Хятадын 5 жилийн төлөвлөгөө ба Ши Жиньпиний амлалт | News.MN

Хятадын 5 жилийн төлөвлөгөө ба Ши Жиньпиний амлалт

Хятадын 5 жилийн төлөвлөгөө ба Ши Жиньпиний амлалт

Хятадын 5 жилийн төлөвлөгөө ба Ши Жиньпиний амлалт

Хятадын ирэх таван жилийн улс төр, эдийн засгийн үндсэн чиглэлүүдийг хэлэлцэн батлах Коммунист намын Төв хорооны хаалттай хурал өчигдөр эхэллээ. Өндөр түвшний энэ хурлаар 2021-2025 онд баримтлах Хятадын 14 дэх “Таван жилийн төлөвлөгөө”-г хэлэлцэн батлах юм. Түүнчлэн 2035 он гэхэд Хятадыг социалист шинэчлэлтэд хүргэх удирдагч Ши Жиньпиний дэвшүүлсэн “алсын хараа”-г зураглах аж.

Ши Жиньпинээс бусад Хятадын эрх баригчид урьд өмнө нь ийм урт хугацааны төлөвлөгөө дэвшүүлж байсангүй. Төв хорооны хурал дөрвөн өдөр үргэлжилж, ирэх Пүрэв гаригт шийдвэрээ танилцуулах юм. Таван жилийн төлөвлөгөөг Хятадын бүх Ардын их хурал буюу парламентаар хэлэлцүүлэн батласнаар хэрэгжиж эхэлнэ.

Төв хорооны 200 гаруй төлөөлөгчийг таван жил тутамд намын Их хурлаас сонгодог. Ирэх “Таван жилийн төлөвлөгөө”-нд ард иргэд өөрсдийн санаа бодлыг тусгахаар өнгөрсөн наймдугаар сард нэг сая гаруй санал хүсэлт цахимаар өргөн барьсныг "Синьхуа" мэдээлжээ. Хятадын коммунист засаг 1949 онд байгуулагдсанаас хойш таван жил тутамд улс төр, эдийн засгийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ирсэн юм.

Өмнөх таван жилийн төлөвлөгөөний зорилтын дагуу Хятадын агаарын бохирдол жилийн 365 хоногийн 82 хувьд нь буурч, усны чанар сайжирсан хэмээн тус улсын төв мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. Хятадын Засгийн газрын яамд, агентлагууд дөрөвдүгээр сараас “Таван жилийн төлөвлөгөө”-нд тусгах чиглэл, бодлогоо өргөн барьж эхэлдэг байна.

БИЕ ДААСАН ХӨГЖЛИЙН СУУРИЙГ БАТАЛНА

Ирэх “Таван жилийн төлөвлөгөө”-г хэлэлцэхдээ Хятад улсын АНУ болон бусад орноос хараат байдлыг бууруулж, бие даахад чиглэгдсэн удирдагч Ши Жиньпиний бодлогод голчлон анхаарах аж. Ши Жиньпин энэ аравдугаар сард Гуандунд айлчлахдаа “Хятад улс үндэсний бардамнал, дотоод хүчин чадалдаа тулгуурлан өөрийн замаас хазайлгүй улс, орноо хөгжүүлэх ёстой” хэмээн мэдэгдсэн юм.

Бээжингийн эрх баригчид олон жилийн турш дотоодын инновацийг дэмжиж ирсэн ч АНУ-ын засаг захиргаанаас тус улсын технологийг Хятадын компаниудад худалдахыг хязгаарлах болсноор бие даасан хөгжлийн бодлогоо эрчимжүүлэхэд түлхэц болжээ. Тухайлбал, АНУ-ын Худалдааны яамнаас Хятадын “SMIC,” компанийн америк харилцагчид чип үйлдвэрлэлийн голлох эд анги нийлүүлэхийн эсрэг хязгаарлалт тавьсныг Хонгконгийн хөрөнгийн биржид мэдээлсэн юм.

Иймд АНУ-ын нөлөөллийг хязгаарлахын тулд Хятадын намын Төв хороо болон дарга Ши Жиньпинтэй хамтран суурь төлөвлөгөө батлах аж. АНУ-тай худалдааны дайн эхлүүлснээс хойш Хятадын эдийн засагт багагүй савлагаа үүссэн. Хятад нь технологийн олон салбарт хоцрогдсон ч интернэтийн хувьсал гэгдэж буй “5G” сүлжээ нэвтрүүлэх, хиймэл оюун ухаан хөгжүүлэх тал дээр тэргүүлэх байр сууриа алдахгүйг хичээж байна.

ШИ ЖИНЬПИНИЙ АМЛАЛТЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Үүний зэрэгцээ Хятадын Коммунист намын удирдлагууд Ши Жиньпий дэвшүүлсэн нүүрсхүчлийн хийг бууруулах төлөвлөгөөг хэлэлцэж байна. Хятад нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлд 2030 он гэхэд бохир түлшний хэрэглээг хязгаарлаж, дараагийн 30 жилд нүүрсхүчлийн хийн ялгаралгүй орон болох зорилт дэвшүүлсэн юм. Гэхдээ хэрхэн дээрх үр дүнд хүрэх талаар нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулаагүй.

Дэлхийн хүлэмжийн хий ялгарлын дөрөвний нэгийг дангаар ялгаруулдаг Хятад улс нь Ши Жиньпий дэвшүүлсэн зорилтод хүрэхийн тулд эдийн засгийн төлөвлөгөөгөө шинэчлэх шаардлагатай. Ши Жиньпиний төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Хятад нь өнгөрсөн онд нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 58 хувийг нүүрснээс авснаа 2025 он гэхэд 50 хувиас доош буулгах ёстой. Үүний тулд ногоон технологийг дэмжиж, инновацийг хөгжүүлэх шаардлагатай.

Хятадын эрчим хүчний аюулгүй байдал 2019 оноос хойш Засгийн газрын голлох чиглэлүүдийн нэг болж ирсэн. Түүнчлэн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ дэд бүтцийг хөгжүүлэх болсноор эрчим хүчний хэрэглээ ихтэй бүтээгдэхүүнүүд болох ган, цементийн эрэлт нэмэгджээ.

Хятад улс 2025 он гэхэд түүхий нүүрс ашигладаг үйлдвэр, барилгуудыг шинээр барихыг бүрэн зогсоох аж. Нөгөө талд, Хятадын нар, салхины эрчим хүчний хүчин чадлыг 2025 он гэхэд тус бүрд нь хоёр дахин өсгөж, 500 гигаваттад хүргэх шаардлагатай хэмээн тус улсын Хөгжлийн судалгааны зөвлөх Ли Тианшиао мэдэгджээ.

Хятадын "Синьхуа" агентлаг намын Төв хорооны хурлын талаар мэдээлэхдээ “Таван жилийн төлөвлөгөө” бол Барууны зарим улстөрчид шиг оноо авах биш, ард түмний амьдралыг сайжруулах гол зорилготой хэмээн онцолсон. Ши Жиньпин өнгөрсөн есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 жилийн ойн хурлын үеэр хэлсэн үгэндээ сүүлийн хэдэн жилийн дотор Хятад нь ядуу буурай орноос дэлхийн хүчирхэг гүрний хэмжээнд хүрч хөгжсөн гэж онцолсон. Түүнчлэн Хятадын эдийн засаг түүхий нүүрсний өргөн хэрэглээнд тулгуурладаг боловч Ши Жиньпиний НҮБ-ын индрээс өгсөн амлалт үүнийг өөрчилнө. 2060 он гэхэд хүлэмжийн хий ялгаралгүй орон болох Ши Жиньпийн амлалт олон улсаас сайшаалыг хүртсэн юм.

ХЯТАДЫН БУСДААС ЯЛГАРАХ ДАВУУ ТАЛ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль тулсан энэ үед Хятадын Төв хорооны хурал олон улсын анхаарлыг татаж байна. Цагаан ордны тэргүүний өрсөлдөөнд хэн ялалт байгуулах нь АНУ, Хятадын хоорондох худалдааны дайн болон бусад улс төрийн зөрчил хэрхэн үргэлжлэхийг шийдвэрлэх чухал сонголт юм.

Сиднейн Лови институтын шинжээч Ричард МакГрегорын үзсэнээр, ирэх арваннэгдүгээр сарын 3-ны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч ирэх 2021 онд эдийн засгийг сэргээх том ажилтай нүүр тулах нь. Харин Хятадын Засгийн газрын тухайд цар тахлын дараа эрчимтэй сэргэж буй эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхэд анхаарах аж. Тэрбээр “АНУ, Европтой харьцуулахад Хятад нь коронавирусийн халдварт өвчний цар тахлыг хяналтдаа авах шинэ бодлогыг шуурхай авч хэрэгжүүлэх боломжтой байсан нь маш том давуу тал болсон” хэмээн онцолжээ.

Шинэ коронавирусийн халдварт өвчний тархалт АНУ, Европт гамшгийн хэмжээнд хүрч, дэлхий дахинаа 1.1 сая гаруй хүн нас бараад байна. Энэ нь халдварын голомт Хятадтай харьцуулахад цар тахлыг хяналтдаа авч чадахгүй байгааг харуулж байна.

Ухань хотод уушгины үрэвсэл үүсгэдэг үхлийн аюулт вирус гарсны дараа Хятадын Засгийн газраас дотооддоо тусгайлсан хөл хорио тогтоож, нийгмийг нийтээр нь оношлогоонд хамруулснаар тархалтыг богино хугацаанд хяналтдаа авч, хэвийн амьдралдаа хурдан эргэн орсон гэж үздэг. Тухайлбал, Хятадын эдийн засаг хөл хориог цуцалсан 7-9 дүгээр сарын хооронд 4.9 хувиар өссөн тухай тус улсын Засгийн газраас аравдугаар сарын 18-нд мэдээлсэн юм.

Өнөөдрийн байдлаар цар тахалд нэрвэгдсэн олон орны эдийн засаг уналттай байна. Олон улсын валютын сангаас ирэх 2021 оны дэлхийн эдийн засгийн таамаглалаа 5.2 хувь болгон бууруулснаа аравдугаар сарын 13-нд зарласан. Цар тахлаас үүдэн олон улсын эдийн засаг сэргэхэд харилцан адилгүй боловч урт хугацаа зарцуулна гэж тус сангийн мэргэжилтнүүд үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-27 2.136.17.240

тамд түлээ болох учиртай хүн ДҮРСТЭЙ хархнууд 👹

Avatar

/*-*/ 2020-10-27 49.0.212.165

Сөнөтүгэй

Avatar

Хар 2020-10-27 66.181.161.72

Нэртэйгээр нь 5 жилийн төлөвлөгөөнийх нь тухай сонсгол хичэнл хийчих, тэгэх үү

Avatar

ЗОЧИН 2020-10-27 139.5.219.156

КОМУНИСТ НАМЫН ДОР КАПИТАЛИЗМЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙГАА УЛС ДА. ХЯТАД УЛСЫГ ХАРХАД БАРУУНЫ УЛСААС ЯЛГААГҮЙ ӨНДӨР ХӨГЖСӨН. КОМУНИЗМ ХӨГЖИЖ БОЛДОГ ГЭДГИЙГ ХАРУУЛЖ БАЙНА. ХОЙД СОЛОНГОСООС ӨӨР БАЙНА. ХҮН АРД НЬ БАЯН БОЛЖ ЧАДСАН.

Avatar

123456 2020-10-27 49.0.212.165

Чи ч бүр тэдний худал тархи уулганд нь бүрэн автжээ

Avatar

ЗОЧИН 2020-10-27 139.5.219.156

НҮДЭН ДЭЭР ИЛ БАЙГАА ЮМЫГ МЯНГА ҮГҮЙСГЭЭД ЯАХАВ ДЭ. ХЯТАД ХӨГЖСӨН НЬ ҮНЭН ШҮҮ ДЭ.

Avatar

ҮНЭНИЙГ ХАЙГЧ 2020-10-27 202.179.15.3

ЭНЭ ХОМНИСТ СОЦИАЛИСТ АМЛАЛТУУД ЯАХ Л БОЛ ДОО ..ХЯТАД ХОЙД СОЛОНГОС ШИГ БҮГДИЙГ ӨӨРСДӨӨ ХИЙНЭ ГЭХЧИХВЭЛ АМАР БИШ ҮҮ ??ХАХА МОНГОЛЧУУД МААНЬ Л ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ ТЕХНОЛОГООР ДҮҮРЧИХЭЭСЭЭ..ЭНЭ БОЛ БОЛОМЖ ШҮҮ ХАХА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж