Нийслэлийн МАН-ын рейтинг өссөн дүн гарчээ

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Нийслэлийн МАН-ын рейтинг өссөн дүн гарчээ

Нийслэлийн МАН-ын II хуралдаан Тусгаар тогтнолын ордонд боллоо.  Хуралдаанд намын хорооны 189 гишүүн, 600 гаруй идэвхтэн сонгуультан оролцож байна. МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд, намын ахмадууд, залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөлөл, үүрийн дарга нар гээд нэлээд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдаж байгаа юм. Удахгүй Эх орончдын баяр буюу МАН-ын 95 жилийн ой тохионо. Баярыг тэмдэглэж өнгөрүүлэхээс илүүтэйгээр өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэх, удахгүй болох сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Бид хамтдаа” үндэсний хөгжлийн форумаас гаргасан зөвлөмжийг тусгах, ачааны хүндийг үүрч яваа залуучуудаа дэмжих асуудлаар хэлэлцэх нь зүйтэй гэж МАН-ын  гишүүд ярьж байна.  

МАН ч ирж яваа цагийн залуу лидерүүдээ бусад намын адилаар массаараа дэмжих хэрэгтэйг нийслэлийн МАН-ын II хуралдаанд оролцсон төлөөлөгчид онцлов. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн О.Содбилэг,  НАМЗХ-ны  Г.Тэмүүлэн зэрэг шинэ цагийн улстөрч залуучуудаа  ч намынхаа  ирээдүйд  ихээхэн хүч гэж үздэг.

Нийслэл дэх МАН-ын рейтинг Ц.Сандуйг ажил авахад 2012 оны зургадугаар сард 19.9 хувьтай байжээ. 2013 онд 24.2, 2014 оны арваннэгдүгээр сард 27.3, 2015 оны арваннэгдүгээр сард 32.5 хувь болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, АН-ыг засаглах хугацаанд, тэднийг нийслэлийг удирдах хугацаанд МАН-ын рейтинг зугуухнаар өссөн нь нийслэлчүүд МАН-аас  нүүр буруулаагүйн илрэл юм. Энэ гавьяагаа намын лидерүүд биш гал тогоог нь хариуцаж байгаа залуу менежерүүд үнэлүүлэх цаг ирсэн гэж хурлын төлөөлөгчид өнөөдөр ярьж байна. ХҮН шиг нэг лидерээр, АН шиг фракциудын хүчээр МАН явдаггүй. МАН-д залуу үеэ бэлдэж ирсэн олон жилийн бодлого, тогтвортой хөгжлийн бодлого бий. Намууд мөрийн хөтөлбөрөөр биш бодлогоороо өрсөлдөх цаг болсон. Намын бодлогыг ирж яваа цагийн шинэ залуу улстөрчид тодорхойлж байгаа гэж Нийслэлийн МАН-ын II хуралдааны төлөөлөгчид индрээс хэллээ.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн гудамж, зам талбайг өргөжүүлж, тохижуулж, инженерийн шугам сүлжээг шинэчилсэн. Гэр хорооллыг дахин төлөвлөх, шинэчлэн зохион байгуулахад хотоос анхаарч байгаа. Буруу зүйлийг засахад, алдахад нь хэлэхэд хотын МАН-ын хорооны тус их байсан. Гэвч Э.Бат-Үүл болон түүний багийнхан 375 жилийн түүхтэй нийслэлийн хөгжлийг гурван жилд хийсэн ажлаараа өмчилж, улстөржиж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй. 1920-иод онд хүрээг хотжуулах, 1940 онд барилгажуулах, 1960 онд үйлдвэржүүлэх, 1980 онд орчин үеийн хот болгоход тэр үеийн Монгол Улсын удирдлагууд, засаг барьж явсан хүмүүс зүтгэж байсан. Түүхийн энэ үнэнг сүүлийн 25 жил барилга байшин барьснаар үгүйсгэж болохгүй. Хотын хөгжлийг иргэдийнх нь аз жаргалын төвшнөөр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, иргэдийнх нь хэр их аз жаргалтай, амар тайван, эрүүл, стрессгүй амьдарч байгаа нь хотын хөгжлийг тодорхойлох параметр. Иймээс нийслэлийн МАН-ын хороо “Happy City” буюу “Аз жаргалтай хот” бүтээх бодлогын баримт бичгийн  дагуу  төлөөлөгчид хөтөлбөрт тусгах саналаа өгч байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж