Замын цагдааг замаас "зайлуулъя"

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

Замын цагдааг замаас "зайлуулъя"

Замын цагдааг замаас "зайлуулъя"

Автомашины хөдөлгөөн зохицуулах нэрээр түгжрэл үүсгэж, нэрмээс болж буй тээврийн цагдаа нарыг төв замаас явуулахгүй бол нийтийн тээвэр хүлээсэн нийслэлчүүд осгож мэдэх нь ээ.

Учир нь тээврийн цагдаа зохицуулалт хийж байгаа авто зам бүрт түгжрэл үүсдэг боллоо. Жишээ татвал, өчигдөр (2020.10.26) Баянзүрх дүүргийн Улаанхуарангийн эцсийн буудлаас 17.00 цаг өнгөрч байхад хөдөлсөн “Мах импекс-Улаанхуаран” чиглэлийн автобус 18.00 цагийн орчимд МУИС-ийн II байрны өмнө ирсэн ч хөдөлгөөн зохицуулж буй тээврийн цагдаа нарын “ачаар” бүтэн нэг цаг байрнаасаа хөдлөлгүй гацаж, 20.00 цагийн орчимд “Бөмбөгөр” худалдааны төвд арайхийн хүрч буй бол “Мах импекс” хүрэхэд дахин нэг цаг зарцуулж, зорчигч нь 21.00 цагийн орчимд гэрийн бараа харж байна.

Өглөөд ч дээрдэх зүйлгүй. "Таван шар"-ын уулзвар дээр тээврийн цагдаа гарсан бол баруун чиглэлээс хотын төвийг зорих зорчигчид авто зам дээрээ таг гацдаг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллоос хөдөлсөн автобус Геологийн төв лаборатори хүрэхэд 50 минут зарцуулах жишээтэй.

Хэрэв тээврийн цагдаа дээрх уулзварт гараагүй, тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн гэрлэн дохиогоор зохицуулагдаж буй бол саад тотгор үгүй, 10 минутын дотор Геологийн төв лабораторийн автобусны буудалд ирдэг.

Түгжрэл үүсгэгчид дээрх цагт дан ганц "Таван шар"-ын уулзвар дээр зогсохгүй,  төв рүү чиглэх “Та чи”,  32, Хархорин,  Цамбагаравын авто замд гарсан байна. Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэг, аравдугаар хорооллын авто замд ихэнхдээ тээврийн цагдаа зохицуулалт хийдэггүй тул хоёр буудал орчим газрыг саад багатай даван туулах ч  25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, Бөмбөгөр, Төрийн ордны баруун, зүүн уулзвар бүр дээр эрээн модоо савчуулаад зогсох нь дахиад л түгжрэлийн шалтгаан болдог. Гэхдээ төв замыг бодвол дээрх замаар зорчиход арай дөнгүүр гэж хэлж болно.

Ийм байдал зөвхөн дээр дурдсан авто замуудад гарч буй юм биш, жишээ болгож авсан л хэрэг. Нисэх, Үйлдвэр-120, Офицеруудын ордон гээд тоочвол барагдахгүй. Мөн ажлын бүхий л өдрүүдэд түгжрэл үүсч байна уу гэвэл үгүй. Ажил эхэлдэг Даваа гаригт л хамгийн хүнд, харин Мягмар гаригаас түгжрэл буурсаар Баасан гаригаас улам сулардаг.  Энэ нь тээврийн цагдаа нар Даваа гариг бүрт зам бүр дээр зогсож, хөдөлгөөн зохицуулдагтай холбоотой болж таараад буй.

Өөрөөр хэлбэл, гэрлэн дохионоосоо шуурхай хөдөлгөөний зохицуулалт хийж чадахгүй тээврийн цагдааг уулзвар бүр дээр зогсоож, автомашины хөдөлгөөнийг улам гацаахын оронд камергүй, гэрлэн дохиогүйг далимдуулж, дүрэм зөрчиж буй жолооч нарыг журамлахад дайчлах шаардлага байна.

Учир нь Улаанбаатар хотын хамгийн их түгжрэл үүсдэг газрууд нь ихэвчлэн камертай тул дүрэм зөрчин хөдөлгөөнд оролцсон нөхцөлд торгуулийн хуудсыг нь илгээгээд байхад асуудал шийдэгдэнэ.

Харин гэр хороолол болон камергүй, гэрлэн дохиогүй газруудад ямар зөрчил үүсч байна вэ гэвэл наанадаж зорчигч гарцаар гарч явахад гэрлэн дохиогүйгээр далимдуулж, дайрчих шахаад өнгөрч буй тохиолдол олон. Зорчигч дайруулчихаагүй нь л их юм болж өнгөрдөг. Сургуулийн насны хүүхдүүд, ахмад настнууд ийм бэрхшээлтэй хамгийн их тулгарч байна. Тэр дундаа хүүхдүүд гарцаар гарч яваад амиа алдсан харамсалтай жишээ ч олон бий.

Уг нь гарцаар гарч байгаа зорчигч тээврийн хэрэгслийн жолоочоос илүү давуу эрх эдлэх ёстой ч Монголд өнөөдөр энэ эрхээ эдэлдэг явган зорчигч алга. Автомашингүй л бол хүний тооноос хасагдах нь холгүй хүнд нөхцөлд ажил, сургуульдаа хүрч байна.

Чухамдаа энэ бүхэнд хяналт тавих ёстой байгууллага нь Тээврийн цагдаагийн газар боловч “цэргүүд” нь зөвхөн төв зам дагуух хөдөлгөөнийг зохицуулахад ихэнх цагаа зарцуулдаг нь эргээд түгжрэл үүсэх гол шалтгаан болж буй бөгөөд дүрэмгүй жолооч нарын буруу үйлдлийг ч өөгшүүлж байна.

Нөгөө талдаа тээврийн цагдаа нь төрийн гурван өндөрлөгийн ажилдаа ирэх, гэртээ харих замын саад тотгорыг арилгах зорилгоор хөдөлгөөнд зохицуулалт хийж, ядарсан иргэдээ ч чирэгдүүлэх боллоо.

Ажил эхлэх цагаа өөрчилдөг үү, аль эсвэл ард түмнийхээ нэгэн адил түгжрэл дунд “амьдарч” үздэгсэн үү, улаанбаатарчуудын нэг номерын проблем болоод буй энэ асуудлыг төрийнхөн биеэр мэдэрч, шийдэх эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх үүрэг даалгавар өгөх, тээврийн цагдаа нарын ажлын арга барилыг өөрчлөхгүй бол бахь нөхцөлд хэдэн ч жилийг ардаа хийж мэдэх нь.

Улаанбаатар хотын шинэ захирагч түгжрэл үүсгэж байгаа эдгээр асуудлыг анхааралдаа авч, газар дээр нь ажиллаж, зохицуулалт хийх даалгавар мөн өгөхгүй бол хүйтний ам наашилж буй үед тээврийн цагдаа нарын хөлд хүүхэд, хөгшид хамгийн их чирэгдэхээр байна шүү.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
105
ЗөвЗөв
36
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж