"Сургуулиудыг эрэмбэлэхэд 90 сая төгрөг зарцуулсан"

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

"Сургуулиудыг эрэмбэлэхэд 90 сая төгрөг зарцуулсан"

"Сургуулиудыг эрэмбэлэхэд 90 сая төгрөг зарцуулсан"

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2021 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг уншиж танилцууллаа.

Төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:

ЖДҮХС-д төсвөөс мөнгө суугаагүй. Энэ сангийн эргэн төлөлтөд хичнээн төгрөг эргэлддэг юм бэ? Ирэх жил эргэн төлөлтөөс хичнээн төгрөгийн зээл олгох вэ? Эргэн төлөлтөөр хичнээн ажлын байр бий болгох вэ? Хоёрдугаарт, отор нүүдэл хийж байгаа малчидтай холбоотой асуудлыг шийдэхгүй удаашруулж байна. Өнгөрсөн жил Засгийн газар шийдвэр гаргаад болж л байсан. Аль халуун намар л би энэ асуудлыг хэлсэн. 40 мянган тонн махаа яаж бэлтгэх гээд байгаа юм бэ? Мөн Баянтээгийн уурхайг түшиглээд станц барина гэсэн, ТЭЗҮ нь хэзээ бэлэн болох вэ? Төсөвт сумын төвүүдийн цахилгаан шугамын засварын хөрөнгө суусан уу?

Уул уурхайн сайдаас асуухад, "Баялгийн сан" хэзээ байгуулагдах вэ? Жилд хамгийн багадаа нэг их наяд төгрөгийг "Баялгийн сан"-д төвлөрүүлнэ гээд мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ирэх жил хэчнээн төгрөг хадгалах вэ? Боловсролын яг ямар шинэчлэлт хийх юм бэ? Топ 10 сургуульд сурч буй оюутнуудад сургалтын сангийн зээл олгоно гэсэн. Ямар шалгуураар топ 10 сургуулийг эрэмбэлэх вэ? Ерөнхий сайд мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ гэсэн атал энэ бодлого чинь зөрөөд байна. Босго 800 оноогоо улам буулгаад байж болохгүй. БХБ-ын сайдаас асуухад, Шинэ сум төсөл ирэх жил хэрэгжих үү? Хичнээн орон сууц ирэх жил ашиглалтад орох вэ? 150 мянган айлын орон сууцнаас хэд нь ирэх жил ашиглалтад орох вэ? Хэчнээн Түрээсийн орон сууц ашиглалтад орох вэ? Эдгээр асуултад сайд нь тодорхой хариулт өгнө үү!

 ХХААХҮ-ИЙН САЙД З.МЭНДСАЙХАН: 

Ирэх жил ЖДҮХС-д зээлийн эргэн төлөлтөөс 50 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцоолж байгаа. Төсөвт шинээр хөрөнгө суугаагүй. Одоогоор 18 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Төлөвлөгөөгөөр ирэх жил 36 тэрбум төгрөг эргэн төлөгдөх ёстой. Зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийг шахаж, аль болох эргэж төлүүлэхээр ажиллана. Ирэх жил бондын эргэн төлөлтөд өгөх 41 тэрбум төгрөгийг Сангийн яаманд төлнө. Тиймээс хамгийн багадаа 91 тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөр төвлөрүүлэх шаардлага бий. Отор нүүдлийн асуудалд долдугаар сараас хойш анхаарч байна. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор энэ асуудалд орон нутгийн Засаг дарга нар анхаараагүй асуудал байсан. Одоо харьцангүй сайн анхаарах байх. Зохицуулалтыг бид хийсэн. 40 мянган тонн махны тухайд экспортлох эрхтэй компаниудад квотыг нь хуваагаад өгч байгаа. Ирэх сараас эхлэн он дуустал мах бэлтгэлийн оргил үе нь. Мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэхээр яамны нэгдүгээр давхрын “Нэг цэг”-ээр үйлчилж байна.

Ингэснээр аж ахуйн нэгжүүд мах экспортлоход шаардлагатай холбогдох бичиг баримт бүрдүүлэх гэж төрийн байгууллагаар олон удаа явах, замын түгжрэлд цаг хугацаа алдахгүй байх боломжтой. “Нэг цэг"-т Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар, МҮХАҮТ, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллага үйлчилж байна. Эдгээр төрийн байгууллагаас мах экспортлогч аж ахуйн нэгжүүд дээж шинжилгээний хариу авах, олон улсын мал эмнэлгийн, гарал үүслийн, тохирлын гэрчилгээ зэрэг бичиг баримт авах боломжтой.

УУХҮ-ИЙН САЙД Г.ЁНДОН:

Баялгийн сангийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Ажлын хэсэг хуулийн хэсэг дээр ажиллаж байна. Жилд нэг их наяд төгрөгийг санд төлөврүүлнэ. Төрийн өмчийн ордуудын АМНАТ болон ногдол ашгийн нийлбэрээс бүрдүүлнэ.

ЗТХ-ИЙН САЙД Л.ХАЛТАР:

Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн автозамын ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Төсөвт суусан. Жил бүр төсөвт бага мөнгө суугаад, жил дамнаад дуусдаггүй ажлуудыг ирэх онд дуусгая гэж бодож байна. Ингэснээр 2022 оноос шинэ бүтээн байгуулалтууд эхэлнэ.

БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР:

2021  оны улсын төсөвт дөрвөн аймгийн  найман суманд "Шинэ сум" барих төсөл хэрэгжинэ. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум, Баянхонгор, Хэнтий, Архангай зэрэг аймгийн сумдад нийт 22 тэрбум төгрөгийн төсөв суусан. Ипотекийн зээлийн тухайд 10 сарын байдлаар банкууд өөрийн эх үүсвэрээр 4598 зээлдэгчид 330 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. 8, 6 хувийн зээлд шинээр 3663 зээлдэгч 269 тэрбум төгрөгөөр, нийт 8261 зээлдэгч ипотекийн зээлд шинээр хамрагдсан. Ирэх онд 4500 орчим зээлдэгч ипотекийн зээлд хамрагдана. Түрээсийн орон сууц гадны санхүүжилтээр ирэх хавраас хэрэгжиж эхэлнэ.

БШУ-Ы САЙД Л.ЦЭДЭВСҮРЭН:

Боловсролын салбарын гол шинэчлэлт чанарын асуудалд чиглэгдэнэ. Бүх шатны боловсролын байгууллагуудын чанарт ирэх дөрвөн жилд ахиц гаргана. Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн чанар одоогоор бидний хүссэн үр дүнд хүрээгүй нь тогтоогдсон. Судалгаагаар ЕБС-ийн чанар 40 гаруй хувьтай байна. 2024 он гэхэд 60 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. Сургалтын чанарыг ахиулснаар дэлхийд Монгол Улсын боловсрлын чанарыг үнэлүүлэх ажлыг 2022 онд хийнэ. Өмнө нь бид үнэлүүлж байсан тохиодол байхгүй. Гуравт, үр дүнд сууриалсан цалингийн систем рүү орно. Дөрөвт цахим боловсролын асуудал.

Их, дээд сургуулиудыг ахисан түвшний сургалттай болгох чиглэлээр дэмжинэ. Их, дээд сургуулиудын уялдаа холбоог сайжруулна. 2018 онд Шинжлэх ухаан технологийн сангийн хөрөнгөөр, 90 сая төгрөгийн төсөвтэйгөөр судалгааны баг манай улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудыг эрэмбэлэх, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах төсөл хэрэгжүүлсэн. Төсөл өнгөрөгч наймдугаар сард дуусч, хүлээж авсан. Уг шалгуур үзүүлэлтүүдийн дагуу их, дээд сургуулиудыг эрэмбэлэх ажлыг хийнэ. Үүнтэй зэрэгцээд судалгааны ажил их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль, хууль тогтоомжийн хүрээнд УИХ-аар батлагдана. Хуультайгаа уялдуулаад их, дээд сургуулиудыг эрэмбэлэх ажлыг зохион байгуулна.

Боловсролын зээлийн сангаас олгох санхүүжилтээр Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа мэргэжил буюу улсын хэмжээнд тэргүүлэх дөрвөн чиглэлийн хүрээнд энэ ажлыг хийнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын сургуульд 480, хувийн сургуульд 420 гэдэг шалгуурыг өөрчилнө. Нэг онооны систем рүү оруулна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ:

Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн барих цахилгаан станцын хувьд 1998 онд 40 мвт-аар 2003 онд 18 мвт-аар хийсэн ТЭЗҮ бий. ТЭЗҮ-г шинэчлэх ажил Эдийн засгийн хүрээлэн дээр хийгдэж байна. Дээрх хоёр хүчин чадалтайгаар станцыг баривал эдийн засгийн өгөөж муутай, эцсийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй гарна. Гэхдээ хүчин чадлыг нэмэгдүүлэх гэхээр илэрсэн нөөц нь өнөөдрийн байдлаар 29 сая байна. Гэр хорооллын нам, дунд хүчдэлийг шинэчлэх ажилд ирэх оны төсөвт хөрөнгө суугаагүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ЦЭРЭНПУНЦАГ:

Ашигт малтмалаас хичнээн төгрөгийн орлого улсын төсөвт төвлөрдөг вэ. Хоёрт, өвөлжит хүндрэх төлөвтэй байна. Өвс тэжээл импортоор оруулж ирэхэд гаалийн татварыг чөлөөлөх хууль оруулж ирэх боломж бий юу. 10 аймгийн дулааны цахилгаан станцын тендер зарлагдсан уу.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

Баялгийн сангийн тухайд ирээдүйн өв сан гэсэн үг. Ирэх жил 1.1 их наяд  төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон. Хоёрдугаарт нийтдээ уул уурхайгаас улс төсөвт нийтдээ 3.6 их наяд төгрөг орж ирдэг. Ашигт малтмалаас олох орлогоо бид дутуу төвлөрүүлж байна гэж үздэг. Тиймээс хил, гаалиа шинэчлэх замаар орлогоо нэмэгдүүлэхээр боомтуудад шинэчлэлийн ажил хийгдэж байгаа. Хоосон машин хилээр гарах боломжгүй болно.

ХХААХҮ-ИЙН САЙД З.МЭНДСАЙХАН:

Өвөлжилт хүндэрч болзошгүй зургаан аймагт тэжээл бэлтгэх санхүүжилтийг нь шийдвэрлэсэн.  Гаднаас өвс, тэжээл оруулж ирэх асуудлыг ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл хориглосон. Дотооддоо гурилын үйлдвэрүүдээс гарч байгаа тэжээлүүдээс хангах боломжтой гэж үзэж байгаа. Өвс зүүн талдаа илүүтэй бэлтгэгдэж байгаа. Газар тарилангийн салбараас тэжээл рүү шилжиж байгаа хэлбэр нь өндөр байна. Дотооддоо тэжээлээ хангах боломжтой. Хэрэв шаардлага гарвал тэжээл импортлох асуудлыг оруулж ирнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараах анхны төсөв. Засгийн газраас оруулж ирсэн төсөвт гишүүд зарлага нэмэх боломжгүй ийм онцлоготой. Миний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөд хүндэтгэлтэй хандаж байгаа. Ингэлээ гээд гишүүд тойргийнхоо асуудалд анхаарахгүй гэсэн үг биш. Бүгд л тойргийнхоо асуудлыг ярина. Сангийн сайд та төсвийг УИХ-ын 76 гишүүний өмнөөс боловсруулж, дүгнэлт өгөх эрхтэй. Ингэж чадвал гишүүд олон юм ярихгүй. Монгол Улсын 2021 оны төсөв шударга болж чадсан уу. 350 мянган хүн амтай Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалт 35 мянган хүн амтай нэг аймгийн төсвөөс хөрөнгө оруулалт нь  бага байгаа. Энэ шударга ёс мөн үү. Ерөнхий аудитор дүгнэлтдээ юу хэлэх вэ.

ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ЗАНДАНБАТ:

Аравдугаар сарын 1-нд Засгийн газар УИХ-д ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Төсөлд аудит хийгээд 15 хоногийн дотор дүгнэлтээ УИХ-д өгөх ёстой. Төсөь хүчгүй байна гэдгийг нэг талаараа зөвшөөрнө. Асуудлын гол нь бид хангалттай мэдээллийн бааз дээр ажиллаж чадахгүй байгаа. Хуулиараа ч ийм. Төсвийн төслийн хүрээнд л аудитын байгууллага санал, дүгнэлт өгөх үүрэгтэй. Эрх зүйн орчин нь ийм учраас бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй байгаа. Төсвийн зарлага талд илүүтэй аудит хийх  тэр хууль эрх зүйн сайн мөртлөө төсвийн төлөвлөлтөд муу байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН:

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөлд гишүүп задаргаа хийх боломж хумигдсан нь сайн хэрэг. Харин Засгийн газар төсвөө оруулж  ирэхдээ хариуцлагагүй хандсан байвал улсын эдийн засгийн хөгжилд хор хохиролтой. УИХ, байнгын хороон  дээр төсвийг хэлэлцэх хугацаа маш давчуу байна. Дэгийн хуулиараа төсвийг хэлэлцэх цаг хугацааг  өөрчлөх шаардлагатай.Тэгж байж төсвийн төсөлд гишүүд бүтээлч хандана. Төсвийн шинэчлэлийг байнгын хороод, яамдууд бүгд оролцож хийх ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ:

Шинэ сайд нар олон жил ажилласан газрын дарга нарынхаа үгийг бага сонч, ард түмнийхээ үгийг илүүтэй сонсож ажилламаар байна.

ЖДҮХС-д яагаад төсөв суулгаагүй юм бэ. Улс орны хөгжлийг авч явж байгаа гол тулгуур нь ЖДҮ. Сангийн сайд аа, таны захын танил, найз нөхөд, хамаатан чинь ажил хийе гэж байгаа. ЖДҮ-ийг хөгжүүлье гэж бид улиг болтлоо ярилаа, өнгөрсөн хугацаанд. Яагаад 50-хан тэрбум төгрөгийг төсөвт тавьсангүй вэ.Төсвийн шударга бус хуваарилалт шүүмжлэл дагуулж байна. Нэг гишүүнд буюу нэг тойргийн гурван гишүүнд дунджаар 18 тэрбум төгрөгийн  хөрөнгө суулгах жишээний. Гэтэл зарим аймагт яагаад 130, 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт яагаад суулгаж байгаа юм бэ. Тэгш байдал чинь хаана байна вэ. Болохгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандах юм уу.Махны экспортод  квот тавьдгаа болих хэрэгтэй. Авлигыг бий болгож байгаа чинь энэ махны экспорт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж