч Эл Яквинтатай таван үе ширүүн тулалдсаны эцэст шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулж, аваргын бүсийг эзэмших болов. Гэвч шинэхэн аваргын тамирчны замналынх нь гол тулаан энэ биш байлаа. Тухайн жилдээ буюу 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр зартай Ирланд эр Конор МакГрегортой түүхэнд үлдэх томоохон тулааныг хийж, дөрөвдүгээр үед өрсөлдөгчөө боолтонд оруулан дэлчгэр шарын хандыг хага дарсан. Энэ хоёрын асуудал зөвхөн октагон дотор бус гадагш задарч, олныг хамарсан үймээн самуун ч дэгдээсэн.
Конор МакГрегор ч ялагдал хүлээснээсээ хойш Хабибтай дахиж тулалдахыг удаа дараа хүссэн. Ирланд эр Москвад зочлох үеэрээ 81 мянган хүний суудалтай Лужник цэнгэлдэхэд Хабибтай тулалдах хүсэлтэйгээ ч илэрхийлсэн. Гэвч саяхан Хабиб энэ бүх шуумыг төгсгөл болгож, хэвлэлд яриа өгсөн юм.
Тэрбээр EPSN сайтад өгсөн ярилцлагадаа “Надад таван тэрбум ам.доллар амласан ч би Конортой дахин тулалдахгүй. Бүр надад UFC холбоог хамтран эзэмших санал тавьсан ч би хүлээн зөвшөөрөхгүй. Би дахиж тийм зүйл хиймээргүй байна. Бүх зүйл дууссан. 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр би түүнийг дуусгасан. Би Конорын гэх бүхнийг дуусгасан. Түүнээс хойш би Дастин Пойрьег ялсан. Одоо Жастин Гэтжитэй тулалдахаар бэлтгэлээ базааж байна. Харин Гэтжигийн дараа хэнтэй тулалдахаа харж байж болно. Гэхдээ Конор байна гэж би бодохгүй” хэмээн ярьж байжээ.
Их спортоосоо зодог тайлсан 32 настай Дагестан, Оросын баатар Хабиб Нурмагомедов одоо аавынхаа ажлыг үргэлжлүүлж шинэ залуу авьяаслаг тулаанчдыг амжилт гаргахад нь туслах гэнэ. Тэрбээр өөрийн Америк дахь дасгалжуулагч Хавьер Мендезтэй энэ тал дээр хамтран ажиллахаар болжээ. Сонирхолтой нь, Хабиб Нурмагомедов зодог тайлах болсноо хэнд ч хэлээгүй бөгөөд зөвхөн ээждээ л амласан байжээ.
Хавьер Мендез шавиа зодог тайлсны дараа "Үнэхээр цочирдом мэдээ байлаа. Хүүгээ дэлхийн шилдэг болгох гэсэн аавынх нь төлөвлөгөө биелсэн бол энэ удаад хүүгээ энэ бүхнээс хол байлгах гэсэн ээжийнх нь төлөвлөгөө мөн биеллээ. Хабиб бол үнэхээр хүндлэл хүлээсэн залуу. Тулааны спортын замнал удаан үргэлжилдэггүй. Тамирчид ирж л байдаг, явж л байдаг. Хабибын хувьд тэр зөв цаг үеэ олж, энэ бүгдээс салах шийдвэрээ гаргасан байх. Аав, бид хоёр нь түүнийг 30 дахь ялалтаа аваасай гэж хүсч байсан юм. Гэвч тэр ээждээ дэндүү хайртай хүү. Санхүүгийн хувьд тэр хэдийнэ санаа зовох зүйлгүй болсон. Түүнд мөнгөнөөс илүү гэр бүл нь үнэтэй. Хабиб зодог тайлахаа шийдвэрээ гаргаад зүгээр л уйлж байсан. Хугарсан шагайтай ч сүүлийн тулаанаа хийж, өрсөлдөгчөө яллаа. Тэр энэ бүгдийг хүртэх эрхтэй хүн" хэмээн ярьжээ.
Форбс сэтгүүлээс гаргасан судалгаагаар Хабиб Нурмагомедовын нийт хөрөнгө 30 сая ам.доллар ажээ.
Уулархаг Дагестан нутгаас дэлхийн тавцанд хүрч, олон сая хүүхэд залуучуудын зүрхэнд гал асаасан Хабиб Нурмагомедов ийнхүү дахиж октагондоо гарахгүй боллоо. Хайртай аавынх нь үхэл түүнд хүнд цохилт болсон ч хугархай хөлөн дээрээ бат зогсч эцсийн удаа октагондоо дэвэн дэвсээр зодог тайллаа.
Холбоотой мэдээ