Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
2021 онд төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг 2021 онд бууруулж, төсвийн тогтвортой байдлыг ханган, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх.
Цар тахлын үед хэрэгжүүлж буй иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг хилийн хориог цуцлах хүртэлх хугацаагаар буюу ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэх,
Татвар нэмэхгүйгээр бизнесийн орчныг үргэлжлүүлэн дэмжиж, гаалийн шинэчлэлийн үр дүнд экспортыг нэмэгдүүлж, баялгаас орох орлогыг бүрэн хураах, технологийн дэвшил ашиглан татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэн төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах,
Төсвийн урсгал зардлыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн түвшинд нийцүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн даатгал, нийгмйин хамгааллын үйлчилгээг коронавируст (КОВИД-19) цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалж, нийгмийн эмзэг бүлэгт чиглүүлэхээр төлөвлөжээ.
Энэ үндсэн дээр Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13.9 их наяд төгрөг буюу 30.0 хувь, төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төсөлд тусгасан.
Ирэх оны төсвийн онцлог нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараах анхны төсөв юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн барьсан төсвийг УИХ дээр зарлага нэмэгдүүлэх эрхгүй. Гишүүд тойрогтоо ахиу хөрөнгө оруулалт татах нэрийдлээр төсвийн төслийг танихгүй мэт өөрчилдөг байдлыг хязгаарласан гэсэн үг.
Тиймээс Засгийн газар төсвөө боохдоо урьд урьдынхаас илүүтэй хариуцлагагүй хандах шаардлагатай болж байгаа юм. Энэ тухай өчигдөр /2020.10.27/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Жавхлан хөндөж “УИХ, байнгын хороон дээр төсвийг хэлэлцэх хугацаа маш давчуу байна. Дэгийн хуулиараа төсвийг хэлэлцэх цаг хугацааг уртасгаж, өөрчлөх шаардлагатай. Тэгж байж төсвийн төсөлд гишүүд бүтээлч хандана” гэдгийг сануулсан.
УИХ-ын гишүүдийн зүгээс 2021 оны төсвийн хуваарилалт харилцан адилгүй байгааг шүүмжилж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төсвийн хуваарилалтыг аймаг бүрт харилцан адилгүй оруулж ирсэн. Эдийн засаг хүнд байна гэж ярьсан. Гэтэл зарим аймагт 130, 140 тэрбум төгрөг гэж оруулсан нь шударга бус. Болохгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана шүү гэж хатуухан шүүмжилсэн. Түүнчлэн нэр бүхий хуульчид өнгөрөгч Даваа гаригт /2020.10.25/ 2021 оны төсвийн тухай хуулийг тэгш бус гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд өгөхөө мэдэгдсэн.
Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга энэ таван хүн бусад гишүүнээс илүү өндөр дүнтэй хөрөнгө оруулалт орон нутагтаа татдаг бичигдээгүй хууль нэгэнт бий болсон гэж эдийн засагчид ч шүүмжилдэг. Тухайлбал, 2021 онд Хэнтий, Баянхонгор аймагт 125 сая төгрөг буюу хамгийн их төсөв хуваарилагдсан байна.
Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа 2021 оны төсвийн хөрөнгө оруулалт тэгш бус эсэх асуудлаар талуудын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Улаанбаатар хотын дүүргүүдэд орж ирсэн төсвийн хуваарилалт харилцан адилгүй байна. Хан-Уул дүүргийнх гэхэд нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь Баянгол, Чингэлтэй дүүргийнхээс долоо дахин их байгаа юм.
Магадгүй Хан-Уул дүүрэг газар ихтэй юм чинь байшин барилга барих хэрэгтэй гээд хөрөнгө оруулалт илүү орж байна гэж тооцож болно. Нөгөө талаасаа Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх гээд гэр хороолол ихтэй, агаар бохирдолтой бидний өмнөө тавиад байгаа агаар, хөрсний бохирдол, гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтэцжүүлэх энэ хүрээндээ эдгээр дүүргүүддээ илүү их хөрөнгө оруулах шаардлага байгаад байна. Хүн амын хувьд ч аваад үзэхэд Чингэлтэй, Хан-Уул дүүрэг адил байх жишээтэй.
Төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалт тал дээр бид нухацтай хандах хэрэгтэй.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
Нэгд, өнгөрсөн жилийнхээ ажлыг үргэлжлүүлээд санхүүжүүлээд явж байгаа. Гишүүд тэндээс түүгээд яриад явж байгаа болов уу гэж бодож байна. Тухайн салбараасаа шалтгаалаад орон нутагт хийх ажлууд нь онцлогтой байдаг. Хөдөө орон нутагт баригдаж байгаа сургууль, эмнэлгийн барилгыг үр ашиггүй хөрөнгө оруулалт гэж би үздэггүй. Монгол Улсад ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол чухал. Түүнд зориулагдсан хөрөнгө оруулалтыг үр ашиггүй гэх нь буруу гэж бодож байна.
Хоёрт, Монгол Улсын эдийн засгийг хоёр том бодлогын арга хэрэгслээр удирдаж явдаг. Энэ төсвийн бодлого, мөнгөний бодлого. Цар тахал гарчихсан энэ үед дэлхийн улс орнууд бүгд амаргүй цаг үеийг давж туулж байна. Бид өөрсдийн авч хэрэгжүүлж байгаа бодлогыг бусад оронтой харьцуулахад байгаа боломжид нөөц бололцоогоо бүрэн дайчилж ажилласан. Тэгсэн хэрнэ эдийн засгаа идэвхжүүлэх, иргэдийнхээ орлогыг хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн төсөв оруулж ирсэн.
Дэлхий нийтээрээ эдийн засаг агшчихсан байна. Энэ үед бидний авч хэрэгжүүлж байгаа бодлого зөв. Хөрөнгө оруулалтын бодлогыг улс орон даяар авч хэрэгжүүлээд явж байгаа. Томоохон төслүүдийг бүгдийг нь хэрэгжүүлээд явж байгаа. Энэ нь ажлын байрыг хадгалах бодлого юм. Хөрөнгө оруулалтаа хасахад тэр ажлыг хийх ёстой аж ахуй нэгжүүд сул зогсоно, ажилчид нь ажилгүй болно. Ингээд ажилгүйдэл нэмэгдэнэ гэсэн үг. Хөрөнгө оруулалтыг хас гэж орилоод байгаа хүмүүс бол үндсэндээ иргэдээ ажилгүй болго гэж байгаатай адилхан. Тиймээс ирэх жил ч хөрөнгө оруулалтаа бууруулахгүй оруулж ирсэн.
2018 оны төсвийн онцлог нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өрийг шийдэх гэж байсан. 2019 онд Улаанбаатар хотын утааг бууруулах, 2020 оны төсөв “ковид-19”-ийн эдийн засгийн хүндрэлийг бууруулахад чиглэсэн. 2021 оны төсвийг бид эрүүл мэндийн салбарын шинэчлэл, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үр ашгийг сайжруулах жил гэж үзэж байгаа.
Холбоотой мэдээ