МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүллээ

МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүллээ

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн /МҮОНРТ/ уран бүтээлчид аравдугаар сарын 21-ны өдөр үндэсний зөвлөлийнхөө  гишүүдийг огцрохыг шаардан мэдээлэл хийсэн. Энэ хурлаар МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлийг огцруулахыг шаардаж, 250 гаруй уран бүтээлчид гарын үсгээ зурсан гэдгээ мэдэгдэж, холбогдох баримтуудыг дэлгээд буй. Тус телевизийн уран бүтээлч, сэтгүүлчид МҮОНТ-ийн редакц хараат болсон бөгөөд иргэдийн мэдэх эрхэд халдаж байна гэж үзэж байгаагаа ярьсан юм. Мөн телевизийн удирдлагууд цар тахлын үеэр далимдуулан ажилчдынхаа цалинг хасч, реклам зар сурталчилгааны орлого, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсныг шударга бус хэмээн үзэж, бухимдалтай байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр /2020.10.26/  МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн гурван өндөрлөгт албан бичиг хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, ажилтан албан хаагч, уран бүтээлчдийн төлөөлөл болсон ажлын хэсгийнхэн: 

-МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлийн хурал дээр уран бүтээлч ажилчид санал хүсэлтээ илэрхийлэх гэсэн боловч биднийг сонсоогүй. Тиймээс байгууллага дотор болж байгаа зөрчил болон  редакцийн хараат бус байдлын талаар олон нийтэд мэдээлсэн. Өнөөдөр бидэнд ирсэн мэдээллээр “Үндэсний зөвлөлөөс байгуулагдсан таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 13.00  цагаас ажлын хэсгийн дүгнэлтээ 14.00 цагт Үндэсний зөвлөлийн гишүүдэд танилцуулж, Үндэсний зөвлөл өнөөдөр шийдвэрээ  гаргана” гэсэн. Одоогоор уран бүтээлчдийн төлөөллийг хуралд оруулах эсэх нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч Үндэсний зөвлөл нь шударга шийдвэр гаргаж чадахгүй гэж үзсэн учраас  МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд төрийн гурван өндөрлөгт хандан шаардлага хүргүүлж байна" гэлээ. 

Тус мэдэгдэлд дурдсанаар “Үндэсний олон нийтийн радио телевиз 2005 оноос олон нийтийн статустай  болж өөрчлөгдөн  өөрийн хуультай болсон ч түүнийг хэрэгжүүлэх үүрэг бүхий удирдлагын түвшний хүмүүсийн  алдаа завхралаас болж ард олныхоо өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадахгүйд хүрлээ. Улс орны өнцөг булан бүрт болж байгаа үйл явдал болон дэлхий нийтэд олны анхаарал татсан мэдээ, мэдээллийг үзэгч олонд шуурхай үнэн бодитой хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх эрхэм зорилготой атал байгууллагын төсөвийг хууль бусаар ашиглаж байна. Хэдийгээр төсөв жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч үндсэн үйлдвэрлэлийн салбар унаж, бодлого чиглэлгүй болж, редакцийн хараат бус байдал улам алдагдсаар байна. Бид нийгмийн өмнө хүлээсэн үүрэг  хариуцлагаа бүрэн биелүүлж хараат бус тэнцвэртэй мэдээлэл түгээх хүчирхэг радио, телевиз байхын тулд дотоод ардчилал, санхүүгийн ил тод байдлаа бүрэн хангуулах шаардлагаа байгууллагын гүйцэтгэх удирдлага болон Үндэсний зөвлөлд тавьсан боловч шийдвэр гаргахгүй цаг хожиж байна. Тиймээс төрийн гурван өндөрлөгийг энэ асуудалд анхаарлаа хандуулж, МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэлд болон хамт олны төлөөллийг хүлээн авч уулзана уу хэмээн хүсэлт тавьж байна” гэжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж