Алдар Танан Гарьд багийн туршлагатай их гурвал багаа ялалтад хөтөллөө

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

Алдар Танан Гарьд багийн туршлагатай их гурвал багаа ялалтад хөтөллөө

Алдар Танан Гарьд багийн туршлагатай их гурвал багаа ялалтад хөтөллөө

Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын аваргын төлөөх цувралын тав дахь тоглолт Спортын төв ордонд өчигдөр (2020.10.26) явагдлаа.


  • SBL Хасын Хүлэгүүд 69 – 80 Алдар Танан Гарьд

Монголын сагсан бөмбөгийн өнөө цагийн ривал болсон хоёр багийн тулаан өчигдөр Спортын төв ордонд хөл тавих зайгүй, дүүрэн үзэгчтэй явагдлаа. Хоёр багийн дасгалжуулагчид гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийсэнгүй, үндсэн таван тоглогчоо талбайд гаргасан. Хасын Хүлэгүүд баг урьдын адил тоглолтын эхлэлийг сайн тавьж, эхний хоёр үед илүүрхэв. Энэ өдөр Алдар Танан Гарьд багийн чухал тоглогчид болох М.Тэлмэн, О.Эрдэнэцогт нар тун хангалтгүй тоглолт үзүүлж, нийлээд ердөө 12 оноо авчээ.

Гуравдугаар үед аваргуудын туршлагатай тоглогчид болох лигийн тэргүүн тоглогч О.Ууганбаяр, лигийн шилдэг алсын зайн шидэгч Б.Мөнхболд, П.Болортулга гэсэн их гурвал шилдэг тоглолтоо үзүүлсэн. Б.Мөнхболдын ээлж дараалсан гурван онооны шидэлтүүд онооны зөрүүг улам холдуулж байлаа. Хоёр багийн гол ялгаа самбараас бөмбөг авалт дээр харагдсан бөгөөд цувралын өмнөх тоглолтуудад самбарт илүүрхэж байсан SBL Хасын Хүлэгүүд баг энэ удаад өрсөлдөгчөөсөө даруй 11 самбар дутуу авчээ.

Энэхүү тоглолтоос Алдар Танан Гарьд багийн төвийн тоглогч П.Болортулгыг онцлох нь зүйтэй. Цувралын эхний тоглолтуудад сэлгээнээс тоглож байсан түүний хувьд энэ удаагийн тоглолтод 19 оноо, 13 самбараас бөмбөг авалт, гурван хаалт гүйцэтгэж, тоглолтын шилдгээр тодорсон. Харин Б.Мөнхболд таван удаа гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж, 20 оноо авч, багийн нөхдөө тэргүүлэв. Алдар Танан Гарьд багийн залуучуудаас А.Тэмүүжин 13 оноо авч, сайн тоглолт үзүүлсэн.

Гуравдугаар үед Хасын Хүлэгүүдийн тоглолт унаж, онооны зөрүү улам холдсоор дөрөвдүгээр үе эхэлсэн. Үеийн эхлэлийг сайн тавьж, онооны зөрүүг ойртуулах гэж Б.Билгүүн, О.Сэргэлэн, Т.Мэндбаяр нар хичээсэн. Гэвч тэдний гурван онооны шидэлтүүд байндаа туссангүй. Багаараа 34 удаа алсын зайн шидэлт гүйцэтгэж, ердөө тав нь амжилттай болжээ. Б.Билгүүн 25 оноо, самбараас 10 бөмбөг авалт, таван ашигтай дамжуулалт, таван хаалт, дөрвөн бөмбөг таслалт гэсэн "галзуу" үзүүлбэр толилуулсан бол багаас нь лигийн тэргүүн тоглогч О.Сэргэлэн, Т.Мэндбаяр нар л 10 болон түүнээс дээш оноо авч түүнд туслалаа.

Ийнхүү туршлагатай тоглогчдынхоо ачаар аваргаа хамгаалагч Алдар Танан Гарьд баг цувралыг 3-2 гэсэн харьцаатай тэргүүлж эхэллээ. Энэ улирлын лигийн аварга баг тодорч болзошгүй цувралын зургаа дахь тоглолт ирэх Лхагва гаригт Спортын төв ордонд явагдана. Үүнээс гадна хүрэл медалийн төлөөх галзуу ганц тоглолт 23 Storms болон Хан-Уул Хангарьд багуудын хооронд мөн явагдана.

Дашрамд сонирхуулахад, маргааш (2020.10.28) 16:30 цагаас үзэгчдийг Спортын төв ордонд оруулж эхлэх бөгөөд зөвхөн эхний 1000 үзэгчийг л оруулах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж