Томилгоо: Аймаг, дүүргийг удирдах Засаг дарга нар

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Томилгоо: Аймаг, дүүргийг удирдах Засаг дарга нар

Томилгоо: Аймаг, дүүргийг удирдах Засаг дарга нар

Орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн хуралдаан зарлагдсанаар  аймаг, дүүргийг удирдах Засаг дарга нарын нэрс тодорч эхэллээ. Одоогоор нийслэлийн таван дүүргийн Засаг даргын нэрс тодорхой болсон бол аймгуудад мөн эхнээсээ Засаг дарга тодорч, ажлаа хүлээн аваад байна. 


ТАВАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТОДОРЧЭЭ

Хотын даргаар томилогдсон Д.Сумъяабазартай гар нийлж ажиллах дүүргийн Засаг дарга нар хэн байх вэ гэдэг асуудал Баасан гаригт тодорхой болно. Гэхдээ дүүргүүдийн Засаг даргаар томилогдох зарим хүмүүсийн нэр тодорхой болсон. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагайг томилохоор болжээ.

МАХН-ын нэг төлөөлөгчийг өөрсдийн талд урвуулж чадсан Баянгол дүүргийн МАН-ынхан Засаг даргаар Ө.Сумъяабаатарыг томилох бол Хан-Уул дүүргийн Засаг даргаар өнгөрсөн дөрвөн жил тус дүүргийг удирдсан Ж.Алдаржавхлан, Багахангай дүүргийн Засаг даргаар С.Эрдэнэбаяр нарыг улираан томилохоор болсон байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргаар тус  дүүргийн намын дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн хүнээ тавина хэмээн “бужигнуулж” байгаа сурагтай. Учир нь тэрбээр өмнө нь Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг Засаг даргаас унагаж,  өөрийн хүн болох Н.Батсүмбэрэлийг тавьсан гэдэг. Чингэлтэй дүүрэгт МАН ялалт байгуулсан учраас тухайн дүүргийн намын хорооны дарга өөрийн хүнээ Засаг даргаар томилох боломжтой ч хотын даргатайгаа гар нийлж ажиллах хүн байх нь чухал. Тиймээс тус дүүргийн Засаг даргад Н.Батсүмбэрэл, ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, Тамгын газрын дарга Б.Цэрэн нарын нэрс яригдаж байна.

Ардчилсан нам ялалт байгуулсан Сүхбаатар дүүргийн Засаг даргад Х.Болормааг улираан томилохоор ярьж байна. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус дүүргийн Засаг даргаар ажиллаж, орон нутгийн сонгуульд Ардчилсан нам Сүхбаатар дүүрэг үнэмлэхүй ялалт байгуулсан юм.

МАН ЯЛСАН АЙМГУУДАД ЗАРИМ ЗАСАГ ДАРГА НАРЫГ УЛИРААНА

Орон нутгийн сонгуулиар МАН 12 аймагт, Ардчилсан нам 8 аймагт тус бүр ялалт байгуулснаар Засаглах боломжтой болсон.  Гэхдээ одоогоор зарим аймгийн хувьд Засаг даргаа томилох асуудал эцэслээгүй байгаа бөгөөд тодорхой болсон зарим нэрсийг танилцуулъя.

АРХАНГАЙ АЙМАГ: Тус аймгийн Засаг даргаар Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргалыг томилохоор болсон гэх мэдээлэл бий. Тэрбээр Архангай аймгийн Ардчилсан намын даргаар ажилладаг бөгөөд намдаа ялалт авчирсан гэж үнэлэгдэн,  Засаг дарга болох магадлал хамгийн өндөр байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ: Тус аймагт МАН ялалт байгуулсан учраас одоогийн Засаг дарга А.Гылымханыг улираана гэсэн мэдээлэл байна.

БАЯНХОНГОР АЙМАГ: Тус аймгийн Засаг даргаар Д.Мөнхсайханыг улираан томилсон.

БУЛГАН АЙМАГ: Ардчилсан нам ялалт байгуулсан. Тус аймгийн Засаг даргад 2020 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон ч орон нутгийн сонгуульд өрсөлдөн ялсан Б.Ариун-Эрдэнийг томилохоор болжээ.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ: Ардчилсан нам ялалт байгуулсан бөгөөд аймгийн Засаг даргад О.Амгаланбаатарын нэр яригдаж байна.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ: МАН олонх болсон, Засаг даргад аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ш.Билэггүмбэрэл, Г.Батзам нарын нэрс яригдаж байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГ: Засаг даргаараа Б.Азжаргалыг томилсон. Тэрбээр өмнө нь Дархан сумын Засаг даргаар 8 жил ажилласны зэрэгцээ аймгийнхаа ИТХ-ын даргаар ажиллаж байжээ.

ДОРНОГОВЬ АЙМАГ: МАН ялалт байгуулсан бөгөөд О.Батжаргалыг Засаг даргаар томилохоор болжээ.

ДОРНОД АЙМАГ: Тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан М.Бадамсүрэнг улираан томилно.

ДУНДГОВЬ АЙМАГ: Ардчилсан нам олон болсон бөгөөд Ц.Мөнхбатыг Засаг даргаар томилохоор болжээ.

ЗАВХАН АЙМАГ: МАН олонх болсон бөгөөд аймгийн намын хорооны дарга Д.Түвшинжаргалыг Засаг даргаар томилохоор болжээ.

ОРХОН АЙМАГ: МАН олонх болсон учраас аймгийн Засаг даргын орлогч байсан С.Батжаргалыг томилохоор болжээ.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ: МАН ялалт байгуулсан бөгөөд аймгийн Засаг даргаар А.Ишдорж  гэх хүний нэр яригдаж байгаа гэнэ. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байжээ.

ӨМНӨГОВЬ АЙМАГ: Ардчилсан нам ялалт байгуулсан бөгөөд аймгийн Засаг даргаар Р.Сэддоржийг томилохоор болжээ. Тэрбээр “Тавантолгой” ХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

СҮХБААТАР АЙМАГ: Ардчилсан нам олонх болсон бөгөөд М.Идэрбатыг аймгийн Засаг даргаар томилохоор болжээ.

СЭЛЭНГЭ АЙМАГ: Засаг даргаар Ш.Оргилыг улираахаар болсон. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймгийн Засаг даргаар ажиллаж, намаа ялуулсан юм.

ТӨВ АЙМАГ: МАН ялалт байгуулсан бөгөөд одоогоор аймгийн Засаг даргаа тодорхой болгоогүй байна. Гэхдээ тус аймгийн Засаг даргад эдийн засгийн ухааны доктор Д.Амгалан, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан А.Идэрпүрэв нарын нэрс яригдаж байна.

УВС АЙМАГ: АН ялалт байгуулсан, одоогоор Засаг даргаар хэнийг томилох нь эцэслэгдээгүй байна.

ХОВД АЙМАГ:  МАН ялалт байгуулсан учраас аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Дүгэржавыг улираан томилохоор болжээ.

ХӨВСГӨЛ АЙМАГ: Тус аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан бөгөөд Ш.Идэрбаясгаланг Засаг даргаар томилохоор ярилцаж байгаа гэнэ.

ХЭНТИЙ АЙМАГ: Тус аймгийн Засаг даргаар Ц.Идэрбатыг томилсон. Түүний хувьд Хэрлэн сумын Засаг даргаар ажиллаж байжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж