Бие хамгаалах урлагийн ОУХМ, боксын спортын мастер, Ази тив, дэлхийн аварга Өлзийхутагийн Гантөмөртэй ярилцлаа. Тэрбээр карате, кикбокс, таеквондо гээд бие хамгаалах урлагийн олон төрлөөр хичээллэж, холимог тулааны урлагийн MGL-1 холбоог үүсгэн байгуулсан анхны гишүүдийн нэг юм.
-Монголын холимог тулааны спорт одоо өөрийн гэсэн түүхтэй, тамирчинтай, хөгжөөн дэмжигчтэй болсон. Анх MGL-1 холбоог хэрхэн байгуулж байв?
-1996 онд манай тулааны шилдэг тамирчид нэгдэн киокүшин каратегийн шигшээ баг байгуулсан юм. Удалгүй Японоос мэргэжлийн кикбоксын тэмцээнд оролцооч гэсэн урилга ирсэн. Эхлээд Б.Бямбадорж насанд хүрээгүй байхдаа явж байсан бол дараа нь Ц.Амарбаясгалан бид хоёр яваад 2001-2005 он хүртэл Японд байсан. Энэ хооронд Монголд Д.Сумъяабазар аварга, Асашёрюү хоёр мэргэжлийн бөх гэсэн нэртэйгээр холимог тулааны тэмцээн зохион байгуулж байлаа. Эргэж эх орондоо ирээд, монгол тулаанчдынхаа ур чадварыг харахад олон улсын түвшнээс хоцрогдсон байсан. Боксын тамирчид, каратегийн тамирчид гадаад руу тэмцээнд яваад л ялагдаж байлаа. Ийм учраас бид хоорондоо ярилцаад, Монголын номер нэг буюу MGL-1 Fighting Championship тэмцээн зохион байгуулъя, мөн Монголын тулааны тамирчдын шилдэг холбоо байгуулъя гэж санал нийлсэн. Энэхүү холбоог каратегийн Ч.Махбал, Б.Галбат, Ч.Наранбаатар, Ж.Нарантунгалаг бид тав үүсгэн байгуулаад, Монголын холимог тулааны номер нэг тамирчныг дэлхийд гаргая гэж бодсон л доо. Манай Ж.Нарантунгалаг аварга ч Япон руу гэрээ байгуулж яваад, Ази Номхон далайн Legend FC-д тулалдан, удалгүй "One Championship"-ийн дэлхийн аварга болсон. Ер нь манай MGL-1 холбооноос маш сайн тулаанчид төрөн гарсан. Та бүхний мэдэх З.Шинэчагтага, О.Пүрэв гээд шилдэг тулаанчид бий. Монголд бүхий л жингийн аваргууд бий. Манай холбооны аваргууд бүгдээрээ хилийн чинадад томоохон холбоонуудад тулалдаж байна.
-Цар тахлаас болж олон тэмцээн наадам цуцлагдсан. Одоо буцаад уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж эхэллээ. Танай спортынхноор шинэ сонин юу байна?
-Тэмцээн уралдаан зогссон хэдий ч саяхан УОК-оос зөвшөөрөл аваад тулаанаа зохион байгуулсан. MGL-14 өдөрлөг зохион байгуулж -66 кг жингийн аваргаа тодрууллаа. "Шандас дожо Tungaa Team"-ийн Б.Энх-Оргил түрүүлсэн. Олон тамирчин байдаг учир тэднийхээ боломж, чансааг харж байгаад тулаануудаа зохион байгуулна.
Өнгөрсөн жил Монгол туургатны MGL буюу Монголын номер нэг тулаанчийг шалгаруулах тэмцээндээ Тува, Буриад, Халимаг, Өвөрмонгол ахан дүүсээ урин цомын төлөөх сайхан тэмцээн зохион байгуулсан. Цаашдаа цуврал тэмцээн зохион байгуулахыг зорьж байна. Энэ жилдээ -57 кг жингийн аваргын төлөөх болон -70 кг жингийн аваргын бүсээ хамгаалах тулаанууд зохион байгуулна. Шинээр гарч ирж буй олон тамирчин байна. MGL холбоонд хэн дуртай нь ордоггүй. Бид эхлээд сорил зохион байгуулж, тамирчдыг хэрхэн тулалдаж, октагон, хүмүүсийг яаж мэдэрч байгааг нь харж байж тэмцээнд оруулдаг. Энэ жил олон сорил тулаан зохион байгуулсан. Өглөө 10:00-12:00 гээд бүртгэлээ нээхэд 108 тамирчин сорилд бүртгүүлж байлаа. Залуучууд их идэвхтэй оролцдог шүү. Одоо холимог тулааны спорт хөгжөөд, олон жижиг холбоо гарч ирж байна. Холбоодын тоо өсч, дотоодын өрсөлдөөн нэмэгдэж байгаа хэдий ч тамирчдынхаа эрүүл мэндийг нэн тэргүүнд бодох хэрэгтэй. Их эрсдэлтэй, чанга спорт шүү дээ. Сонирхогчдод зориулагдаагүй спорт. Үүнээс биш бие биенээ дэмжээд, сайхан хамтраад ажиллахад асуудалгүй. Эхний ээлжинд аравдугаар сарын 31-ний өдөр тамирчдын жин үзэлт явагдах гэж байна. Бидэнд 2009 оноос хойших бүх тулааны архив бий.
2020 оны -57 кг жингийн аваргын төлөө өрсөлдөх найман тамирчин тодорсон. Арваннэгдүгээр сарын эхээр тулаан явагдах байх. Гурван ялалт байгуулж байж аварга болох учир тухайн тамирчны бэртэл гэмтлийн асуудал чухал. Тулаанууд явагдах хоорондын зай 14 хоног гэж төлөвлөсөн. Саяхан -66 кг жингийн шинэ аварга маань тодорсон. Хуучин аваргууд бүгд олон улсын түвшинд гарсан.
-Энэ оны эхэнд Монгол туургатны тэмцээн зохион байгуулах байсан ч хойшлогдсон санагдана. Хэзээ дахин зохион байгуулах вэ?
-Тэгсэн. Арваннэгдүгээр сарын эхээр, арваннэгдүгээр сарын сүүлээр, арванхоёрдугаар сарын эхээр гурван цуврал тэмцээн зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ дунд -70 кг жингийн аварга бүсээ хамгаалах тулаанаа хийх байх. Уг нь -61 кг жингийн аварга тулалдах байсан боловч бэртлийн улмаас боломжгүй болсон. Бид гадаадын холимог тулааны холбоодын аваргуудыг тэмцээндээ урьж байгаа. Хэн түрүүлэх нь хамаагүй. Гол нь Монголд холимог тулааны урлагийг хөгжүүлэхийг зорьж байна.
-Спортынхон дэлхийн энтэй тамирчин гэж ярьдаг. Танайд тийм тамирчин хэр олон бэ?
-Байлгүй яах вэ. Хөнгөн жин буюу -57 кг жингийн аварга Р.Отгонтулга Америкт, дараагийн -57 кг жингийн аварга О.Пүрэв "One Championship"-тэй гэрээ байгуулсан байна. -61 кг жингийн Б.Дамланпүрэв аварга одоохондоо гэрээ байгуулаагүй байна. Хамгийн сүүлд Солонгосын Road FC холбоонд тулалдсан. Одоогоор Австралид бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа. -71 кг жингийн Х.Амартүвшин аварга сая Америкт байж байгаад эргээд эх орондоо ирсэн. Ж.Нарантунгалаг аварга "One Championship"-тэй гэрээтэй. -77 кг жингийн гурван удаагийн аварга Д.Батсүмбэрэл Америкийн "Dragon House" холбооны аварга болсон. -83 кг жингийн Б.Бүрэнзориг аварга Солонгост удахгүй тулалдах гэж байна. -93 кг жингийн Т.Ариунболд аварга "One Championship"-д нэг тулалдлаа.
-Анх энэ спорттой хэрхэн холбогдов. Яагаад энэ спортоор хичээллэе гэж шийдсэн юм бэ?
-Анх 1993 онд Цагдаагийн авто баазын дарга, хурандаа н.Базаррагчаа ах намайг ушугаар хичээллүүл гэж аавд маань хэлсэн юм. Манайх дөрвөн хүүтэй. Түүнээс хойш удалгүй 1994 онд таеквондогоор хичээллэж эхлээд олон ч тэмцээн уралдаанд оролцож, олон түрүүлсэн. Харин 1995 онд киокүшин каратегаар хичээллэж эхэлсэн. Тулааны спортоор хичээллээд, амжилт гаргаад эхлэхээр улам илүү хичээх, бэлтгэл хийх өдөөлт үүсдэг юм билээ. Миний үед карате жингийн хязгаарлалтгүй тулалддаг байсан болохоор их хэцүү байсан. Цөөхөн ч тэмцээн зохион байгуулагддаг байсан. Хамгийн том тэмцээн нь л “Сонсогчийн алдар” байлаа. Бие хамгаалах урлагийн бүхий л төрөл ордог байсан.
МУГТ Т.Үйтүмэн ч дэлхийн аваргаас мөнгөн медаль авахаасаа өмнө ороод өшиглүүлээд л унаж байлаа.
Дараа нь мэргэжлийн кикбокс рүү ороод, 2007 онд Монголдоо эргэн ирээд, боксоор хичээллэж, дөрвөн мөнгөн медаль хүртсэн. Улсын аваргаас хоёр мөнгө, дөрвөн жилд нэг зохион байгуулагддаг Бүх ард түмний спартакиадаас мөнгө, Улаанбаатар хотын спартакиадаас мөнгөн медаль тус тус хүртэж байлаа. Тэгж л би боксын спортын мастер цол хүртсэн. Нас яваад, мэргэжлийн ангилал руу явж чадахгүйгээс хойш мастеруудын ангилал руу ордог. Одоо ч гэсэн мастерын ангилалд орчихсон зүгээр байж чадахгүй л байна.
-Таныг Монголын анхны мастеруудын дэлхийн аварга гэж дуулсан?
-1996 онд Киокүшин каратегийн улсын шигшээд багтсан хэдий ч би таеквондогийн бэлтгэлээ хажуугаар нь хийгээд тэмцээн болохоор ирж оролцоод түрүүлээд явдаг байлаа. Харин 2018 онд таеквондогийн шигшээ багт байсан залуус надад санал тавиад мастерын дэлхийн аваргад оролцохоор болсон юм. Би ч хэзээний таеквондог хэрхэн тоглохоо мэддэг учир тухайн үед хүн бүр намайг түрүүлнэ гэж бодож байсан. Гэвч би 2018 оны Беларусь улсад явагдсан Таеквондогийн мастерын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртчихсэн. Тэндээс л хэрхэн дараагийн тэмцээндээ аварга болох вэ гэдгээ олж мэдсэн хэрэг. 2019 онд Болгарт явагдсан Таеквондогийн мастерын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хатуу биет хугалах төрөлд багаараа мөнгөн медаль, хувийн халз тулааны төрөлд алтан медаль хүртсэн. Явахаасаа өмнө хөлдөө бэртэл аван хагалгаанд орох шаардлагатай болсон. Дасгалжуулагч, багийнхантайгаа ч их ярилцсан. Миний барцад хөлөөр минь гарлаа даа гэж бодоод л Болгарыг зорьсон. Очоод санасандаа хүрсэн.
Карате бол хүч, бие махбодын урлаг бол таеквондо олимп, оноо, мэдрэмжийн спорт.
Таеквондогийн мастерын дэлхийн аваргад түрүүлсэн анхны монгол эрэгтэй тамирчин бол би. Эмэгтэй мастерын дэлхийн аваргууд бий.
-Ирэх жил Японд улсад зохион байгуулагдах мастеруудын олимпод та оролцоно шүү дээ?
-Одоо эрхийн төлөөх тэмцээндээ ирэх Бямба, Ням гаригт оролцоно. Энэ тэмцээнд түрүүлвэл мастеруудын олимпод орох эрхээ авна даа. Анх удаа мастеруудын олимп зохион байгуулагдаж, 30 гаруй мянган хүн оролцох төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор цуцлагдах, хойшлогдох яриа гараагүй л байна. Товлосон хугацаандаа Японд зохион байгуулагдах байх.
-Тулааны спортоор бараг 30 жил хичээллэжээ. Өдий олон жил хэрхэн бэлтгэл сургуулилалтаа хийж байв?
-Удаан хугацаанд бэлтгэл сургуулилалт хийгээд ирэхээр бие махбод цаанаасаа хүсээд эхэлдэг юм байна лээ. Архинд донтсон хүн байнга архи нэхдэг шиг. Бэлтгэл хийхгүй жаахан л удвал бие хямраад байдаг болчихсон. Бие өвдөөд, толгой эргээд эхлэхээр нь жаахан гүйгээд, сүүдэртэйгээ ажиллаад эхлэнгүүт цусны эргэлт сайжирч, хэвийн байдалдаа орж байгаа нь мэдрэгддэг. Би 20 гаруй жил 70 кг жинтэй явж байна.
-Танд ирээдүйд багшлах сонирхол бий юу?
-Байлгүй яах вэ. Би чинь багш хүн шүү дээ. Одоо "One Championship"-д тулалдаж байгаа Ц.Амарсанаа болон З.Шинэчагтага нарын хөл техникийг зааж өгч байлаа. З.Шинэчагтага 13 настайдаа миний зохион байгуулсан “Цахилгаан нударга” тэмцээнд түрүүлж байсан хүүхэд.
-Тулааны спорт сүүлийн жилүүдэд Монголд гэлтгүй дэлхий даяар хурдацтай хөгжиж байна. Улс орон бүр өөр өөрийн гэсэн онцлог давуу талууд бий болгож байна. Монголын тамирчид ямар давуу талтай вэ?
-Манай монгол тамирчдын хувьд гадаадын тамирчдын хөгжүүлж чадахгүй байгаа тэр нарийн жижиг булчингуудыг маш сайн хөгжүүлсэн байдаг. Одоо амжилт гаргаж буй монгол тулаанчдыг харвал ихэнхи нь л багадаа хөдөө төрж, морь малтай ноцолдож өссөн хүүхдүүд бий. Мөн бусдаас айх айдасгүй байдаг нь гол чанар нь.
-Монголынхоо залуучуудад хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Хүн амьдрахын тулд эрүүл саруул байх хэрэгтэй шүү. Мөнгөтэй, бүх юм нь хангалуун байж болно. Гэхдээ эрүүл мэндээ хаяж болохгүй. Д.Нацагдорж гуай “Жаргалан жаргалан жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан түүний дотор нэгэн жаргалан эрүүл энхийн түмэн жаргалан” гэж хэлсэн байдаг. Дуртай дургүй фитнест явах хэрэггүй. Зүгээр л гэртээ өөртөө 15 минут зарцуулаад, дасгал хий. Утсаа орхи, тамхиа хая.
-Танд манай уншигчдад хандан өөр нэмж хэлэх зүйл байна уу?
-Биднийг 11 жилийн турш дэмжиж ирсэн олон холбоо, клубын багш, дасгалжуулагч нартаа баярлалаа. Бид дэлхийд Монголыг төлөөлөх тамирчдыг бэлтгэж байна. UFC холбоонд тулалдаж буй Д.Батгэрэлийн араас олон олон тамирчин дэлхийд гараасай гэж хүсч байна.
-Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ