Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хурал боллоо. Хурлаар нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох тухай асуудлыг зөвшилцлөө. 2020-2024 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллах юм. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн удирдагчаар Н.Баярчимэг, нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Ихбаяр, нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөмөө, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Одсүрэн, нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар нарыг томилохоор нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хуралдааны үеэр “Нийслэлчүүдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон Тэргүүлэгчид цаашдаа хотын ажил амьдралтай холбоотой тогтоол, шийдвэрүүдийг гаргахын тулд ойр ойрхон хуралдах болно. Нийслэлийн Засаг даргын орлогч нар хотын даргыг төлөөлж ажиллахдаа ямар нэгэн эрх ямба эдлэхгүй, иргэд, хот хоёрын хооронд гүүр болж ажиллах том үүрэг хүлээж байгаа” гэдгийг хэлээд, ажилд нь амжилт хүслээ.
Холбоотой мэдээ