—Кантеш Гуттал, Энэтхэг
– Тэгэлгүй яахав, Хүн л юм хойно. Голдуу ярьж байхдаа бухимдлаа илэрхийлдэг. Огт уурлаж, хилэгнэдэггүй бол тархиндаа юмтай хүн болж таарах вий. [Инээв]
-Үзэн ядалтаар дүүрсэн энэ хорвоод та яаж ийм итгэл үнэмшилтэй, өөдрөг байж чаддаг вэ?
—Жоана Котар, Франкфурт
-Би аливаа зүйлийг аль болох өргөн өнцгөөр харахыг хичээдэг. Зовлон бэрхшээл, аллага, хүчирхийлэл, хэрүүл, хов жив хаа сайгүй, өдөр бүр л болж байна. Гэхдээ энэ хорвоо тэр чигээрээ тийм болсон гэж бодох нь буруу. Энэ ертөнцийн зургаан тэр бум хүнээс зовлон таригчид зөвхөн гарын алганд л багтах төдий юм шүү дээ.
-Анх Дээрхийн гэгээн Далай Ламаар тодорсноос хойш энэ үүрэг тань таныг хэр өөрчилсөн бэ ?
—Энди Томас, Уэйлс
-Би сайн дураараа Далай Лам болоогүй ээ. Хүссэн хүсээгүй би шашны том сургуульд бусад лам нарын адил буддын гүн ухаанаас судлах шаардлагатай байсан. Надад үүрэг хариуцлага оногдсон юм. Зарим үед хэцүү санагддаг ч илүү ихийг хийх бололцоо заавал байдаг.
-Та Хятадын засгын газартай зөвшилцөлд хүрэх боломж бий гэж бодож байна уу?
—Жосеф Ченг, Мельбурн
-Тиймээ. Боломж бий. Гэхдээ өнгөрсөн үйл явдлууд энэ хэрэг амаргүй гэдгийг харуулж байна. Хятадын хатуу бодлого баригчид холч хараагүй, богино бодолтой улс. Дэлхийн улс орнуудын дунд хүчирхийллийг эсэргүүцсэн дуу хоолой улам нэмэгдэж байна. Ялангуяа оюунлаг хүмүүс үүнийг хамгийн их буруушааж байгаа юм. Энэ бүхэн өөрчлөгдөнө. Энэ бол тодорхой.
-Хүүхдэд уурлаж болохгүй гэдгийг яаж ойлгуулах вэ?
—Робин Райс
-Хүүхэд аав ээжийгээ үргэлж дуурайдаг. Аливаа зүйлд тайван, хүлээцтэй хандаж, ухаалгаар шийдэж байвал хүүхэд бас тэгж сурна. Орчин үеийн боловсролын тогтолцоо оюуны хөгжилд хэт их анхаарал хандуулдаг. Уг нь хүнлэг сэтгэлтэй болоход нь анхаарвал дээр юм.
-Та Далай Лам биш энгийн хүн болох тухай бодож байсан уу?
—Грего Франко, Манила
-Тиймээ, залуудаа тэгж боддог байсан шүү. Тэр үед би энгийн төвд хүн шиг эрх чөлөөтэй болох тухай боддог байлаа. Гэхдээ бусад хүмүүст туслахын тулд энэ үүрэг надад оногдсон гэдгийг би ухаарсан. Одоо бол Далай Лам болсондоо баяртай байна аа. Би бурхан биш. Би бусадтай л адил энгийн хүн.
-Та Төвд орноо санадаг уу?
—Памела Кордоба , Мексик
-Тэгэлгүй яахав. Төвдийн соёл маш эртнийх төдийгүй бас орчин үеийнх. Энэ соёл бол энэрэл нигүүлсэл, энх тайван юм шүү дээ. Бас уур амьсгал нь давтагдашгүй өөр. Энэтхэгт борооны улиралд маш их бороо ордог юм. Тэгээд л би Төвдийг санадаг юм даа.
-Шашны нэр барьж аллага, хүчирхийлэл үйлдэж буй хүмүүст та юу хэлэх вэ?
—Эрни Доминго, Филиппин
-Тэдний сонирхлын цаана итгэл үнэмшил биш, ердөө эрх мэдэл, заримдаа мөнгө нуугдаж байдаг. Тэд хүмүүсийн итгэл үнэмшлийг хортойгоор ашиглаж байдаг юм. Бид үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хүчирхийлэл, аллага шашнаас үүдэлтэй юм биш.
-Танд өмд өмсч байсан удаа бий юу?
—Жу Хуанг, Стамфорд
-Хүйтэн үед өмсөнө өө. 1959 онд би Түвдөөс дүрвэхдээ өмд өмсч, энгийн хүн шиг хувцаслаж байсан удаа бий.
-Та амьдарж амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу?
—Ле Лукас , Келоуна
-Хүний амьдралд амжилт уналт аль аль нь байдаг шүү дээ.