УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2020.10.27)-ийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:
-Эрүүл мэндийн үйлчилгээний 49 хувийг анхан шатан дээр авч байгаа ч санхүүжилт авахдаа 19 хувийн төсөв нь анхан шатны байгууллага дээр очиж байна. Үүнийг яаж шийдвэрлэх вэ? Алдар цолны мөнгийг хэрхэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА:
-Яамны зүгээс халамжаас хөдөлмөр эрхлэлт чиглэлээр бодлого явуулахаар ажиллаж байна. 4400 хүний алдар цолны асуудлыг тухайн яамд өөрсдөө хариуцна. Алдар цолтой 4400 хүний тэтгэмжид 6.4 тэрбум салбар салбарын сайдын багцдаа ороод явж байна. Халамж хүлээн авч байгаа иргэдийн хувьд яамны зүгээс цахимжуулаад мэдээллээ ил тод болгохоос гадна айл өрхөөр явдаг судалгаа нь тухайн өрхийг үнэлсэн үнэлгээ. Хүнсний талоныг хуучирсан үнэлгээгээр авч үзээд байгаа учраас төдийлөн оновчтой биш, авах ёстой хүмүүс нь авч чадахгүй байгаагийн гол шалтгаан юм. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, мэдээллээ түргэн шуурхай солилцдог болж, И-халамж систем нэвтрүүлснээр бид халамжийн чанарт анхаарах боломжтой болно. Дээрээс нь олон төрлийн халамжийн бодлого дотор давхардуулан олгоод байгаа халамжийн хөтөлбөрүүд бий. Гэхдээ манай яамны зүгээс хөнгөн хуумгай өөрчлөлт оруулахгүйгээр судалгаатай, олон улсын байгууллагуудын дүгнэлт дээр үндэслэн 72 төрлийн халамжийг цэгцлэх бодлогоо оруулж ирнэ. Ирэх оноос И-халамж системийг нэвтрүүлснээр авах ёсгүй хүмүүсээ халж, авах ёстойд нь зөв оновчтой олгоно. Мөн энэ онд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 40 мянган суралцагч 200 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвт тусгасан.
Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН:
-2020 онд Эрүүл мэндийн даатгалын санд 506.4 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцсон. Одоогийн байдлаар 57 тэрбумаар тасраад байгаа. Энэ оныг дуустал 78 тэрбумаар тасрах болов уу гэсэн төсөөлөлтэй байна. Ирэх оны хувьд мөн ижил хэмжээтэй орлого тасалдах болов уу гэсэн төлөөлөл бий. Ирэх оны эрүүл мэндийн салбарын санхүүжилт дээр Эрүүл мэндийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлээс 287 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар төлөвлөсөн. Энэ нь ирэх онд вакцинжуулалтын зардал ЭМДС-гаас гарах болсонтой холбоотой. Мөн Эрүүл мэндийн даатгалын тусламжийн хүрээг нэмэгдүүлэхэд зарцуулагдана.
УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:
-Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад эрхийн бичиг олгоод, ирэх оны тавдугаар сард мөнгөжүүлэх хууль гарсан. Үүнийг яаж хэрэгжүүлэх гэж байна вэ? Хоёрдугаарт, хөнгөлөлттэй эмийг цахимаар олгоно гэж байгааг дэмжиж байна. Гэхдээ хөнгөлөлттэй эм авдаг хүмүүсийн дийлэнх цахимд орох нь битгий хэл ухаалаг утас ч авч чадахгүй иргэд. Бүгдийг цахим болгоно гээд байгаа нь хэтэрхий өрөөсгөл шүү. Ний нуугүй хэлэхэд амьдрал бол амьдрал шүү, залуус минь ээ. Цахим гээд бүгдийг самраад хаячих вий.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА:
-Тэтгэврийн зээлийг тэглэхдээ холбоотойгоор тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгоод тэр нь ирэх оны тавдугаар сарын 21-ээс мөнгөжнө гэдэг нь өөрөө Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудал. Төсөвт ч тодорхой орсон байгаа. Сангийн яамныхан энэ дээр илүү тодорхой хариулах байх. Цахим дээр бид үнэлгээ хийснээр цаастай ажилладаг ачаалал нь буурах учраас эмзэг бүлгийн иргэдтэй тулж ажиллах, илүү сайн гүйцэтгэлтэй болно гэж үзэж байгаа.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.НАРАНЦОГТ:
-Салхитын мөнгөний орд дээр “Эрдэнэс Монгол”гэдэг компани бонд гаргасан. Сангийн яам энд оролцоогүй. Мэдээлэл ч байхгүй байна. Бонд гаргасан компани мөнгөжүүлэх асуудлыг хариуцах ёстой. Үүнтэй холбоотой мөнгө төсөв дээр суулгаагүй. “Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс силвер” бонд гаргасан. Тэр компаниуд төрийн төрийн өмчит компани боловч Сангийн яамных харьяа биш. Тиймээс төсвийн харилцаа үүсэхгүй байна.
УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:
-Сангийн яам, Эрүүл мэндийн даатгалын сан хооронд 200 тэрбум төгрөгийн тооцооны зөрүү байна. Улсын төсвөөс ЭМД-ын хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянгаар төлөх ёстойг өнгөрсөн жилийнхээс төлсөн учраас зөрүү гараад байгаа. Энэ тооцоо нийлсэн үү? Энэ мөнгийг Сангийн яам хэзээ ЭМДС-д нөхөж төлөх вэ? 2021 онд эрүүл мэндийн үйлчилгээнд дэвшил гарах жил гэж тооцож байгаа. Тэр ачааны хүндийг ЭМДС үүрэх ёстой. Тэр сангийн мөнгийг дутаамааргүй байгаа юм. ЭМДС-гийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөлд зарлага талд нь бусад гэдэг дээр 160 тэрбум 480 сая төгрөг тавьсан байгаа. Танилцуулгаас харахад тоног төхөөрөмж, оношилгоо шинжилгээний аппарат авах юм байна. Хуулиар тоног төхөөрөмж авахыг зөвшөөрдөг юм уу? Хөрөнгө оруулалтын хуулиар зохицуулах ёстой юм биш үү? Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийг засах биш, бүр шинэчлэх шаардлагатай. Энэ эмнэлгийг засахад хөрөнгө мөнгө суулгасан уу гэж Сангийн яамныхнаас асууя. Мөн 2021 онд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулах, тэндээ хүнээ эмчилдэг тал дээр ямар ажил төлөвлөж байна вэ?
Ажлын хэсэг:
-200 гаруй тэрбум төгрөгийн өглөг, авлагын тооцоо хаана ч байхгүй. Мөн ЭМДС дээр 160 гаруй тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж гэж тавьсан. Өнөөдөр тарифыг нэг түвшинд болгочихоор улсын эмнэлгүүдийн нөхцөл байдал хүндэрнэ. Яагаад гэвэл хувийн эмнэлгүүд тоног төхөөрөмж, үйлчилгээ сайтай. Нэг удаад аймаг, дүүргийн эмнэлгүүдэд голлон анхаарах нь зүйтэй гэж үзээд, энэ мөнгийг тавьсан. Холбогдох хуулийг хуульчдаар үзүүлсэн. Даатгалын байгууллагаас хэрэгжүүлж буй арга хэмжээ учраас болно гэсэн. Энэ бол нэг удаагийн зарчмаар хэрэгжих арга хэмжээ учраас хуулийг оролдохгүйгээр шийдсэн. Дахиж ийм төрлийн арга хэмжээ гарахгүй. Үндэсний аудитын газраас ЭМЯ дээр зардлыг нь тавьчихвал маргаангүй болно гэдэг асуудал гаргасан.
Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН:
-Өрхийн эрүүд мэндийн төвд үзүүлж болох тусламж үйлчилгээг гүйцэтгэлээр нь санхүүжилдэг болъё гэж байгаа. Дөрвөн төрлийн багцаар өрхийн эмнэлгүүдийг санхүүжүүлж байна. Цаашдаа энэ арга хэмжээг өргөжүүлнэ. Өрхийн эрүүл мэндийн төвийн статусыг тодорхой болгоно. Одоо ихэнх нь нөхөрлөлийн хэлбэрээр явж байна. Энэ нь зөв боловч дарга нь гэж нэг хүн өөрийн танил талаараа нөхөрлөл байгуулчихсан. Яг тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмч, сувилагч нар нь нөхөрлөлд хамаардаггүй. Санхүүжилтийг нь хичнээн нэмэгдүүлсэн ч эмч, сувилагчийн цалин нэмэгддэггүй учраас боловсон хүчний тогтвор суурьшил муу байдаг. Тиймээс өрхийн эмнэлгийн статусыг илүү нарийвчлан авч үзнэ. Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг баригдаад, ирэх сард ажиглалтад орно. Түүний дараа Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийг барих ажил эхэлнэ. Түүний дараа бусад дүүргүүдэд шаардлагатай эмнэлгийн асуудлыг шийднэ. Ирэх оноос Хан-Уул, Чингэлтэй дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг баригдах бөгөөд үүний дараа Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн асуудлыг шийднэ гэж төлөвлөн, тооцоо судалгаа хийж байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ