Өнөөдөр Монгол Улс НҮБ-д элссэний 59 жилийн ой тохиож байна. НҮБ-ын гишүүнчлэл нь манай улсад тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, олон улсын төвшинд нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, гишүүн байгуулагуудын эв санаа, хамтын ажиллагаанд оролцох, тусламж дэмжлэг хүртэх өргөн боломжийг нээж өгсөн билээ.
Монгол Улсад явагдаж буй төрийн албаны шинэтгэлийг гадаад орон, олон улсын байгууллагууд талархан дэмжиж ирлээ. “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран үр дүнтэй хэрэгжүүлж байна.
Саяхан тэмдэглэсэн НҮБ-ын 75 жилийн ой, НҮБ-ын өдрийг тохиолдуулан Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишра, Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Элейн Конкиевич, суурин төлөөлөгчийн орлогч хатагтай Нашида Саттар нартай Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тус тус мэндчилгээ солилцлоо. Талууд төрийн албаны шинэтгэлийн талаар эхлүүлсэн ажлаа эрчимжүүлэн амжилт ололтоо бататгаж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Дээрх тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчөөр 2015-2019 онд ажиллаж байсан, өдгөө БНХАУ дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагчаар ажиллаж буй хатагтай Беата Транкманнаас Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанд амжилт хүссэн мэндчилгээ ирүүллээ.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён М.П.Сингх мэндчилгээндээ Энэтхэгийн Холбооны Төрийн албаны комисс болон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн хооронд 2019 онд байгуулсан Харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд төрийн албаны шинэтгэлийг гүнзгийрүүлэх үр нөлөөтэй хамтын ажиллагаа, солилцооны хөтөлбөрийг цар тахлын нөхцөл байдал хэвийн болмогц төлөвлөн ажиллахаа дурдсан байна.
Эх сурвалж: ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ
Холбоотой мэдээ