Улаанбаатар хотын 35 дахь даргаар Д.Сумъяабазар сонгогдлоо. Өнөөдөр түүний ажлын эхний өдөр. Түүнийг УИХ-ын гишүүний суудлаа өгч, хотын дарга болсонд гайхах хэсэг бий. Гэхдээ түүнд сонголт байгаагүй. Нийслэлийн намын даргын хувьд, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх том үүргийг нийслэлчүүдээс авсан учраас МАН-ын дарга У.Хүрэлсүх, намын Удирдах зөвлөлөөс түүнд өгсөн том үүргийг тэр хүлээж, улс төрийн зориг гаргаж, ажилдаа орлоо. Хүн амын тал хувь нь амьдардаг нийслэлд өнөөдөр маш олон тулгамдсан асуудал Д.Сумъяабазарыг хүлээж байна. Нийслэл өвөлд бэлэн эсэх, хотын түгжрэл, утаа, нийтийн тээврийн шинэчлэл гээд шил дараалсан олон ажил, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тэр ажилдаа орж байна.
ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ Д.СУМЪЯАБАЗАРЫН НҮҮДЭЛ
УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, олуулаа болсон. Үүний дараа нийслэлийн сонгуульд ялалт байгуулах эсэхээс МАН-ын олон хувь заяа шийдэгдэх байлаа. Тиймээс ч нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахаас эхлээд л шийдэмгий нүүдэл хийж эхэлсэн хэмээн улс төрийн хүрээнд дүгнэж эхэлжээ. Үүнийг нь НИТХ-д сонгогдсон 45 төлөөлөгчийнх нь 33 нь анх удаа улс төрийн хаалга татаж буй шинэ залуучуудыг дэвшүүлж, ялалт байгуулсан явдал. Шинэ залуусаар бүрдүүлснээр МАН-д урьд хийгдэж байгаагүй дунд шатны шинэчлэлийг хийчихсэн гэсэн үг юм. Шинэ хүмүүсээ Д.Сумъяабазар өөрөө “нийслэлийг гэх сэтгэлтэй, дээд зэргийн боловсролтой, юм үзэж нүд тайлсан, улстөрийн тамын тогоонд шарагдчихаагүй” гэж дүгнэж байгаа. Нам дотроос нь НИТХ-д өөрийн хүнээ дэвшүүлж чадаагүй нөхөдтөйгөө тэр “дайн” зарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “балбуулж” байгаадаа тэр айхгүй байгаа.
ШИНЭ ХОТЫН ДАРГАД БОЛОМЖ, ХАРИУЦЛАГЫГ НЬ ҮҮРҮҮЛ
Ямартай ч Д.Сумъяабазар 1991 оноос хойш МАН дахь хотын фракцын эсрэг, өнөөдрийн бий болгосон Улаанбаатарыг бий болгосон газрын мафиас 21 жилийн дараа бүрэн салгалаа хэмээн учир мэдэх хүмүүс алга ташиж байна. Тийм ч учраас түүнийг Улаанбаатараар овоглон Улсын аварга болж байсан шигээ, НИТХ-ыг цэвэрлэсэн шигээ, хотын фракцыг шат шатанд нь “цэвэрлэгээ хийхээр” зэхэж байна. Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа хийсэн Тавантолгойн IPO-г хөдөлгөх улс төрийн зориг гаргасан шигээ МАН-ын шүдний өвчин болоод байгаа хотын фракцын үндэс суурийг тасалж, сайн менежер, зохион байгуулагч гэдгээ дахин нэг харуулахыг нийслэлчүүд хүсч байна. Энэ бол асуудлын нэг тал. Ингэж өөрийнхөөрөө ажиллах нөхцөлийг өнөөдрийн МАН-ын дарга У.Хүрэлсүх болон удирдлагууд харин Д.Сумъяабазарт олгох хэрэгтэй.
НИТХ-д 1 удаа, УИХ-д 3 удаа, Засгийн газрын гишүүнээр 1 удаа ажилласан хүнд хот гэх түмэн бэрхшээлийн үүрэнд ирж зовлонг нь үүрэх ямар шалтгаан байв гэх асуултад тэр ирэх жилүүдэд харуулах биз ээ.
Д.Сумъяабазар багаараа ажилладаг, мэргэжлийн хүнд нь л мэдэх асуудлыг нь даатгадаг, оновчтой зохион байгуулдаг зэрэг чадвараа бүрэн гарган ажиллах нөхцөлөөр МАН хангах ёстой. Тэгж байж ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялалт байгуулж, 100 жилийн ойгоо нулимсгүй тэмдэглэнэ, цаашлаад ирэх 2024 онд жинхэнэ утгаараа дүнгээ тавиулна.
Түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх чуулганы хуралдаан дээр Ж.Сүхбаатар гишүүн “Улстөрчийн тавилан улс төрийн бодлого, зорилт, сонгуулийн үр дүнгээс үүдсэн улс төрийн нөхцөл байдал, хувь хүний үүрсэн үүрэг хариуцлагаас хамаарч тодорхойлогддог. Энэ удаагийн шийдэл хувь хүний гэхээсээ эрх баригч улс төрийн намын хамт олны бодлого шийдвэр, нийслэлийн сонгогчдын МАН-д өгсөн итгэлтэй яах аргагүй уягдсан. Тойргийн төлөөлөгчөөс 1.5 сая оршин суугчдад шууд үйлчлэн гүйцэтгэх ажлыг зохион байгуулах, удирдах нүсэр хүнд ачаа үүрсэн ажилд шилжин ажиллахаар боллоо. Зангараг, туршлага, тооцоо Сумъяабазарт бий” гэж үүссэн нөхцөл байдлыг дүгнэсэн.
Намын нөхрийнх нь дүгнэснээр улстөрчийн тавилангаараа хотын дарга болсон түүнд ирэх 4 жилд тавиланг нь үүрүүлээд эцсийг нь үзэх хэрэгтэй байна, нийслэлчүүдээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ