"АНУ Хятадтай муудвал Монголтой харилцах нь идэвхжинэ"

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

"АНУ Хятадтай муудвал Монголтой харилцах нь идэвхжинэ"

"АНУ Хятадтай муудвал Монголтой харилцах нь идэвхжинэ"

Америкийн нэгдсэн улс (АНУ)-ын Ерөнхийлөгчийн сонгууль дэлхий дахины анхаарлын төвд байна. Учир нь АНУ дэлхийн эдийн засгийн 24 хувийг дангаараа хангадаг том орон. Тийм  ч учраас ямар Ерөнхийлөгч гарах вэ гэдгээсээ хамаараад дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогод АНУ маш хүчтэй нөлөө үзүүлнэ.

Үнэлгээний болон судалгааны байгууллагууд, стратегийн дүн шинжээчид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар янз бүрийн урьдчилсан дүгнэлтүүд хийж байна. Урьдчилсан байдлаар  Байдены  рейтинг өндөр байгаа билээ.

АНУ-ын ард түмэн Дональд Трамп өмнөх сонгуулийн амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлэв гэдэгт хамгийн их анхаарал хандуулж байна. Трампын хувьд 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн гол, гол бодлогуудаа ерөнхийд нь хэрэгжүүлсэн гэж үзэж буй. Барак Обамагийн хэрэгжүүлж байсан ихэнх бодлогыг тэрбээр буруушааж байсны хувьд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн Парисын хэлэлцээрээс АНУ-ыг гаргасан.

Саяхан мэтгэлцээний үеэр тэрбээр энэ тухай хөндөж, “Энэтхэг, Хятад, ОХУ зэрэг олон сая хүн амтай том гүрнүүд асар их агаарын бохирдолтой атал эдгээр улс үүндээ дорвитой хөрөнгө гаргадаггүй. Харин АНУ хэдэн тэрбум ам.долларыг яагаад уур амьсгалын өөрчлөлтийн төлөө гаргах ёстой юм бэ” гэж хэлсэн.

АНУ дээрх хэлэлцээрээс гарснаар хаалттай байсан олон хориг актыг хүчингүй болгож, ялангуяа эрчим хүчний салбарт маш их хэмжээний ажлын байр бий болсон. Газрын тос, уул уурхайн чиглэлийн үйлдвэрүүд эрчимтэй ажилласнаар ажлын байр олноор нэмэгдүүлсэн.

Дональд Трампын шүүмжилдэг өөр нэг асуудал бол НАТО-гийн гишүүн орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2 хүртэлх хувийг батлан хамгаалах чиглэлд зарцуулна гэсэн НАТО-гийн чуулганы шийдвэрийг хэрэгжүүлдэггүй явдал.

Гэтэл НАТО-гийн цэргийн эвслийн 60 гаруй хувийн санхүүжилтийг АНУ дангаараа гаргадаг. Тэрбээр "АНУ буяны байгууллага биш" гэж шүүмжилж байв.

Дональд Трамп олон улсын худалдаа, ялангуяа хойд Америкийн чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийг шинэчилсэн, Америк, Канад, Мексикийн чөлөөт худалдааны хэлэлцээрт 2018 оны аравдугаар сард ИХ-20-ийн дээд хэмжээний уулзалтаар гарын үсэг зурсан. Энэ нь АНУ-д маш их үр ашигтай чөлөөт худалдааны хэлэлцээр болсон гэж үздэг.

Дональд Трамп “Америкийг дахин агуу болгоно” гэж ярьдаг атлаа өөрийнх нь төлсөн өнгөрсөн гурван жилийн татвар дөнгөж 1500 ам.доллар байгаа нь яаж АНУ-ыг агуу болгох юм бэ гэсэн шүүмжлэлийг дагуулдаг.

Олон улс судлаачид АНУ-ыг дэлхийн хэмжээний манлайллаа алдсан гэж үзэж буй. Цар тахал намжсаны дараа дэлхийн шинэ дэг журам бий болж, Америкийн манлайлал буурна, Хятад, Америкийн сөргөлдөөн олон улсын харилцааны гол сөргөлдөөний тэргүүн талбар байх болно гэсэн урьдчилсан дүгнэлтүүд ч гарч байгаа юм.

АНУ-Д 8.9 сая хүн коронавирусийн халдвар авч, сүүлийн хоёр өдөр гэхэд 80 мянгаас дээш хүн шинээр халдвар авч, өчигдрийн байдлаар 215 мянган хүн нас барав.

Дональд Трамп мэтгэлцээний үеэр “Халдварын ид оргил үе өнгөрсөн" гэж хэлсэнд Жо Байден "Өөрийгөө болон гэр бүлээ коронавирусийн халдвараас сэргийлж чадаагүй байж яаж АНУ-ын ард иргэдийг хамгаалах юм бэ гэж хэлж, түүнд хариу барьсан.

Жо Байдены хувьд Дональд Трампын алдаан дээр гол тоглолт хийж байгаа гэж хэлж болно. Өчигдрийн байдлаар 58.7 сая хүн Ерөнхийлөгийн сонгуульд урьдчилан саналаа өгсөн нь 2016 оныхтой харьцуулахад 400 мянгаар илүү байна. Урьдчилан саналаа өгсөн нийт иргэдийн 30 сая орчим нь цахимаар саналаа өгчээ. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 24-ний өдөр Флорида мужийн Палм-Бич хотод саналаа урьдчилан өгсөн.

 АЛЬ НАМААС ГАРСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮЕД МОНГОЛТОЙ ХАРИЛЦАА ИЛҮҮ САЙЖИРЧ БАЙВ?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг анхааралдаа авна гэдгээ илэрхийлсэн. Хэрвээ АНУ-ын Конгресс энэ хуулийг баталбал худалдааны харилцааг тэлж, экспортын боломжийг дэмжинэ. Энэ хэрээр эдийн засагт том хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа билээ.

Дээрх хуулийн нөлөөгөөр 30 мянга гаруй ажлын байр шинээр бий болно гэж тооцож буй юм. Үүгээр ч зогсохгүй хөнгөн үйлдвэрийн чиглэл, ноос ноолууран бүтээгдэхүүнийг барууны зах зээлтэй холбоход чухал нөлөөтэй гэж судлаачид үзэж байгаа билээ.

АНУ Монгол Улсын импортын 3.5 орчим хувийг бүрдүүлж буй. Сүүлийн жилүүдийн дүнг харвал Монголоос АНУ-д хийж байгаа экспорт 2015 оноос хойш тасралтгүй буурчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч хэн байх, ямар намаас гарч байгаагаас тэр дундаа Хятадтай харилцах харилцаа ямар байхаас шалтгаалж Монгол Улстай хэр идэвхтэй харилцаатай байх нь хамаарна гэж судлаачид үздэг. Бүгд найрамдах намын Ерөнхийлөгчийн үед Монголтой харилцаа илүү идэвхтэй байж ирсэн гэдгийг олон улс судлаачид хэлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн Монголын гадаад харилцаа, эдийн засаг, улс төрд хэрхэн нөлөөлөх талаар судлаачдын байр суурийг сонирхсон юм.

ХИС-ийн Олон улсын харилцаа, Нийгэм судлалын сургуулийн захирал, доктор, профессор Д.УЛАМБАЯР:

Өнгөрсөн түүхээ харвал, Ардчилсан намын АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Хенри Эгард Уоллес 1944 оны долдугаар сард Монголд айлчилж байсан. БНМАУ үнэхээр бие даасан улс мөн үү гэдгийг нүдээрээ үзээд явсан. Ингээд 1945 оны Ялтын хэлэлцээрээр Ялтын холбоотон гурван гүрний тэргүүн нарын бага хурлын үеэр Японы эсрэг дайн, ЗХУ-ын хоригтой холбогдсон хэлэлцээр байгуулагдсан. Энэ хэлэлцээрийн нэгдүгээр зүйл нь БНМАУ-ын статус кво ("Status Quo")-г хүлээн зөвшөөрөх асуудал байсан.

АНУ Монголын статус квог хүлээн зөвшөөрснөөр Монгол Улс олон улсын тавцанд бие даан гарах, түүнчлэн Зөвлөлт, Хятадын хэлэлцээрээр Монгол Улсын статус квог оршин тогтнож байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрснөөр 1945 оны аравдугаар сарын 20-нд Монгол Улсынхаа тусгаар тогтносон байдлыг ард нийтээрээ баталсан. Үүний  түүхэн 75 жилийн ой саяхан тохиолоо. Өөрөөр хэлбэл, АНУ Монгол Улсын статус квог хүлээн зөвшөөрөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн.

1987 оны нэгдүгээр сарын 27-нд БНМАУ, АНУ-тай дипломат харилцаа тогтоосон. Тухайн үед АНУ-д Бүгд найрамдах нам Засгийн эрх барьж байсан.

1990 оны долдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад айлчилж, гурав дахь хөршийн үзэл санааг дэмжиж гаргаж ирсэн хүн. Жорш Бушыг Ерөнхийлөгч байхад 1990 онд болсон "Их 7"-гийн дээд хэмжээний уулзалтаас гарсан тунхаглалд Монголын ардчиллыг бүх талаар дэмжинэ гэж тусгасан.

1995 онд АНУ-ын Тэргүүн хатагтай Хиллари Клинтон Монголд айлчилсан.

Мөн 1997 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга манай улсад айлчилсан. Үүнээс хойш 2005 онд Бүгд найрамдах намын үед АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш анх удаа Монголд хоёр орны стратегийн нийтлэг үнэт зүйлсийг харилцан дэмжих иж бүрэн түншлэлийн зарчмуудыг тунхагласан.

Ерөнхийлөгч асан Н.Багабанди 2004 онд АНУ-д айлчилсны дүнд Хамтарсан мэдэгдэл гаргасан. Барак Обамаг АНУ-ын Ерөнхийлөгч байх үед 2011 онд Дэд ерөнхийлөгч асан Жо Байден Монголд айлчилж, Монголын ардчиллыг дэмжих хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцсэн.

2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д төрийн айлчлал хийж, хоёр орны харилцааг өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны замын зурагт гарын үсэг зурсан.

2019 оны долдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж, хоёр орны харилцааг стратегийн түншлэлд хүргэх тухай Вашингтоны тунхаглалд гарын үсэг зурсан. Энэ бол маш их чухал. Өөрөөр хэлбэл АНУ-ын аль ч засгийн газрын үед манай улс маш амжилттай ажиллаж байсан.

Ирэх сарын 3-ны өдөр болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд хэн нь сонгогдохоос үл хамаараад Монгол Улс бол АНУ-ын гуравдагч түнш гэдэг бодлого цаашид ч үргэлжилнэ. Хоёр тал өдгөө стратегийн түншлэл тогтоосон өндөр харилцаанд хүрсэн.

ГАДААД ХЭРГИЙН САЙД АСАН Л.ЭРДЭНЭЧУЛУУН: ХОЁР ОРНЫ УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА ТОГТВОРТОЙ ӨСӨЖ ДЭВШИЖ ИРСЭН 

АНУ-тай стратегийн түншлэл тогтоосон нь зөвхөн манай орноор зогсохгүй бүсийн хэмжээнд чухал нөлөөтэй байх болно гэж бодож байна. Манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөршийн тухай концепц тусгалаа олсныг хэн бүхэн мэдэж байгаа.

Энэ концепц хэрэгжсэнээр хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн орнуудтай улс төр, эдийн засгийн ергөн хүрээтэй харилцааг бодлогоор хэрэгжүүлэх боломж нээгдэнэ. Улмаар бидний үйл ажиллагааны цар хүрээ тэлнэ. боломж бололцоо нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, тэгш талтай гурвалжин адил харилцааг бий болгосноор манай улсын аюулгүй байдал бэхжин, эдийн засгийн биеэ даасан байдал бий болно..

Үүнтэй холбоотойгоор манай төр засгийн тэргүүнүүдийн АНУ-д хийсэн айлчлалуудын тухай баримт бичгүүдийг сөхөж үзлээ. 2004 онд Н.Багабанди Ерөнхийлөгч айлчилсны дүнд Хамтарсан мэдэгдэл гаргасан. Түүнд “Хамтын үнэт зүйлс болон стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, иж бүрэн түншлэлийн шинэ эрин үеийг зарлан тунхаглав” гэжээ.

Тэр үед бид стратегийн гэсэн тодотголтой болгоё гэж анхнаасаа санал болгоод явж байсан боловч яриа хэлэлцээний дүнд иж бүрэн түншлэл гэдэг үгийг авахаар тохиролцсон. АНУ-ын тал хоёр орны харилцаанд стратегийн элементүүд байгаа боловч тэр түвшинд хараахан хүрээгүй гэж үзсэн бололтой. 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын айлчлалын дүнд “Хоёр улсын ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай” тунхаглал гаргасан юм. Энэ Тунхаглалд хамтын ажиллагааны найман зарчмыг тусгаад зогсохгүй иж бүрэн түншлэлийн цар хүрээг өргөтгөх нь зүйтэй гэж үзсэн. Үүгээрээ ч өмнөх Тунхаглалаасаа онцлог байсан. Дараа нь 2011 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн айлчлалын дүнд Хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Түүнд иж бүрэн түншлэлийн тухай гаргасан өмнөх бичиг баримтуудыг нотолсон байна лээ. Уул нь түүндээ иж бүрэн түншлэлийг өргөтгөх тухай гэсэн санааг давтаж оруулсансан бол зүгээр байх байсан. Ер нь ингэж явах ёстой юм л даа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 онд хийсэн айлчлалын дүнд гаргасан Хамтарсан мэдэгдэлд хоёр орны харилцаа өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг тэмдэглэжээ.

Мөн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг баталжээ. Энэ хоёр заалт бол шинэ зүйл юм. Ийнхүү явсаар энэ оны долдугаар сард Х.Баттулга Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд хамтарсан Тунхаглал гаргаж, түүндээ стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа.

Эргээд харахад хоёр орны ялангуяа улс төрийн харилцаа тогтвортой өсч дэвшин, хөгжиж ирсэн нь тодорхой байна. Ер нь улс төрийн харилцааг эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагаагаар баталгаажуулахгүйгээр ирээдүйн тухай бодох ч хэрэггүй биз ээ.

Өмнөх асуулттай холбогдуулаад хэлэхэд, бид гуравдагч хөрштэйгөө холбогдохын тулд заавал хоёр хөршөөрөө дамжиж харилцах болно. Энэ чиглэлээр манай Засгийн газар ихээхэн хүч чармайлт гаргаж, тодорхой үр дүнд хүрсэн. Энэ ажлаа цааш нь эрчимтэй үргэлжлүүлэх нь чухал.

МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.БАЯСГАЛАН:

"АНУ, ХЯТАДЫН ХАРИЛЦАА МУУДААД БАЙВАЛ МОНГОЛТОЙ ХАРИЛЦАХ НЬ ИДЭВХТЭЙ БОЛНО"

Ер нь АНУ дэлхийн тэргүүлэгч их гүрэн учраас түүний дотоодын үйл явц, тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгууль нь дэлхий даяар нөлөөлдөг. Тийм ч учраас улс орнууд ч гадаад бодлогоо явуулахдаа олон улсын харилцааны нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр тодорхойлон явуулдаг.

Тэдгээрийн гадаад бодлогод шууд нөлөө үзүүлэгч АНУ-ын Ерөнхийлөгч хэн байх, ямар бодлого явуулахыг мэдэх нь чухал, тэр ч байтугай зарим улс орнууд ерөнхийлөгч сонгогдохоос өмнө янз бүрийн хувилбар гаргадаг эсвэл Ерөнхийлөгч сонгогдсоны дараа АНУ-тай хэрхэн харилцах талаар судалгаа хийдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч хэн байх, ямар намаас гарч байгаагаас хамаарч түүний Ази, Номхон далайн бүс нутаг дахь бодлого тодорхойлогдоно. Тэр дундаа Хятадтай харилцах харилцаа ямар байхаас шалтгаалж Монголтой хэр идэвхтэй харилцаатай байх нь хамаарна гээд хэлчихвэл хэтрүүлэг болохгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, АНУ Хятадтай харилцаа муудаад байвал Монголтой харилцах нь идэвхтэй болоод л байна.

АНУ-ын Монголтой харилцах харилцаанд сайжирсан эсвэл муудсан гэж ярих зүйл бол байхгүй л дээ, харин идэвхгүй байсан, эсвэл идэвхжсэн гэсэн ойлголт байгаа. АНУ-ын зүгээс харах юм бол аливаа улс орнуудын нэгэн адил өөрийн ашиг сонирхлын үүднээс л харна.

Энэ утгаараа Монгол Улсад түлхүү анхаарлаа хандуулж байсан нь Бүгд найрамдах намын Ерөнхийлөгчийн үе байдаг. Ер нь АНУ-ын түүхэнд голдуу Бүгд найрамдах нам нь засаглаж байх үед гадаад бодлого нь илүү хүчтэй байж, Ардчилсан нам удирдах үед дотооддоо чиглэсэн бодлогоо түлхүү явуулж ирсэн.

Олон улсын харилцааны нөхцөл байдал, тэр дундаа Хятадтай харилцах харилцаа хэр хүчтэй байхаас Монголд хэр хэмжээний идэвхтэй бодлого явуулах нь хамаарна гэж ойлгож байна. Ардчилсан нам нь голдуу дотогшоо чиглэсэн бодлого баримталдаг гэдэг утгаараа Монгол зэрэг орнуудыг төдийлөн анхаарахгүй болов уу.

Харин Бүгд найрамдах нам нь гадаад бодлого идэвхтэй явуулдаг учраас Хятад, Орос гэсэн хоёр орны талаар явуулж байгаа гадаад бодлогын хүрээнд Монгол Улс ч гэсэн орно. Тиймээс хэдийгээр Дональд Трамп Монгол гэж ямар улс байдгийг мэдэхгүй байсан ч гэсэн Монголтой идэвхтэй харилцаа тогтоож явна гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж