Есөн настай охин хойд аавынхаа гарт хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг нэг сарын өмнө /2020.09.20/ гарсан. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач охины шинжилгээний дүгнэлт эцэслэн гарсан ч холбогдох байгууллагуудаас албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр амиа алдсан есөн настай охиныг гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон нь батлагджээ.
Хэргийн талаар Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс тодруулахад “Талийгаач охины шинжилгээний дүгнэлт эцэслэн гарч, гадны нөлөөтэй амь насаа алдсан нь тогтоогдсон. Талийгаач охиныг мохоо зүйлээр хүчтэй цохисон нь батлагдсан. Цагдаагийн байгууллагаас ар гэрийнхэнд нь холбоотой баримт материалыг танилцуулсан.
Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсээс хууль ёсны төлөөлөгч томилогдон ажиллаж байна. Бид ээжтэй нь байнгын холбоотой ажиллаж байна. Хэргийг прокурорын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна” гэсэн хариулт өгсөн юм.
Талийгаач охины эгчийг урьдчилсан шинжилгээнд хамруулахад ил харагдах шарх сорви илрээгүй. Харин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр гар болон хавирга өмнө нь хугарч, эдгэсэн байсныг тогтоожээ.
Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Хэргийг прокурорын байгууллага шалгаж байна. Шинжээчийн дүгнэлтийн талаар прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө” гэлээ.
Дашрамд дурдахад, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Г.Дагиймаа есдүгээр сарын 22-нд УИХ-ын гишүүдэд энэхүү хэрэг явдалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ “Шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Дуудлагын дагуу бид хэргийн газарт очиж яаралтай задлан шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай.
Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Үүн дээр бид лабораторийн шинжилгээ хийнэ. Гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон гэж урьдчилсан байдлаар үзэж байна” гэж мэдээлж байсан юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ