БОХХААБХ: 2021 оны төсвийн тухай хуулиудын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

БОХХААБХ: 2021 оны төсвийн тухай хуулиудын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.27) хуралдаан 12.00 цагт гишүүдийн 57,9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын 2021 оны төсвийн төсөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцын нийт зардал 186.9 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд 2019 оны гүйцэтгэлээс 11.7 хувиар буюу 19.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол 2020 оны тодотголоор батлагдсан төсвөөс 48.5 хувиар буюу 176.1 тэрбум төгрөгөөр буурахаар тусгагджээ.  Энэ нь УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчин өрхөд ноолуурын урамшуулал олгохоор тусгасныг хэрэгжүүлэхээр 175.6 тэрбум төгрөгийг урсгал шилжүүлгээр дамжуулан олгосон дүнгээр бууруулсантай холбоотой байна. 2020 оны тодотголоор батлагдсан төсөвтэй харьцуулахад урсгал зардлыг 171.0, хөрөнгийн зардлыг 6.4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж төсөвлөсөн бол эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн хэмжээг 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төсөвлөжээ.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын нийт зардлын төсөв  2021 онд 164 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөн нь 2019 оны гүйцэтгэлээс 22.0 хувиар буюу 29,7 тэрбум, 2020 оны тодотголоор батлагдсан төсвөөс 4,2 хувиар буюу 6.6 тэрбум  төгрөгөөр тус тус нэмэгдсэн. 2021 оны төсвийн төсөлд урсгал зардлыг 7.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, хөрөнгийн зардлыг 0.5 тэрбум төгрөгөөр бууруулан төсөвлөсөн байна.   

Засгийн газраас  2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээнүүдийн үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг баримтлахаар төсвийн төсөлд тусгасан. Ирэх оны төсвийн төсөлд татварын хувь хэмжээг тогтвортой хадгалах, гааль татварыг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглан бүртгэл, хамрагдалтыг нэмэгдүүлэх, гааль татварын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх, аливаа татвараас зайлсхийх явдлыг бууруулан татварын тэгш, шударга орчин бүрдүүлэх бодлогыг баримталсан гэж байв. 

Түүнчлэн 2021 оноос Засгийн газраас эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлснээр тус салбаруудын хүнд суртал, чирэгдэл, дараалал, чанаргүй үйлчилгээ, хувь хүнд учирдаг төлбөрийн дарамтыг бууруулж, харин үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр үр шимийг нь монгол хүн бүрд хүртээх чиглэлд чухалчлан авч үзсэн гэдгийг онцоллоо. 

Төрийн үйлчилгээг саадгүй, шуурхай хүргэх, бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бүхий л боломжийг ашиглах зорилгоор мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг ирэх онд улам идэвхжүүлж, төрийн цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх юм байна. Коронавируст халдварт цар тахлын аюул үргэлжилсээр байгааг тооцоолон, эрэлтийг дэмжих зорилгоор эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 2020 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн, нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн шийдвэрийг коронавируст халдварт цар тахлын хугацаанд буюу 2021 оны эхний хагас жил хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилтандаа олгодог цалин хөлснөөс ердийн үед 22-25 хувиар тооцож ногуулдаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг  чөлөөлж, хөнгөлсөн арга хэмжээг хэсэгчлэн үргэлжлүүлж 2021 оны эхний хагас 17 хувиар тооцохоор төлөвлөсөн байна. 

Эдийн засгийн өсөлтийг улсын төсвийн хөрөнгөөр дэмжих бодлогын хүрээнд хүн амын хэрэгцээг хангах хотын инженерийн шугам, сүлжээ, гэр хорооллын дэд бүтэц, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хот доторх автозам барих болон тусгай хэрэгцээт хүүхэд зориулсан цогцолбор, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн нэн шаардлагатай барилгуудыг барих ажлуудыг төлөвлөсөн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцууллаа. 

Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 оны тодотголын түвшнээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага 2020 оны тодотголоос 625.9 тэрбум төгрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт хүрэх ба тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулсан гэж байлаа.

Энэ талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулав. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 164.3 тэрбум төгрөгөөр төлөвлөж 2020 оны тодотгосон төсвөөс 6.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 33.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 19 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 18.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн. Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 29.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 13 төсөл, арга хэмжээг 16.4 тэрбум, шинээр 4.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 6 төсөл, арга хэмжээг 2.2 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөхийн зэрэгцээ шинээр хэрэгжих 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 200.0 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 1 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байгааг тэргүүлэх аудитор танилцуулгадаа дурдсан. 

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 186.9 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсөвтэй харьцуулбал 176.1 тэрбум төгрөгөөр буюу 48.5 хувиар бууруулж тооцжээ. Төсвийн төсөлд урсгал зарлагыг 171.0 тэрбум, хөрөнгийн зардлыг 6.4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийг 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 41.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 36 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 20.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Шинээр хэрэгжих 15.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 5.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна гэж байлаа. 

Үндэсний аудитын газраас нэгдсэн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлэх, төрийн байгууллагуудын бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүрэн холбож, татварын орлогыг нэмэгдүүлэх, төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвөлгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна гэж үзжээ. Түүнчлэн төсвийн төсөлд хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх зарим барилга, байгууламжийн зураг төсвийг батлуулаагүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй тусгасан нь төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгааг анхаарч, төсвийн төлөвлөлтийн хариуцлагын талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг өгчээ. 

Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл болон холбогдох яамны албан тушаалтнууд оролцсон. 

Хуулийн төсөл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ж.Бат-Эрдэнэ,  Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Г.Ганболд, Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нарын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов. 

Хөдөө аж ахуй салбарт хамаарах эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн талаар мэдээлэл хийлээ

Үргэлжлүүлэн Хөдөө аж ахуй салбарт хамаарах эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо. Энэ талаар салбарын сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээлэлдээ Засгийн газрын 1997 оны 31 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйн яамны харьяанд ажиллаж байсан мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяанд шилжүүлснээр дипломын мэргэжилтэн бэлтгэх сургалтын байгууллага нь салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, урт, богино хугацааны захиалгат судалгааг хийлгэх, тодорхой үр дүнд хүрэх техник, технологийн судалгаа, нэвтрүүлэлтийг захиалах эрх, үүргийг хязгаарласан шийдвэр болсон байна. Эрдэм шинжилгээний байгууллагууд нь удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтын хувьд салбарын яамтайгаа уялдаа холбоогүй, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны тогтолцоо алдагдахад хүргээд байгааг онцоллоо. 

Түүнчлэн сүүлийн 30 шахам жилд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн болон үйлдвэрлэл-туршилтын баазыг бэхжүүлэх талаар хэрэгжүүлсэн, томоохон арга хэмжээ, хөрөнгө оруулалт байхгүй, эрдмийн зэрэгтэй төрийн бодлогоор төлөвлөгөөтэй бэлтгэхээ больсон нь салбарын эрдэм шинжилгээний ажлын онол, арга зүйн түвшин орчин үеиин шаардлагаас ихээхэн хоцорч, Дорнод талын говийн, өндөр уулын бүс, баруун бүсийн хүрээлэнгүүдииг үндсэн чиг үүргээр нь ажиллуулахгүй, зарим салбар хүрээлэнгийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, шинжлэх ухааныг үйлдвэрлэл, хөгжлийн бодлогоос нь хөндийрүүлсэн бодит ухралт бий болгож байна гэв. 

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн Монгол Улсад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг урт хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, шат дараалалтай харилцан уялдаатай бодлогыг хэрэгжүүлэх нь улс орны нийгэм, эдийн засгийн ирээдүйн хөгжилд нөлөөлөх бодит үр дагаварыг авчрахаар байнаИймд газар нутгийн болон уламжлалт өв соёл нөөц  баялаг, байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлийн онцлогт суурилан Монгол улсыг олон тулгуурт эдийн засгийм бүтцээр хөгжүүлэхийн тулд алс хэтийн хараатай, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөдөө аж ахуйн салбарын бодлогыг зөв чиглүүлэх хэрэгтэй байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон. 

Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн хүрээлэнгүүдийг салбарын яамны харьяалалд шилжүүлэн ажиллуулж, салбарын тулгамдсан асуудлыг үе шаттай, эрэмбэлэн шийдвэрлэх, төлөвлөх, тогтвортой хөгжүүлэх, шинэ техник, технологи, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын хүчийг практик үйлдвэрлэлд бүрэн дайчлах, үр өгөөжийг дээшлүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг холбоог нягтруулж, үйл ажиллагааг зөв зохистой зохион байгуулах, нэгдмэл бодлогоор чиглүүлэх, салбар хоорондын уялдааг зорилтот түвшинд хүргэх шаардлагатай байгаа аж.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн олонх нь эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяалалд шилжүүлснээр хүрээлэнгийн бүтэц, орон тоо өөрчлөгдөх эсэх энэ асуудлаар судлаач, эрдэмтдийн байр суурь ямар байгааг тодруулж байлаа.

Засгийн газрын гишүүн З.Мэндсайхан хариултдаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг салбарын харьяалалд шилжүүлснээр бүтэц орон тоо, төсөвт өөрчлөлт, боловсон хүчний дутагдалд орохгүйг тодотгоод харьяалал шилжүүлэх асуудлаар Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлагатай уулзахад бидний бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж байлаа. Мөн тэрбээр, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг салбарын яаманд харьяаллуулснаар нэгдмэл бодлогоор хангахад чиглэж байна гэв. 

Мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооноос Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяалалд байгааг өөрчилж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд шилжүүлэх асуудлыг судалж, танилцуулах талаар  Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгож “Чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэн батлахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж