УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир Пүрэв гаригт давж заалдана

Хуучирсан мэдээ: 2020.10.26-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир Пүрэв гаригт давж заалдана

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир Пүрэв гаригт давж заалдана

УИХ-ын нэр бүхий 49 гишүүн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий компанидаа олон тэрбумын зээл авсан нь тодорхой болж, нийгэмд багагүй шуугиан тарьж байлаа. Уг асуудлаас болж зарим гишүүд эхнэр хүүхэд, ээж ааваа "танихгүйд хүрсэн" бол  зарим нь тойрогтоо ажлын байр нэмэгдүүлэх, сонгогчдоо бодлогоор дэмжих үүднээс зээл авч өгсөн гэх тайлбар хийж байв. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлсан гишүүдэд хариуцлага тооцох хүсэлтийг хууль, шүүхийнхэнд одоо ч тавьж, эсэргүүцлээ илэрхийлж буй. ЖДҮХС-гийн мөнгөнөөс "хулгайлсан" гэмт хэргийг мартаж үл болох баримт бөгөөд хаяж үл болох хариуцлагын тухай асуудал юм. Тиймээс  ял авсан хүмүүсийг эргэн сануулъя.

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын хувьд  ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр хоёр жил шалгагдсан. Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд наймдугаар сарын 19-нд болж, шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан юм.

Тэгвэл Д.Дамба-Очирт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд арваннэгдүгээр  сарын 29-ний өдөр буюу Пүрэв гаригт товлогдсон байна.

Г.СОЛТАНД ОНООСОН ГУРВАН ЖИЛИЙН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны долдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын гишүүн асан Г.Солтанд  холбогдох гэм буруугийн шүүх хурал болсон. Шүүхээс түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван  жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. УИХ-ын гишүүн асан Г.Солтан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь шүүхээр ийн тогтоогдсон байна.

Тодруулбал, тэрбээр хөнгөлөлттэй зээл авахын тулд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлсөн хэмээн яллагдсан нь энэ юм.

Г.Солтан нь есдүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүхээс түүнд ногдуулсан гурван жилийн хорих ялыг хэвээр үлдээж, Г.Солтаны гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.880.500 төгрөгийг албадан гаргуулахаар шийдвэрлэсэн билээ. 

Б.БАТЗОРИГ, Б.УНДАРМАА НАРЫГ 40 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОВ

ЖДҮХС-гийн зээлийг намын бүлгийн гишүүд, албан тушаалтнуудад тэгш, хүртээмжтэй олгосон хүн нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг. Өөрөө ч хамгийн өндөр үнийн дүн бүхий зээл авсан байдаг. Наймдугаар сарын 4-ний өдөр түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, шүүхээс Б.Батзоригийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.

Өөрөөр хэлбэл, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан билээ.

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг Жижиг дунд үйлдвэрийн сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжид зээл олгуулсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан  жилийн хугацаагаар хасч 2.6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.

Тэгвэл тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хэргийн оролцогч нарын зүгээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу тус шүүхэд аравдугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, Б.Ундармаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Ундармаад нийтийн албанд томилогдох эрхийг зургаан  жилийн хугацаагаар хасч,  40 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж