У.Хүрэлсүхийн гэрийн даалгаварт тавьсан ФАТФ-ын дүн

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн гэрийн даалгаварт тавьсан ФАТФ-ын дүн

У.Хүрэлсүхийн гэрийн даалгаварт тавьсан ФАТФ-ын дүн

Улаанбаатарын цагаар 2020 оны аравдугаар сарын 23-ны шөнө Монгол Улсыг  саарал жагсаалтаас гаргаж байгаагаа ФАТФ-аас зарлалаа. Эдийн засгийн хувьд энэ нь сайн мэдээ юм. Ингэснээр Монголын арилжааны банкуудад гадаадын харилцагч банкуудаас тавьж буй шалгуур зөөлөрч, гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд тухайн улсдаа данс нээх, мөнгөн гуйвуулга хийхэд шуурхай болно. Мөн гуравдагч орнуудын хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болж хүрнэ.

Жилийн өмнө Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллагаас эрчимтэй хяналт буюу  саарал жагсаалтад Монголыг Исланд, Зимбабе хамт оруулахдаа зургаан үүрэг даалгавар өгсөн.

  • Нэгд, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн бус мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчид эдгээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлэх, улмаар эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тогтоон ажиллах;
  • Хоёрт, СЗХ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авах;
  • Гуравт, Мөнгө угаах арга хэлбэрийн бусад ялгаатай төрөл хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтад ахиц гарган харуулах;
  • Дөрөвт, Хилээр нэвтрүүлэхдээ худал, эсхүл мэдүүлээгүй бэлэн мөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаанд ахиц гаргах, энэ төрлийн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах;
  • Тавд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хориг арга хэмжээний хэрэгжилтээс зайлсхийх нөхцөл бүрдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар арга хэмжээг авч харуулах;
  • Зургаад, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санхүүгийн зорилтод хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй холбогдуулан Санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийн энэ талаарх үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, илэрсэн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авах гэсэн зургаан үүрэг өгсөн.

Энэ асуудлаас болж Монголбанк, СЗХ-ны удирдлагуудад УИХ-аас хариуцлага тооцож, Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тухайн үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлд тайлбар өгөхдөө “Буруу бодлого, буруу үйлдэл Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулсан. Буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч, засахгүй явсан. Саарал жагсаалтад орсноор сандрах шаардлагагүй. Ханш хөөргөх шаардлага байхгүй. Ерөнхий сайд богино хугацаанд гарах арга хэмжээний төлөвлөгөөг гаргаж, идэвх, санаачлагатай ажиллах үүрэг өгсөн” гэж байв.  Харин тэрбээр арваад хоногийн өмнө ФАТФ-ын төлөөлөгчид Монголд ирж, газар дээр нь гэрийн даалгаврын биелэлттэй танилцахдаа У.Хүрэлсүхийн Засгийн газраа авсан үүргээ амжилттай биелүүлсэн гэж дүгнэсэн талаар  жиргэсэн юм.  Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэг болон терроризмын эсрэг УИХ-аар шаардлагатай 10 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг хийж баталсан нь нөлөөлсөн байх.

Үнэндээ, У.Хүрэлсүхийн засаг дэлхийн эдийн засаг хямарсан энэ үед богино хугацаанд саарал жагсаалтаас гаргаж чадна гэдэгт олон хүн итгээгүй.

Учир нь, арилжааны банкуудад тавьсан ОУВС-гийн хоёр дахь шалгуурыг Монголд давж гарах нь тодорхойгүй, мөн олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон “Мазаалай”, “Чингис” бондуудын өр төлбөрийг цаг хугацаанд нь төлөх эсэх нь эргэлзээтэй байв.   Өмнө Монгол Улс 2011 онд Сү.Батболдын засгийн үед саарал жагсаалтад орж байсан. Өгсөн үүрэг даалгаврыг 32 сарын хугацаанд биелүүлж, гарсан байдаг.

ФАТФ-ын саарал жагсаалтаас гарснаар Монголын Засгийн газар “айдаггүйгээ авдартаа хийлээ” гэсэн үг. Гэхдээ бас тайвшрах хэрэггүй!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж