“Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийг Монголд 2014 оноос эхлэн тэмдэглэж байгаа билээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар нэн ховор цоохор ирвэсийг таньж мэдэх, экологийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх, хамгаалахад уриалах зорилготой уг арга хэмжээнд эко клубын сурагчид идэвхтэй оролцдог. Тэдний үйл ажиллагаагаар дамжуулан цоохор ирвэс хамгаалах ажлыг олон нийт, шийдвэр гаргагчдын анхааралд хүргэдэг билээ.
Энэ арга хэмжээ жил бүр өргөжин тэлж, сурагчдын санаачилсан ажил баруун бүс, улсын хэмжээнд шийдвэр гаргагч, олон нийтийн анхаарлыг татаж, эерэгээр нөлөөлж байна. Үүний нэг нь “Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай” аян бөгөөд нутгийн малчдаас 260 гаруй хавх цуглуулсан нь баруун бүсийн бусад аймаг болон улсын хэмжээнд жишиг санаачлага болж, одоо ч амжилттай өрнөсөөр байна.
Энэ жилийн гол арга хэмжээг “Ирвэстэй найзалсан найман жил” нэртэйгээр Ховд аймгийн төвд өнгөрсөн амралтын өдөр тэмдэглэв. Уг арга хэмжээнд баруун аймгуудын байгаль хамгаалах байгууллагууд болон баруун бүсийн ирвэстэй нутгийн эко клубын сурагчдын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцлоо. Сурагчид зорилтот нэг уулыг сонгож ирвэс, түүний идэш тэжээл болох амьтад болон нийгэм эдийн засагтай холбоотой мэдээлэл бэлтгэн ярилцаж, энэ нэн ховор амьтны амьдрах орчныг хамгаалахад өнгөрсөн одоо, ирээдүйд юу хийсэн, хийж байгаа, хийх талаар дүгнэн хэлэлцэхэд энэ удаагийн арга хэмжээний гол зорилго байв.
Энэ үеэр баруун бүсийн ирвэстэй нутгийн эко клубын сурагчид, мэргэжлийн байгууллагууд найман жилийн хугацаанд ирвэс судалж, хамгаалсан онцлог амжилтуудаасаа танилцууллаа. Мөн гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, цоохор ирвэсний багт жүжигчилсэн тоглолт зэргээр мэндчилгээ дэвшүүлэв. Мөн нэн ховор амьтны амьдрах орчныг хамгаалахад цаашид юу хийх шаардлагатай тухай хэлэлцлээ. Түүнчлэн сурагчид замын хөдөлгөөнд оролцож буй зорчигч, авто тээврийн жолооч нарт мэдээлэл хүргэж, гарын авлага, тараах материал өгч ажилласан байна.
Дэлхийн цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг.
- Монгол Улс 800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг.
- Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд бий.
- Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой.
- Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг.
- Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг.
- Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг.
- Цоохор ирвэс нь 14 метр хүртэл хол үсрэх чадвартай.
- Цоохор ирвэс 10-13 насалдаг.
- Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг.
- Гүем 2 нас хүртлээ эхийн хамт амьдардаг.
- Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог.
- Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг.
- Цоохор ирвэс хүн рүү дайрдаггүй.
- Цоохор ирвэс өндөр уулын экосистемийн эрүүл байдлыг хадгалагч гол амьтан юм.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ