Цар тахал дэлхийг айлгаж байхад монголчууд амны хаалтаа мартжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

Цар тахал дэлхийг айлгаж байхад монголчууд амны хаалтаа мартжээ

Цар тахал дэлхийг айлгаж байхад монголчууд амны хаалтаа мартжээ

Хамгийн сүүлийн статистикаар нэг сая нэг зуун мянган хүн шинэ төрлийн коронавирусийн халдвараар амиа алджээ. Орос, Франц, АНУ зэрэг өндөр хөгжилтэй их гүрнүүдэд тахлын аюул нүүрлэсээр. Харин Монгол одоохондоо "дэлхийн диваажин" хэвээр байна. Гэхдээ Монгол айдгаа авдартаа хийсэн гэсэн үг биш.

Хүйтний эрч чангарч, өвөл хаяанд залгасан энэ үед амны хаалт зүүх хүн өдрийн од шиг болжээ. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, дархлаагаа дэмжихийг сануулсаар байгаа ч анхааруулгыг нь авч үздэг хүн ч байхгүй болсон байна. Худалдаа үйлчилгээний байгууллага, гудамж талбай гээд хаа сайгүй амны хаалт зарж буй худалдан авсан,  зүүсэн хүн алга. Нэг хэсэг амны хаалтны эрэлд гарч, эмийн сангуудыг хоослож явсан айдас өмнө байсаар атал иргэд ийнхүү хэнэггүйтэх болсон нь нэгд, урин дулааны улирал ирсэнтэй холбоотой. Хоёрт, "халдварыг дотооддоо алдаагүй" гээд дээр, дооргүй, хөгшин залуугүй тайвширчихаж.

Гэтэл хилийн гадна, дэлхийн олон улс үхэл, сэхэлтэйгээ тэмцэлдсэн хэвээр. Ковидоос бол олон мянгаараа нэг өдөрт амиа алдаж байна. Энэ тахал, энэ дайн хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй, Монголд халдвар тархахгүй гэсэн баталгаагүй, эрсдэл өндөр хэвээр.

Анх урд хөршид, ковидын халдвар ид дэгдэх үед монголчууд гурил, будаа мах  шөлөө нөөцөлж, дэлгүүрүүдийн лангууг хоослож,  эмийн санд амны хаалт, гар ариутгагч бодис дуусч байсан бол одоо амны хаалт авах хүн байхгүй болсон байна. Иргэд голдуу ханиадны эм, дархлаа дэмжих бэлдмэл  худалдан авах болсныг эмийн санчид хэлж байв.

АМНЫ ХААЛТ ЗҮҮХГҮЙ БАЙХ НЬ ХАНИАД ТОМУУГААР ӨВДӨХ ШАЛТГААНЫ НЭГ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын багшийн их сургуулийн замын эсрэг талд байрлах эмийн сангаар орвол ачаалал нь нэг үеэ бодвол бага зэрэг нэмэгдсэн талаар эмийн санч ярилаа.  Иргэд хоолой өвдсөн, халуурсан гэх шалтгаанаар ханиадны эм, дархлаа дэмжих бэлдмэл авч байв. Харин амны хаалт авах хүн эрс буурсан ажээ. Өөрөөр хэлбэл, ковидоос бол ариун цэвэртээ анхаарч явсан монголчууд эргээд бахь, байдагтаа очсон бололтой.

“Мандала” эмийн сангийн эм зүйч М.МӨНХЗУЛ: 

-Амны хаалтны эрэлт, худалдан авалт өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад маш бага байна. Тиймээс бид нөөцөө ч багасгасан. Өдөрт хамгийн ихдээ 50 ширхэгийг  зарж байна. Өмнө нь 100 ширхэг маск өглөөдөө  дуусдаг байсан шүү дээ. Сүүлийн үед эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор нянгийн гаралтай ханиад их байна. Эмийн сангаар үйлчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь 20-30 насны залуус байна. Дийлэнх нь хоолой өвдсөн, халуурсан гэх шалтгаанаар жороор ханиадны болон халуун бууруулах эм, дархлаа дэмжих бэлдмэл авч байна. Хүйтний улиралд амны хаалт тогтмол зүүх нь зөвхөн цар тахал бус, амьсгалын замаар дамжих элдэв халдварт өвчнөөс сэргийлнэ. Гэтэл иргэд халдварыг дотоодод алдаагүй гэх шалтгаанаар олон нийтийн газарт амны хаалт зүүхгүй байгаа нь маш буруу хандлага юм. Хүмүүс амны хаалт зүүхээ больсон нь коронавируст халдвараас болгоомжлохоо больсных болов уу. Нөгөө талаас эмийн сангаас эм, бэлдмэл авч байгаа залуусыг харахад амны хаалт хэрэглэж дадаагүй нь амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөхөд нөлөөлж байна. Эмийн сангаас хүмүүс амны хаалт авахаас илүүтэй ханиад, халуун бууруулах эм авч байна. Гэтэл амны хаалт зүүснээр аливаа халдварт өвчнөөс сэргийлнэ шүү дээ гэлээ.

ДААВУУН АМНЫ ХААЛТ ЗАРАГДАХАА БОЛЬСОН

Эм зүйч Л.ОЧИР-ЭРДЭНЭ: 

-Өдөрт 20 ширхэг амны хаалт зарах нь ихдээ тооцогдож байна. Одоогоор 15 орчим зарагдаад байна. Зарим үед амны хаалт огт зарагддаггүй. Оюутан залуусын тухайд өглөө сургуульдаа орохоос өмнө амны хаалт авдаг. Сургуулиас нь амны хаалт зүүх шаардлага тавьдаг болохоор амны хаалт авдаг байх. Ер нь стандарт амны хаалт хүмүүс их авна. Харин даавуун амны хаалтыг тоохоо больсон. Өмнө нь стандарт нь бүү хэл даавуун амны хаалт ч олддоггүй байхад 1000 ширхэгийг бөөндөж авсан нь одоо ч зарагдаагүй байна.

Дараа нь Багшийн дээдийн ойролцоо байрлах “Барагшун”, “Монос” зэрэг гурав, дөрвөн эмийн сангаар орвол мөн адил амны хаалтны борлуулалт эрс мууджээ. Үнийн хувьд харилцан адилгүй ба 300-5000 төгрөгийн хооронд зарагдаж байна. Зарим эмийн сангууд амны хаалтыг ширхэглэж бус 50 ширхэгээр нь зарж байгаа юм. Ширхэгээр нь зарж буй эмийн сангуудад амны хаалт 300-800 төгрөгийн үнэтэй байна. Эмийн сангуудад хамгийн ихдээ өдөрт 100 маск зарагддаг байна. Зарим үед огт маск зарагддаггүй аж. Харин ч өдөрт 20 ширхэг борлуулбал ихдээ тооцогдох болжээ. Эм зүйчид нянгийн гаралтай ханиад томуу, халдварт өвчнөөр хүүхдүүдээс илүү залуус өртөмтгий байгааг амны хаалт хэрэглэж дадаагүйтэй холбон тайлбарлаж байв. Эмийн сангаар үйлчлүүлж буй хүмүүсийг ажиглавал 20-40 хүртэлх насныхан. Дийлэнх нь С витамин, ханиадны эм бэлдмэл, хоолойны эм авч байгаа нь түгээмэл байлаа.

Харин гадуур худалдаанд амны хаалт 200-300 төгрөгийн үнэтэй байна. Хүүхдийн амны хаалт 300 төгрөг аж. Худалдаачны хэлснээр амны хаалтны борлуулалт мөн л мууджээ. Хамгийн их борлуулалттай байгаа нь хүүхдийнх бөгөөд амны хаалт зүүх хүн байхгүй болсон нь борлуулалт муудахад нөлөөлжээ.

Манай улс халдварыг дотоодод алдаагүй ч гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 339 тохиолдол батлагдаад буй. Энэ бол аюул биднийг отож буйн нэг том сануулга юм. Коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр амны хаалт буюу маск хэрэглэх, ахуйн хүрээнд ариутгал тогтмол хийх, хувийн ариун цэврийг сайтар сахих, дархлаагаа дэмжих гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Энэхүү зөвлөгөөг хэр мөрдлөг болгож буй талаар иргэд ийн ярилаа.

             НИЙТЭЭРЭЭ АМНЫ ХААЛТ ЗҮҮХГҮЙ, ХАЙНГА ХАНДАЖ ТАЙВШИРСАН

Иргэн Х.ГАЛДАН: 

-Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг өдөр бүр утсаар болон 11:00 цагийн тогтмол мэдээллээс авдаг. Миний хувьд цар тахлаас ч өмнө амны хаалт тогтмол зүүж дадсан. Амны хаалт зүүх нь бусдыг төдийгүй өөрийгөө халдварт өвчнөөс хамгаалах хамгийн энгийн арга шүү дээ. Эрс тэс хүйтэн уур амьсгалтай манай орны хувьд амны хаалт зүүх нь ядахдаа л хоолой өвдөхөөс сэргийлдэг. Харин олон нийтийн газар, нийтийн тээвэр, гудамж талбайд хүмүүс амны хаалт зүүхээ больж. Хөл хорионы дэглэм алдагдаж, хүмүүс хэт тайвширсан юм болов уу л гэж бодож байна. Уг нь халдвар гараагүй ч эрсдэлээ тооцож маскаа зүүх хэрэгтэй.

Иргэн Б.ГАНБАЯР: 

-Өдөрт 2-3 удаа содатай усаар хоолойгоо зайл гэсэн зөвлөмжийг эмч мэргэжилтнүүд өгч байна билээ. Энэ бол амьдрал дээр мөрдлөг болгох ёстой зайлшгүй хэрэгтэй зөвлөмж. Нөгөө талаас хүйтний улиралд амны хаалтаа тогтмол зүүж дадах нь чухал. Сүүлийн үед нийтээрээ амны хаалт зүүхгүй тайвширсан байна. Амны хаалт зүүж дадах нь цар тахал биш юм гэхэд амьсгалын замаар дамжих элдэв нянгийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлнэ шүү дээ. Би амны хаалт тогтмол зүүдэг. Гэхдээ хоолны газраас дөнгөж гараад амны хаалтаа зүүж амжаагүй байна. Цайны газарт маск зүүх боломжгүй биз дээ.

Иргэн М.ЭСЭНБЭЙК: 

-Амны хаалт нэг үеэ бодоход элбэг болсон. Ширхэгээр нь авахад үнэтэй 1500 төгрөг. Харин бөөнөөр нь авчихвал илүү хямд байдаг. Хүйтний улиралд амны хаалт  тогтмол зүүдэг ч хэрэглээг нь тохируулах хэрэгтэй. Тогтмол гээд хаана ч зүүнэ гэсэн үг биш. Хүн багатай, гудамж талбайд түр зуур амны хаалтаас татгалзах хэрэгтэй. Амны хаалт байнга зүүх нь нүүрэн дээр батга гарахаас эхлээд амьсгал давчдана, цаашлаад уушгины асуудалтай болох ч юм бил үү. Гэсэн ч халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа энэ үед хүмүүс амны хаалтаа зүүж дадах хэрэгтэй. Халдварыг дотоодод алдаагүй гээд бид тайвширч болохгүй. Хүмүүсийг харахад амны хаалт зүүхээ больсон байна билээ. Энэ бол буруу. Ялангуяа нийтийн тээвэрт зорчиход үнэхээр хүндрэлтэй. Амны хаалтгүй, ханиалгаж найтаах хүмүүс ч их болсон байна. Тиймээс бие биедээ ч бас шаардлага тавих хэрэгтэй.

Иргэн И.НУРАДИЛ: 

-Амны хаалт нэг үеэ бодоход элбэг болсон ч гудамж талбай, нийтийн тээвэрт арван хүн тутмын хоёр, гурав нь  амны хаалттай байна. Монголчууд халдварыг дотоодод алдаагүй гэх шалтгаанаар нийтээрээ амны хаалт зүүхгүй, хайнга загнаж байна. Цар тахлыг ч бас тоохоо больсон юм болов уу.  Халдварын дэгдэлт намжих болоогүй ийм үед бид эрсдэлээ тооцож амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Амны хаалт зүүх нь зөвхөн коронавирус биш бусад амьсгалын замаар дамжих элдэв өвчнөөс өөрийгөө болон бусдыг сэргийлнэ.

Цар тахлын хатуу дэглэмийн үед амны хаалт зүүгээгүй нэгнээ ад үзэж, найтаалгах төдийд сэжиглэдэг байсан бол одоо дэргэд нь хүн ханиалгахад ч тоохгүй царайлах хүн олон болов. Гудамж талбай, олон нийтийн газарт зөрж өнгөрөх 10 хүнээс хоёр нь л амны хаалттай. Нийтийн тээвэрт ч мөн адил маскгүй зорчих нь түгээмэл болжээ.

Амны хаалт зүүгээгүй иргэдээс “Яагаад амны хаалт зүүгээгүй вэ” гэж асуувал дийлэнх нь “Халдварыг дотоодод алдаагүй болохоор амны хаалт зүүх шаардлагагүй” гэсэн тайлбар өгч байв. Зарим нь “Батга гардаг”, “Жирэмсэн болохоор агаар дутагдаж байна”, “Нийтийн тээвэрт халууцдаг, амьсгалах боломжгүй байдаг” гэсэн шалтгаанууд хэлсэн бол  цөөн хүн л “Юу гэсэн үг вэ, амны хаалт зүүлгүй яах вэ” хэмээн хариулсан юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж