Грекийг дүрвэгсдийн “агуулах” болгохгүй

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Грекийг дүрвэгсдийн “агуулах” болгохгүй

 

Грекийг дүрвэгсдийн “агуулах” болгохгүйн төлөө ерөнхий сайд Алексис Ципрас Европын холбоог сүрдүүллээ. Тэрбээр Европын холбоо Гректэй бусад гишүүн орнуудаас ялгаатай хандвал цаашид дүрвэгсдийн хямралыг зохицуулах хэлэлцээнд Афин оролцохгүй хэмээн мэдэгдсэн байна. Европын бусад орнууд хилдээ төмөр торон хана босгож, янз бүрийн хязгаарлалт тогтоох болсноос олон мянган дүрвэгч Грект гацах болсон юм. Тухайлбал, Австри дүрвэгсдийг хүлээн авах өдрийн квот тогтоосон бол Балканы зарим орнууд хилийн хяналтаа чангатгасан билээ.  “Европын бусад орнууд дүрвэгсдийн хямралд хариуцлагыг эн тэнцүү үүрэлцэхгүй юм бол Грек цаашид хамтарч ажиллахгүй” хэмээн Алексис Ципрас мэдэгджээ. Алексис Ципрас ирэх гуравдугаар сарын 7-нд эхлэх Европын холбооны чуулга уулзалтаас өмнө дүрвэгсдийн хямралыг хэрхэн шийдвэрлэх асуудлаар Грекийн намын дарга нартай уулзалт хийхээр товлосон аж.

 

Грек улс нь Европыг зорих дүрвэгсдийн урсгалын гол орох хаалга болоод байгаа юм. Өнгөрсөн жил Грекээр дамжин сая гаруй хүн Европт хөл тавьсан байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж