НЭМЭЛТ:
Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал маргааш 10.00 цагаас үргэлжлэх болж, өнөөдрийн шүүх хуралдааныг завсарлууллаа. Шүүх хурал Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байгаа юм.
Прокурор, өмгөөлөгч нар тайлбар хийж байна
НЭМЭЛТ:
Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал 14.55 цагт засварлаад 16.00 цагт үргэлжлэв. Одоогоор шүүх хуралд прокурор, хохирогч нарын өмгөөлөгч нар давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хийж байна.
Г.Эрдэнэбат, Б.Хурц нарт холбогдох шүүх хурал эхэллээ
НЭМЭЛТ:
Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 10.00 цаг өнгөрч байхад Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал эхэлжээ.
Г.Эрдэнэбат, Б.Хурц нар өнөөдөр давж заалдана
Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр (2020.10. 28) 10.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. Тэдэнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал аравдугаар сарын 13-ны өдөр товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг өнөөдөр товлосон нь энэ юм.
Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон юм.
Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус, тус оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарыг тус бүр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар эрүү шүүлт тулгасан, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.
Дашрамд дурдахад, уг хэргийн талаар Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн “Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ” гэгчээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн эздийг илрүүлнэ гэсэн байдлаар маш олон хүн улс төрд орж, гишүүн сайд дарга боллоо. Төрийн нууц гэдэг нь тодорхой нэг зорилгын хүрээнд, тодорхой цаг хугацаанд нууцлаад, зорилгодоо хүрсний дараа ил болж байх ёстой. Энэ хэргийг зөв шийдвэрлэхийн тулд өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьсан ч бүтээгүй" хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ