Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.27) хуралдаан 09 цаг 16 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Эхлээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээнүүдийн үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг баримтлахаар төсвийн төсөлд тусгасан.
Ирэх оны төсвийн төсөлд татварын хувь хэмжээг тогтвортой хадгалах, гааль татварыг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглан бүртгэл, хамрагдалтыг нэмэгдүүлэх, гааль татварын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх, аливаа татвараас зайлсхийх явдлыг бууруулан татварын тэгш, шударга орчин бүрдүүлэх бодлогыг баримталсан талаар Сангийн сайд танилцуулав. Түүнчлэн 2021 оноос Засгийн газраас эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлснээр тус салбаруудын хүнд суртал, чирэгдэл, дараалал, чанаргүй үйлчилгээ, хувь хүнд учирдаг төлбөрийн дарамтыг бууруулж, харин үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр үр шимийг нь монгол хүн бүрд хүртээх чиглэлд чухалчлан авч үзсэн гэв.
Төрийн үйлчилгээг саадгүй, шуурхай хүргэх, бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бүхий л боломжийг ашиглах зорилгоор мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг ирэх онд улам идэвхжүүлж, төрийн цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх юм байна.
Коронавируст халдварт цар тахлын аюул үргэлжилсээр байгааг тооцоолон, эрэлтийг дэмжих зорилгоор эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 2020 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн, нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн шийдвэрийг коронавируст халдварт цар тахлын хугацаанд буюу 2021 оны эхний хагас жил хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилтандаа олгодог цалин хөлснөөс ердийн үед 22-25 хувиар тооцож ногдуулдаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, хөнгөлсөн арга хэмжээг хэсэгчлэн үргэлжлүүлж 2021 оны эхний хагас 17 хувиар тооцохоор төлөвлөсөн байна.
Эдийн засгийн өсөлтийг улсын төсвийн хөрөнгөөр дэмжих бодлогын хүрээнд хүн амын хэрэгцээг хангах хотын инженерийн шугам, сүлжээ, гэр хорооллын дэд бүтэц, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хот доторх автозам барих болон тусгай хэрэгцээт хүүхэд зориулсан цогцолбор, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн нэн шаардлагатай барилгуудыг барих ажлуудыг төлөвлөсөн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцууллаа.
Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 оны тодотголын түвшнээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага 2020 оны тодотголоос 625.9 тэрбум төгрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт хүрэх ба тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулсан болохыг сайд танилцуулав.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат төсвийн Эдийн засгийн байнгын хороонд харъяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг танилцууллаа.
Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 204.2 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн нь өмнөх оны тодотгосон төсвөөс 4.1 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 406.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 168 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 179.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 300 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 91 барилга, байгууламжийг 136.5 тэрбум төгрөг, шинээр 106.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 77 төсөл, арга хэмжээг 42.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
Зам тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 2020 оны тодотгосон төсвөөс 79.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 300.6 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн. Төсвийн төсөлд өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 580.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 76 барилга, байгууламжийг 212.7 тэрбум төгрөг, шинээр 69.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 30 төсөл, арга хэмжээг 24 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Зам тээврийн хөгжлийн сайдын хөрөнгийн зардалд олон улсын болон улсын чанартай автозамын засвар арчлалтын улсын автозамын хөрөнгөөс 52 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 40.1 тэрбум төгрөгөөр тооцсон нь 2020 оны тодотгосон төсвөөс 4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөгджээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хөрөнгийн зардлыг 4.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа аялал жуулчлалын төв байгуулах бүтээн байгуулалтын нэгдүгээр үе шатны ажлыг эхлүүлэх зардал юм байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 3.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1 төсөл арга хэмжээний санхүүжилтэд 1.7 тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн байна. Хөрөнгийн зардлын дүнд геологи хайгуулын 27.7 тэрбум төгрөгийн зардал нэмж тусгагдсан байна.
Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 85.8 тэрбум төгрөгөөр тооцсон нь 2020 оны тодотгосон төсвөөс 23.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөсөн байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 173.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 28 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 56.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Үүнд, өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 124.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 16 төсөл, арга хэмжээг 32.8 тэрбум, шинээр 49.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 12 төсөл, арга хэмжээг 23.3 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Шинээр хэрэгжих 40.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 17.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 7 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 5.4 тэрбум төгрөгөөр тооцож төсөвлөсөн нь 2020 оны батлагдсан төсвөөс 0.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Цалин, хөлс болон нэмэгдэл урамшил, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 0.6 тэрбум төгрөгөөр нэмж төлөвлөсөн нь орон тоог 154-с 198 болгож 44-р нэмэгдүүлсэнтэй холбоотой аж.
Үндэсний статистикийн хорооны даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн төслийн нийт зарлага ба цэвэр зээлийг 2020 оны тодотгосон төсвөөс 3.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 11.1 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна.
Нэгдсэн төсвийн төсөлд дараах дүгнэлтийг гаргасан байна. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн болон хөрөнгө оруулалтын зардлын дүнг өөрчилсөн боловч орлого, зарлага, алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй тооцсон байна. Цаашид жилийн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлж байх нь зүйтэй байна. Төрийн байгууллагуудын бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүрэн холбож, цахимжуулан татварын орлогыг нэмэгдүүлэх боломж байна. Төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна. Төсвийн төсөлд хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх зарим барилга, байгууламжийн зураг төсвийг батлуулаагүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй тусгасан нь төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгааг анхаарч, төсвийн төлөвлөлтийн хариуцлагын талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй байна. Засгийн газрын гадаад өрийн зохистой түвшнийг баримтлах, гадаад зээлээр үр ашиг бүхий төслийг санхүүжүүлэн тогтвортой хөгжих нөхцөлийг бий болгоход хөгжлийн болон төсвийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай байна.
Улсын Их Хурал 2021 оны төсвийн төслийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлж, төрийн аудитын байгууллагаас өгсөн дүгнэлтийг анхааралдаа авч хэлэлцэн батлахыг дүгнэлтийнхээ танилцуулгын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хэллээ.
Ч.Хүрэлбаатар сайд, Ерөнхий аудиторын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт тайлбар авав. Жижиг дунд үйлдвэрийн сангийн хөрөнгө, зээл олголт, түүнээс үүдэн бий болох ажлын байрны талаарх асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариулахдаа, тус санд төсвөөс санхүүжилт хийгдэхгүй, зээлийн эргэн төлөлтөөс бүрдэх 50 тэрбум төгрөгийн зээл олгох тооцоолол хийгээд байгаа гэв. Ирэх оны төлөлт 36 тэрбум байх төлөвлөлттэй, үүн дээр хугацаа хэтэрсэн зээлүүдийг шахаж авснаар төлөвлөсөн хэмжээнд хүргэнэ гэж төлөвлөөд байгаа аж. Нөгөөтэйгүүр, тус сан Засгийн газрын бондын эргэн төлөлт 41 тэрбум төгрөг төлөх ёстой учраас ирэх онд 91 тэрбум төгрөгийг бүрдүүлэх шаардлагатай, харин коронавируст цар тахлын эдийн засаг, нийгмийн нөлөөллийн үед амаргүй байгаа гэдгийг тэрбээр тайлбарлаж байв. Бизнесийн орчныг сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлага байсаар атал дээрх санд улсын төсвөөс санхүүжилт хийхгүй байгааг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэлж байв. Засгийн газрын тусгай сангууд 2021 онд олох ёстой 479 тэрбум төгрөгийн орлого төлөвлөгдсөн. Үүнд авлага тооцоогүй гэдгийг Сангийн сайд тайлбарлалаа. ЖДҮСан 229.3 тэрбум төгрөг, ТЭДСан 196.4 тэрбум төгрөг, ХЭДСан 53.3 тэрбум төгрөг, үүн дээр зээл, тусламж, төслийн санхүүжилт эх үүсвэрүүд бий гэв. ЖАЙКА-гийн хоёр үе шаттай зээлийн эх үүсвэр 24.9 тэрбум төгрөг, АХБанкны 2 төслийн 72.1 тэрбум төгрөг, ДБанкны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн 1 тэрбум төгрөг гэх зэргээр нийлүүлвэл тус сан нийтдээ 576.9 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй. Үүнээс хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл нь 400 тэрбум төгрөг гэдгийг Сангийн сайд дэлгэрэнгүй танилцуулаад “Хугацаа хэтэрсэн, асуудалтай хэсэгтэйгээ ажиллахгүй атлаа мөнгө нэхээд байдаг явдлыг цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн” гэв. Сайн ажиллавал дээрх хэмжээний буюу 451 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлэх боломжтой гэж үзээд төсвөө төлөвлөсөн гэдгээ Ч.Хүрэлбаатар сайд хэллээ.
Боловсролын салбарт ирэх дөрвөн жилд чанарын дэвшил гаргах зорилт дэвшүүлэн, үүнтэй холбоотой арга хэмжээ, хөтөлбөрийг жил бүрийн төсөвт тусгаад ажиллаж байгаа талаар Л.Цэдэвсүрэн сайд тайлбар, мэдээлэл өгөв. Боловсролын зээлийн сангаас тэргүүлэх 4 чиглэлийн мэргэжлээр суралцагсдад сургалтын төлбөрийн зээл олгох бодлого баримталж байгаа юм байна.
Ирээдүй өв санд ирэх жилд 1.1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөлд тусгасан байна. Уул уурхайн салбараас улсын төсөвт нийтдээ 3.6 их наяд төгрөгийн орлого ордог ба өнгөрсөн жилүүдэд ашигт малтмалаас олж буй орлогоо дутуу бүрдүүлж байна гэж дүгнэсэн тул хил гаалиа шинэчлэх замаар баялагаас авч буй орлогоо нэмэгдүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг төлөвлөн, гүйцэтгэж байгаа талаар Сангийн сайд тайлбар, мэдээлэл өгсөн. Хуралдааны үеэр Б.Энхбаяр, Х.Болорчулуун зэрэг гишүүд төсвийн төсөл дээр хөрөнгө оруулалт, төсвийн хуваарилалт тэгш бус байгааг шүүмжилж байв. Төсвийн хөрөнгө оруулалтыг жил, жилээр харах боломжгүй, бүтээн байгуулалтын ажлуудаас шалтгаалан хөрөнгө оруулалтууд хийгддэг гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлэв. Тухайлбал, концессоор эхлээд 6 жил гаруй үргэлжилсэн Говь-Алтай аймаг руу барьж буй замын ажлыг хүлээн авах 90 тэрбум төгрөгийг төсөлд тусгасны улмаас тус аймгийн төсөв өндөр дүнтэй харагдаж буйг тайлбарласан. Улсын Их Хурлын гишүүд аймаг, орон нутагт улсын төсвөөс гадна зээл тусламжийн хөрөнгө, эх үүсвэрээр олон арга хэмжээ, төсөл, хөтөлбөр хэрэгждэг гэдгийг анхаарах шаардлагатайг тайлбарлаж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, хөрөнгө оруулалт нэмэх, хасах боломж хуулиар хязгаарлагдсан учир парламент төсвийн хэлэлцүүлэгт бүтээлч хэлбэрээр л оролцох боломжтой гэдгийг онцлов. Засгийн газар төсвийн төслийг хариуцлагагүй боловсруулж ирсэн бол дээрх нөхцөл нь маш эрсдэл дагуулах, улсын эдийн засгийн макро түвшний хөгжилд хор хөнөөлтэй гэдгийг тайлбарлав. Иймд төсвийн төслийг хэлэлцэх хугацааг сунгах, Улсын Их Хурлын гишүүдэд төсөлд бүтээлчээр хандаж, ажиллах бололцоог бүрдүүлэх үүднээс холбогдох эрх зүйн өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэдэг саналыг гаргаж байв. Төсвийн төслийн боловсруулалтад орон нутгийн оролцоог хангах, тэдгээрт төсөв хуваарилахдаа аймгуудын үйл ажиллагаа, үр ашгийг харгалздаг эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Х.Болорчулуун нар асуухад эдгээр нь холбогдох хууль, тогтоолын зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгддэг гэдгийг Сангийн сайд хэллээ.
Ийнхүү Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Дараа нь Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэв. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нар ажиллахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ